Д.Амарбаясгалан МАН-ын "гал тогоо"-г үргэлжлүүлэн барина

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01

МАН-ын VII Бага хурал хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад намын дарга У.Хүрэлсүхийг дахин нэр дэвшүүлэх шийдвэр гаргалаа. 



Өнгөрсөн хугацаанд намын гал тогоог хариуцаж байсан Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Бага хурлын талаар мэдээлэл хийх үеэрээ "МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлага бий. Улс төрийн нам ард түмнийхээ дунд өндөр нэр хүнтэй, зарчимтай, шударга ажилладаг болохын төлөө бид эхлүүлсэн ажлаа дуусгана. Тийм учраас би намын ерөнхий нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлж ажиллана" гэж байр сууриа илэрхийллээ. 

-Ерөнхий сайд танхимаа хэрхэн бүрдүүлэх вэ. Өмнөх Засгийн газарт ажиллаж байсан зарим сайдыг авч үлдэнэ гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Үндсэн хуульд нийцүүлэн тодорхой хэмжээний бүтцийн өөрчлөлт хийнэ. Үндсэн хуулиар эдийн засгийн нөхцөл байдлыг чухалчилж үзэх асуудал бий болсон. МАН сонгуульд оролцохдоо Соёлын яам байгуулна гэж онцгойлон тусгасан. Энэ бодлогын хүрээнд Засгийн газраа байгуулна.

-Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам шинээр байгуулагдах уу?

-Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам гэж байх уу, зарим асуудал эрхэлсэн сайдын хүрээнд байлгах уу гэдгийг ярьж байна. Зарим эдийн засагчид тусдаа яам байх ёстой гэж үздэг ч Сангийн яамнаас салгасан тохиолдолд ажил нь хурдтай явах, ойлголцлын төвшин ямар байх талаар судалж, хэлэлцэж байна. Удирдах зөвлөлийн хурал дээр ярина. 

-ЖДҮ-ийн зээлийн асуудалд холбогдсон олон гишүүн байгаа. Тэднийг Засгийн газарт ажиллуулах уу?

-ЖДҮ-ийн асуудалд холбогдсон олон гишүүдэд УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олгоогүй. Гишүүд өөрсдөө ч ухамсраараа нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлж байсныг энд онцлох нь зүйтэй. Нөгөө талаар хууль, шүүхийн байгууллагаар гэм буруутайг нь тогтоогоогүй хүмүүс бий. ЖДҮ-ийн асуудалд холбогдлоо гээд насан туршдаа хойш сууна гэж байхгүй шүү дээ. Хариуцлага хүлээлгэж, тодорхой төвшинд намын томилолт авч ажиллахыг үгүйсгэхгүй. ЖДҮ-д холбогдсон гишүүд сайд болно, болохгүй гэж хэлэхэд эрт байна. 

-Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнэбатыг суллах асуудал яригдсан уу?

-СЕХ, Ерөнхийлөгчийн зүгээс манай намаас сонгогдсон 62 гишүүнийг өргөн мэдүүлсэн. Ер нь шүүх засаглал шударга байх тухай асуудалд эрх барьж байгаа намын хувьд онцгойлон ажиллана.

-Та Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах уу?

-Би Намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран ажиллах бодолтой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top