Хүнсний ногооны үнийн өсөлт иргэдийг бухимдуулж байна

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01

-Өчигдрийн байдлаар зах, худалдааны төвүүдэд төмс 2500, манжин 7000 төгрөгийн үнэтэй байна-

“Шинэ ургацын монгол байцааг 2500 төгрөгөөр аваарай. Хүнсний ногоо арай хэтэрхий үнэд орж байна. Монгол төмс олдохоо байх нь ээ, олдсон ч 2000 мянган төгрөг, голланд төмс л 1500 төгрөг гээд бод. Эгч нь хүнсний ногоог бөөний төвүүдээс аваад нэг кг тутамд 100-200 төгрөг нэмж зараад бор хоногийг өнгөрүүлдэг. Ингээд ногоо үнэд орчихоор худалдан авагчид гайхаад авахгүй байна. Борлуулалт муудлаа” хэмээн “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна ногоо зарж суух нас тогтсон эмэгтэй бухимдангуй хэллээ. Монгол Улс төмсний хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангах хэмжээний ургац хураадаг. Тиймдээ ч төмсний үнэ өдийд хэлбэлзлээ хэлбэлзлээ гэхэд 1200-1500 төгрөгөөс дээш гарч байсан тохиолдол ховор. Хүнсний ногооны хамгийн хямд борлуулалттай гэгдэх “Барс” худалдааны төвд ч ногооны үнэ ханш өндөр хэвээр байлаа. Худалдагч Б.Даариймаагийн хэлснээр сонгуулийн өмнө нэг кг төмс 900 төгрөгийн үнэтэй байжээ. Тэрбээр “Хамгийн хэлбэлзэл ихтэй нь төмсний үнэ. Өдөр өдрөөр өсөж байна. Сүүлийн нэг өдрийн дотор 100 төгрөгөөр үнэ нэмэгдсэн. Яагаад нэмэгдэж байгаа шалтгааныг мэдэхгүй. Наадам өнгөрөөд шинэ ургацын ногоо гарч эхлэх учраас хуучин ногоо үнэд ордог талтай. Нэг кг төмс 2000 төгрөг, лууван 2000 төгрөг, манжин 6000 төгрөг, байцаа 2500 төгрөг, сонгино 1500 төгрөг, сармис 2500 төгрөг, өргөст хэмх, улаан лооль 5000 төгрөг, чинжүү 4500 төгрөгөөр зарагдаж байна. Монгол ногооноос хятад ногоо бараг 500-800 төгрөгийн татуу үнэтэй байгаа” гэж тайлбарлав.

Худалдагчтай ярилцах зуурт хэд хэдэн хүн ногооны үнэ сураад толгой сэгсрээд буцлаа. Өөр нэг лангуунаас ногоо авахаар зэхэж буй Х.Баясгалангаас ногооны үнэ ямар байгааг асуухад “Ногоо их үнэд оржээ. Ер нь зах, худалдааны төвөөс илүү байрныхаа ойролцоох задгай цэгүүдээс ногоо авбал арай хямд санагдсан. Би “Нарантуул” захаас шуудай төмс 34 мянган төгрөгөөр хэдхэн хоногийн өмнө авсан. Гэтэл байрны гадна ногоо зардаг цэгт 32 мянган төгрөгөөр зарж байна. Яах вэ 2000 төгрөгийн зөрүү л дээ. Гэхдээ тэр зөрүү чинь нэг өдрийн унааны мөнгө шүү дээ. Мах, гурил, будааны үнэ гайгүй байна” хэмээлээ. “Барс” худалдааны төвийн ногооны лангуу, бөөний худалдааны цэгүүдийн үнэ хоорондоо ойролцоо юм. Зооринд удаан хадгалж байгаад гаргасан ногоо хаягдал ихтэй. Шинэхэн ногоонууд хаягдалгүй учраас илүү үнэтэй. Хүнсний ногооны үнэ наадмын дараа бууна, буухгүй. Өнөөдрийн энэ үнэ маргааш хэд ч болж мэднэ гэх мэтээр худалдагчид янз бүрийн хариулт өгч байна. “Барс” худалдааны төвөөс гараад эргээд “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Ажиглаад байхад тор тороор дүүргэж хүнсний ногоо цуглуулдаг айл өрхийн тоо багассан бололтой. Худалдаж авахаас илүү үнийг нь сонсоод буцах иргэд олон харагдлаа. “Хүнсний ногооны үнэ саяхнаас нэмэгдсэн. Тариаланчид, бөөний цэгүүдээс аваад жижиглэнгийн үнээр борлуулдаг учраас бид үнэ нэмээгүй” гэж учирлан хэлсэн худалдагчаас “Бөмбөгөр” худалдааны төвийн хүнсний ногооны дундаж үнийг тодрууллаа. Тэрбээр “Манжин л хамгийн үнэтэй байна даа. Жижиглэнгийн үнэ нэг кг нь 7000 төгрөг. Ховд, Жаргалантын төмс 2000 төгрөгөөс буухгүй. Голланд сортын төмс 1600 төгрөгт өгнө. Хятад лууван 1800, монгол лууван 2000-2500, хятад байцаа 1500, монгол байцаа 3500, хятад сонгино 1500, орос сонгино 3000 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Нарийн ногооны хувьд чинжүү болон өргөст хэмх 5000 төгрөг, монгол улаан лооль 13 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Хүнсний ногооны үнэ нэмэгдсэн ч худалдан авагч буураагүй. Гэхдээ иргэд бага хэмжээгээр ногоо авч байна” гэдгийг хэллээ. 

“Бөмбөгөр” худалдааны төвөөс хүнсний ногоогоо цуглуулж буй Т.Наранчимэг дөрвөн кг төмс, хоёр кг лууван, нэг кг байцаа, сармис, сонгино, чинжүү, өргөст хэмх зэрэг хүнсний ногоог 40 мянган төгрөгөөр худалдаж авлаа. Тэрбээр 14 хоногийн өмнө л гэхэд энэ хэмжээний ногоог 30 гаруй мянган төгрөгөөр худалдаж авдаг байжээ. Энэ бол гурван ам бүлтэй өрхийн хагас сарын л хэрэглээ гэнэ. Мах, гурил, будааны үнэ огцом өсөөгүй ч монголчуудын хүнсэндээ хамгийн өргөнөөр хэрэглэдэг гол нэрийн бүтээгдэхүүн төмсний үнэ өнгөрсөн жилийн зургаадугаар сартай харьцуулахад хоёр дахин өсөөд байна. Үнийг хянаж, зохицуулах үүрэгтэй байгууллагуудын зүгээс хүнсний ногооны өсөлт бол шинэ ургац гарахын өмнөх түр зуурын өсөлт. Энэ жил төмс, хүнсний ногоо тариалах талбайн хэмжээг өнгөрсөн оныхоос 20 орчим хувиар өсгөсөн. Агуулах, зоорийн хүчин чадлыг ч нэмэгдүүлсэн. Тиймээс үнэ хөөрөгдөхгүй” гэсэн хариултыг хэлж байна.

 

Хүнсний ногооны үнэ ханшийн мэдээлэл /2020.06.30 өдрийн байдлаар/
Хүнсний ногооны төрөл "Бөмбөгөр" ХТ "Барс" ХТ
Төмс 2000₮ 2000-2500₮
Лууван 2000-2500₮ 2000₮
Манжин 6000-7000₮ 6000₮
Байцаа 1500-3500₮ 2500₮
Сонгино 1500-3000₮ 1500₮
Сармис 2000-2500₮ 2500₮

М.ТУЯА

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
111(203.91.112.133) 2020 оны 07 сарын 01

юун сүртэй юм бэ. Түрхэн зуур ш дээ, Юу ч хийдэггүй хүмүүс л үнэгүй юм авах гэдэг. Ногоочид маань ямар их зовж байж ногоо тарьдаг билээ дээ

0  |  0
ЗОЧИН(150.129.141.188) 2020 оны 07 сарын 01

ДЭЛГҮҮРҮҮДЭД БҮР АЙМААР

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 07 сарын 01

Huvhai hooson yuuch baihgui

0  |  0
Top