Энэ жилийн үндэсний их баяр наадам сүр дуулиантай болно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90 жилийн гээд олон түүхт ой энэ онд давхцаж байгаа. Тийм ч учраас энэ жилийн Улсын баяр наадмын нээлтийн ёслолд ихэд анхаарлаа хандуулж 4000, уран бүтээлч оролцсон сүр дуулиантай ёслол болгохоор төлөвлөжээ. Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар, ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагн Б.Ганболд нарын олны танил нэр хүндтэй хүмүүс энэ жилийн баяр наадмын нээлтийн ёслолын арга хэмжээг найруулахаар томилогдсон байна. Тус нээлтийн ёслолын тоглолт нь дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд уг арга хэмжээнд 4000 гаруй хүн оролцохоор бэлтгэл ажлаа базааж байгаа юм. Монголын Ардын арми, Зэвсэгт хүчний цэрэг офицеруудаас бүрдсэн 1000 гаруй морьтон цэрэг, Завханы Отгонтэнгэрийн тахилгад оролцсон 999 морин хуурч хүүхдүүд, 500 гаруй бүжигчин, 1500 гаруй хөгжимчин, дуучин уран бүтээлчид нээлтийн ёслолын үйл ажиллагаанд оролцох нь тодорхой болжээ. Өнгөрсөн онд Канад улсад болсон Ванкуверийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд 4000 хүн оролцож ихэд сүр дуулиан болж байсан бол энэ жилийн Монгол Улсын Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд энэ арга хэмжээтэй дүйж байгаа гэдгээрээ үнэхээр сонин, содон болох нь тодорхой байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top