“Зоос” банкийг Төрийн банк болгосон нь анхнаасаа хууль бус үйлдэл байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

Эрх баригчдын хууль бус үйлдлүүдийн талаархи  маргаан сүүлийн үед ихэвчлэн Үндсэн хуулийн цэцэд очдог болов. “Зоос” банкны хэрэг Үндсэн хуулийн цэцийн хаалгаар  яваад орчихлоо. Энэ хэрэг шийдэгдэлгүй бүтэн хоёр жил гаруй болж байна. Тус банкыг дампуурлын ирмэгт тулаад ирмэгц төрийн банк болгосон гэдэг. Үүнийг тухайн үеийн Засгийн газар шийдсэн  юм. Тэгвэл Зоос”-ын хувьцаа, хадгаламж эзэмшигчид Засгийн газрыг буруутгаж эхэллээ. Тус банкны тэдгээр хохирогчид хохирлоо барагдуулахын тулд хохирогчдын түр хороо байгуулан төр засгийн томчуудад бичиг цаас чулуудан гомдлоо илэрхийлсээр байгаа юм. Анх 2009 оны 11 сарын 19-нд Засгийн газраас банк байгуулах тогтоол гаргасан байна.  Төрийн банкных нь үүсгэн байгуулагчаар Сангийн яамыг  томилжээ. Уг  нь хуулиараа бол эдгээр асуудлыг  УИХ шийдэх ёстой байв. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд “Нийгэмчлэх шийдвэрийг гагцхүү УИХ гаргах эрхтэй” гээд заачихсан байдаг байна. Гэтэл Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд Төрийн банк байгуулах асуудлаа шийдсэн нь хууль бус болж байгаа аж. Банкны тухай хуульд  ч бас “Төсвөөс санхүүждэг хуулийн этгээдээс бусад  хуулийн этгээд, иргэн банк байгуулж болно” гэжээ. Үүнээс үзэхэд Сангийн яам нь банк байгуулах эрхгүй хуулийн этгээд юм байна. Энэ мэт хуулийг гууль болгосон үйлдлээ Засгийн газар саяхан болтол хүмүүсээс нууж ирсэн нь тун сонин ажээ.  

Х.Тулга

Үндэсний чөлөөт мэдээллийн  портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top