Үхтлээ хайрлаж байсан нэгэн цаг хугацааны эрхээр мартагдаж, үнэнч шүү гэсэн үг нь салхинд хийсэхийн цагт нар руу хараад уужим амьсгаа авч инээмсэглэх тэр мөч ирдэг. Үхэхгүй юм шиг дарвиж, үнэн ч зүрхэн дээгүүр туучиж байсан өдрүүд үсэн буурал болохын цагт өөдөөс чинь тавлах мэт хөхрөх хором бас ирнэ. Өврөө нэг ухаж, өрцөө нэг уудлаж өгөөд л, өгөөд л байхад аваад л, аваад л байдаг ханашгүй сэтгэлтэн өөрийг чинь нүцгэртэл хоосолж орхиод өөдөөс чинь нулимж мэдэх ийм л хорвоо. Таныг үнэлэхгүй, хайрлахгүй газар удаан байх хэрэггүй. Та тийм л хүнд хамаг л үнэ цэнтэй бүхнээ өргөж, хамгийн нандин бүхнээ дэвссээр эцэст нь хэн ч биш болж хоцорно.
Таны зорилго, итгэл, найдвар, гал, сүр, гоо үзэсгэлэн, инээмсэглэл ч үлдэхгүй. Тэр бүхнийг чинь юу ч үгүй сорон авчихаад ажиг ч үгүй ахиад л сэтгэл нэхнэ. Таныг юу хүсэж байгааг, юу мэдэрч байгааг хэзээ ч тэр сонирхохгүй. Зөвхөн “би” гэдэг үзлээр, “үгүй” гэдэг үгүйсгэлээр орчлонг харах нь таныг бага багаар залгиж магадгүй танд амьдрал улам л утгагүй санагддаг болно. Гэтэл та хэчнээн амьдралд хайртай билээ дээ. Тиймээс өөртөө хайртай бай. Өөртөө цаг гарга, өөрийгөө эрхлүүл. Та тийм эрхтэй хүн шүү.
Сэтгэгдэл ( 0 )