Б.Отгонжаргал: Өндөр ачаалалтай үед тасралтгүй хоёр цаг дуудлага авахад чих өвддөг

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 17

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 99 ЖИЛИЙН ОЙД

Цагдаа, онцгой байдал, эмнэлгийн яаралтай тусламжийн албадуудыг хамтын ажиллагаатай байгууллага гэдгийг иргэд мэднэ. Цагдаагийн ерөнхий газрын жижүүрийн албаны хэлтэс байхаас эхлэн Мэдээлэл шуурхай удирдлагын төв болтол нь тасралтгүй ажилласан дуудлага хүлээн авагч,  Цагдаагийн ахмад, дөрвөн хүүхдийн ээж Б.Отгонжаргалтай  ярилцлаа.


-Анхны томилолтоо хэрхэн авч ажлаа эхлүүлж байв. Энэ тухайгаа эргэн дурсана уу?

-Би хуучны хүн дээ. 2002 онд Цагдаагийн ерөнхий газрын шуурхай албанд дуудлага хүлээн авагч, дадлагажигч энгийн ажилтнаар томилогдож байсан. Одоо 18 жил болсон байна. Тэр үед өвөл арваннэгдүгээр сар байсан юм. Өрөө тасалгаа хүйтэн, тухгүй, давчуу байсан ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж доголдолгүй ажиллаж байсан даа. Ерөөсөө хоёр мэдээлэл хүлээн авагч, ерөнхий зохицуулагч, мөрдөн байцаагч, дуудлагын цагдаатайгаа ажиллаж байлаа. Утсаар хүлээж авна. Цахим хэрэглээ гэж огт байгаагүй. Бүх  ажлаа гараараа бичнэ. Уйгагүй бичдэг, ярьдаг, дамжуулдаг байсан. Дараа нь нийслэлийн Цагдаагийн газрын  Шуурхай албаны удирдлагын  төвд дуудлага хүлээн авагчаар ажилласан. Тэгээд 2010 онд манай төв байгуулагдаад одоо хүртэл ажиллаж байна. Эргэн дурсахад 18 жил өнгөрсөн байна. Тийм болохоор би өөрийгөө хуучны хүн гэж хэлж байгаа юм.

-Дуудлага хүлээн авагч гэхээр иргэд утсаар ярьж л суудаг хүн үү гэж асуухтай би таарч байсан. Иргэддээ өөрийн ажлын онцлогоос товч хэлж өгнө үү?

-Миний ажил бол дуудлага хүлээн авч бусдын зовлон бэрхшээл, тохиолдсон үйл явдлыг тэвчээртэй сонсоод холбогдох газар руу нь яаралтай  дамжуулж ажилладаг. Бидэн рүү шагнал авсан нэг ч хүн ярихгүй шүү дээ. Дандаа л яарч сандарсан, уйлсан, зовсон, бачимдсан цухалдсан  хүмүүс ярьдаг. Дуудлагыг нь аваад л тэр хүнийг юуны түрүүнд “Та тайван яриарай. Би таныг сонсож байна. Хаяг байршил, хаана яваа, яг юу болсон” гээд холбогдох Цагдаагийн газар хэлтэстэй холбож яаралтай арга хэмжээ авдаг. Миний энэ ажил бол бусдыг аврах буянтай ажил гэж би хэлэх дуртай. Миний, бидний шуурхай ажиллагаа иргэнийг аврах эхний алхам. Асуудлыг нь шийдвэрлэх анхны алхам юм даа.

-Дуудлага бүхэн өөр тэгэхээр энэ зан харьцааны асуудал их чухал  болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Зарим иргэд маань загнана, уурлана, бухимдлаа бидэнд гаргана. Нэг дуудлагыг бид 30 секундын дотор аваад дараагийн дуудлагаа яаралтай авах шаардлагатай байдаг. Эхний дуудлагаа хугацаандаа аваад дараагийн дуудлагаа авахгүй бол эрсдэлтэй. Та дуудлагаа өгөх гээд байхад би өмнөх хүнтэй яриад л ийм үү, тийм үү гээд байж болохгүй шүү дээ. Гол мэдээллээ аваад холбогдох газар хэлтэстэй нь холбоод өгчихдөг. Энэ  шуурхай байдлыг иргэд ааш муутай, муухай харьцдаг гэж шүүмжлэх нь ч бий. Бид ажлын дотоод дүрэм журмаараа иргэнээс асуух ёстой үндсэн асуултууд гэж байдаг. Тэр асуултуудаа асуугаад тодорхой  болгоно. Хамгийн хүнд дуудлага бол хаяг байршил тодорхойгүй дуудлага байдаг. Тэгээд иргэнээс ойр орчинд чинь ямар ямар байр байшин, хашаа, хаяг байна гээд байршил тогтоох гэж асууна. Уулзах цэг гэж байдаг. Тэр талаар асууна. Хэлж зөвлөнө. Жишээ нь, хулгайн дуудлага байлаа гэхэд ямар нэгэн эд зүйлст хүрч болохгүй, яарч сандрах хэрэггүй гэдэг ч юм уу цагдаагийн алба хаагч очихоос өмнөх сэрэмжлүүлэг, мэдээллүүдийг хэлж иргэнийг тайвшруулах их чухал. Дээрмийн дуудлага байлаа гэхэд машины дугаарыг нь харсан уу, Замын цагдаад яаралтай хэлэх гээд бас иргэнд сэрэмжлүүлэг мэдээллийг шуурхай хүргэдэг. Энэ мэтчилэн дурьдаад байвал их зүйл байдаг. Хүнд хүнд дуудлагууд олон байдаг ч ажлын туршлагаараа даван туулж, өөрийн мэдэх чадах зүйлээ шинэ дуудлага хүлээн авагч нартаа хэлж өгнө. Ингээд ажил, амьдрал үргэлжилнэ.

-Энэ дуудлагуудаас сэтгэл тухгүй болон бусад бухимдлыг даван туулахад танай байгууллагаас алба хаагч нар руу чиглэсэн ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?

Манай байгууллага сэтгэл зүйчтэй, амралтын өрөө, номын сан, камержуулалт, цэцэгжүүлэлт, бялдаржуулах өрөө гээд алба хаагчдынхаа ажлын стрессийг бууруулах чиглэлээр олон ажлыг хийж байна. Сүүлийн 10 жилд төв  Мэдээлэл шуурхай удирдлагын болон өргөжснөөс хойш техникийн дэвшил, ажлын орчин нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр орчин үетэйгээ хөл нийлүүлсэн олон ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа нь бас биднийг ажиллах урам зоригоор тэтгэж байдаг. Өглөө ажилдаа орж ирэхэд л эмх цэгц, инээмсэглэл эвсэг хамт олноос гадна тохь тухгүй жижигхэн өрөөнөөс эхэлж  байсан ажил маань цэлгэр том  өрөө тасалгаатай, техникийн хурд хүчтэй сайхан болсон доо.  Цаашдаа ч сайхан ирээдүй байна гэж хардаг.

-Таны гэр бүлийн хүн цаг­даа­гийн алба хаагч юм байна. Гэр бүлээ танилцуулна уу?

-Миний нөхөр Тээврийн цагдаагийн албанд  олон жил ажилласан. Одоо Цагдаагийн ерөнхий газарт ахлах мэргэжилтэн, дэд хурандаа цолтой ажилладаг. Бид дөрвөн хүүхэдтэй. Хоёулаа цагдаагийн алба хаагч болж завгүй их ажлын хажуугаар ээж аавууд маань их туслана. Одоо том хоёр маань бага хоёрыгоо харна. Төрийн ажлаа хийхийн зэрэгцээ дөрвөн сайхан үрийн ээж болсондоо бахархдаг. Би ээлжийн ажилтай болохоор амарч байгаа үедээ аль болох гэр бүлийнхэндээ цаг гаргаж, үр хүүхдээ өсгөхийн төлөө л байдаг. Хаана ч гэсэн ээж хүн ийм л байдаг. Энэ ярилцлагаар дамжуулан миний ажлыг ойлгож дэмждэг, үр хүүхдийг маань өсгөхөд тусладаг дэмждэг гэр бүлийнхэн болон өдий хүртэл туслаж дэмжиж хамтарч ажиллаж ирсэн ажлын хамт олондоо баярлалаа. Хүн бүхэнд эрүүл энхийг хүсэж байна.

-Ажлын байрнаасаа холдож болохгүй, буруу зөрүү мэдээлж болохгүй бас л хариуцлагтай ажил байж таарна. Оргил ачааллын үе гэж байна биз дээ?

-Хамгийн өндөр ачаалалтай үедээ тасралтгүй хоёр цаг дуудлага авахад чих өвддөг. Гэхдээ  өөрийн үүрэг гүйцэтгэх ёстой жижүүртэй үедээ энэ бүхнээс халгаж үгүй гэж хэлэх эрхгүй. Учир нь яарч, тэвдэж, зовж шаналсан хэн нэгэнд тохиолдсон зовлон бэрхшээлийг шийдэхэд хувь нэмрээ оруулдаг миний ажил миний бахархал.

Б.Төгсжаргал

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.87) 2020 оны 07 сарын 20

Amjilt hvsie bvsgvi min

0  |  0
ыыы(202.9.46.156) 2020 оны 07 сарын 19

тийм их ачаалалтай, уур уцаартай бдаг юм бол хүнийхээ тоог нэмээч ээ

0  |  1
Zochin(91.235.143.252) 2020 оны 07 сарын 19

Дөнгөж 2 цаг ажиллаад чих нь өвддөг бол ажилдаа тэнцэхгүй талдаа оржээ.Дээр үед үүнээс чанга харгиа дуутай чихэвчээр Холбооны олон залгагч 24 цагаар сууж ажимлладаг байв.

0  |  2
china(103.212.118.53) 2020 оны 07 сарын 19

hai gitlar

0  |  2
Top