Компаниудын өр Засгийн газарт хамаагүй гэдэг нь  “хэт өрөөсгөл” ойлголт

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

Монгол Улс 2021 оноос эхлэн төлж барагдуулах ёстой том өрнүүд бий. Олон эрсдэл хавсарсан хүнд нөхцөлд хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг чухал байгаа. Тэгвэл эдийн засагч Д.Ган-Очир  дараах байр суурийг илэрхийлж байна.

“Монгол Улсын гадаад өрийн үндсэн болон хүүний төлбөр нэг л эх үүсвэрээс буюу гадаад валютын албан нөөц (ГВАН)-өөс төлөгддөг. Иймд Засгийн газрын гадаад өр л засгийн газарт хамаатай, бусад аж ахуйн өр хамаагүй гэдэг бол “хэт өрөөсгөл” ойлголт.

Гадаад өрийн төлбөр бүр ГВАН-ийг дундруулж, төгрөгийн ханшийн сулрах дарамтыг нэмэгдүүлнэ. Монгол Улсын нийт гадаад өр 30.5 тэрбум ам.доллар (ДНБ-ий 220 хувь) байгаагийн 16 тэрбум ам.доллар (ДНБ-ий 115 хувь) нь Монголчуудад шууд хамааралтай. Бусад нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниудын гадаадаас авсан өр байна.

Ирэх дөрвөн жилд нийт 11 тэрбум ам.долларын гадаад өрийн эргэн төлөлт хүлээгдэж байна. Үүнээс Засгийн газарт 4.4 тэрбум ам.доллар (үүний 2.9 тэрбумын бондын төлбөр, бусад нь бусад зээл болон хүүний төлбөр)-ын үндсэн болон хүүний төлбөр хамаарна.

Иймд Засгийн газар өөрийн өрөөс гадна бусад дотоодын аж ахуйн нэгжийн гадаад өрийг дахин амжилттай, хямд хүүтэй дахин санхүүжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах учиртай. Үүнд засаглалыг бэхжүүлэх, макро эдийн засгийн эрүүл бодлого хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг тууштай даллан дуудах, том төслүүдийг зоригтой хэрэгжүүлэх, гадаад худалдааг, тэр дундаа экспортыг хөнгөвчлөх, доноруудтай хамтын ажиллагааг бэхжүүлж, өргөжүүлэх, бүтцийн бодлого, реформыг салбар бүрт зөв эрэмбэтэй хийх зэрэг өргөн хүрээнд засгийн газраас хамаарах ажил олон. Энэ бүгд Монгол Улсын зээлжих зэрэглэл, ирээдүйн төлөвт итгэх донорууд, хөрөнгө оруулагчдын итгэлд нөлөөлөх замаар гадаад өрийн хугацааг амжилттай сунгах, хүүг бага байлгахад нөлөөлнө.

Дахин хэлэхэд гадаадын хөрөнгө оруулагчийн шийдвэр, Монголын ГВАН, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид Монгол Улсын нийт гадаад өр, түүний эргэн төлөлт, түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа нь нөлөөлнө. Иймд, Засгийн газар энэ том зургаар асуудалд хандах учиртай. Засгийн газар өр төлбөрөө амжилттай шийдвэрлэх нь эн тэргүүний шаардлага боловч, Монголын компаниуд дефолт зарлаж, ГВАН шавхагдаж, төгрөгийн ханш навс унаж, ажил эрхлэлт буурч, иргэдийн амьжиргаа муудвал Засгийн газар өөрийн өрөө амжилттай төлсөн, бусад нь хамаагүй сайн гэхгүй лав биз ээ” гэв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top