БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд өнөөдөр Монгол Хятадын бизнесийн чуулга уулзалтад оролцсоныхоо дараа дагалдан яваа хүмүүсийн хамт Бээжин хотын Фань Шань дүүргийн Яньшань нефть боловсруулах үйлдвэртэй танилцлаа. “Яньшань” нефть химийн компани 1970 онд байгуулагдсан. 88 иж бүрэн,71 туслах үйлдвэртэй уг үйлдвэр жилд 10 сая түүхий нефть боловсруулж, 800 мянган тонн этилен үйлдвэрлэх боломжтой, цэвэр шатахуун, дизель түлш керосин гээд нийт 120 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Монголчууд нефть боловсруулах үйлдвэр байгуулах талаар ид яригдаж байгаа энэ үед тус үйлдвэртэй танилцах нь сонирхол татах үйл явдал боллоо.
Мөн Ерөнхий сайдыг Хятадын коммунист намын Гадаад харилцааны газрын дарга Ван Зяруйтай уулзсаны дараа, хүндэт харуул жагсч хоёр орны Төрийн дуулал эгшиглэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао албаны хүмүүсийн хамт Ерөнхий сайд С.Батболдыг албан ёсоор угтах ёслол боллоо. Дараа нь Монгол улсын ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао нар албан ёсны хэлэлцээр хийн хоёр улсын харилцааг шинэ төвшинд гаргаж стратегийн түншлэлийн харилцаанд шилжиж буйгаа зарлан эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн зэрэг хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зуран баталгаажууллаа.
Мөн энэ айлчлалын үеэр БНХАУ-аас манай улсад 60 сая долларын буцалтгүй тусламж, 500 сая юанийн хөнгөлттэй зээл олгохоор боллоо.
Маргааш өглөө ерөнхий сайд Ардын их хурлын ордонд БНХАУ-ийн дэд дарга Си Жиньпинтэй уулзах юм байна.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )