Авлигад өртсөн гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх цаг нэгэнт болжээ, алийн болгон доромжлуулахав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчааг улс төрийн зорилгоор шоронд хийчихлээ хэмээн халаглаад байсан хүмүүсийн далд санаа одоо л ил болж байх шиг байна. Ийм яриаг ихэвчлэн Ардын намынхан дэврээж, түүний албан тушаалын бүрэн эрхийг УИХ-аас түдгэлзүүлэхийн эсрэг зогсож байлаа шүү дээ. Тэгвэл тус намын гурван гишүүн одоо авлигын хэргээр мааниа уншуулах боллоо. УИХ-ын гишүүн Д.Дондогийн авлигын сүлжээг сэтгүүлчид анх олж тогтоосон гэж хэлж болно. Мөн түүнтэй мөр зэрэгцэж буй хүн бол Ш.Сайхансамбуу гишүүн. Харин УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хэргийг хэдэн жилийн өмнөөс шалгаж байгаад хав дарчихсаныг  саяхнаас сэргээсэн байна. Ингээд одоогоор Ардын намын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ дээр ярих нь тодорхой болж байна. Аягүй бол Ч.Сангарагчааг хамгаалсан шигээ МАН-ыхан үхэн хатан хаацайлах байх. Ш.Сайхансамбуугийн хувьд “УИХ-ын танхимд надаас авлига авсан хүн зэрэгцээд сууж байна” гэсэн боловч тэднийхээ нэрийг хэлэхгүй байгаа нь ард түмнээ хэтэрхий тохуурхаж буй ёс зүйгүй явдал юм. Төрийн жолоог түшилцэх үүрэгтэй улс төрчийн наад захын хэм хэмжээ түүнд алга байна. Тиймээс Авлигатай тэмцэх газрынхан шалгаж шийдвэрлэх ёстой. О.Чулуунбат ч мөн ялгааүй. Их мэддэг царай гаргасан муур багшийн үлгэрийн “баатар” гэдгийг нь жирийн иргэд маань сайн мэддэг болжээ.  

Сэтгүүлч Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top