УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан найм дахь удаагийн парламент өчигдөр /2020.06.30/ анхдугаар хуралдаанаа хийж, ялалт байгуулсан 76 нэр дэвшигч УИХ-ын гишүүний тангарагаа өргөсөн билээ. Ингэснээр найм дахь удаагийн парламент албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Харин энэ удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авсан МАН тухайн өдөр УИХ-ын дарга, дэд дарга болон бүлгийн даргаа томилсон.
Харин өнөөдөр /2020.07.01/ МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдсан. Хурлаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн У.Хүрэлсүхийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа. Ерөнхий сайдын нэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар нар өргөн барив.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналыг хүлээн авч, УИХ-д оруулахаа мэдэгдэв.
Мөн МАН өнгөрсөн 4 жил, ирэх 4 жил гээд нийт 8 жил засаглаж, У.Хүрэлсүх дахин Ерөнхий сайдын алба хаших гэж буй тул аймаг, орон нутагтай танилцах гэх мэт танин мэдэхүйн чанартай зүйл хөөцөлдөхгүйгээр, мэргэжлийн туршлагатай, чадварлаг Засгийн газар бүрдүүлж, эдийн засгийг сэргээх ажлаа шуурхай эхлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.
Түүнчлэн хөдөө аж ахуй, эрдэс баялгийн салбар дахь экспортод чиглэсэн боловсруулах үйлдвэр, нэмүү өртөг шингээх зэрэг улс орны хөгжил, бүтээн байгуулалтад чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлэхэд нь Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналыг хүлээн авсанд талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлснээр танин мэдэхүйн шинжтэй асуудал ярилгүй, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлд тогтвортой шуурхай ажиллах бодлого баримтлана гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Хурдан их хурал руу оруулж үзээрэй
Zuv