Цагдаагийн ахмад Б.Баттүшиг: ХӨСҮТ-д 127 хоног үүрэг гүйцэтгэж байна

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 23

Дэлхий нийтэд тархаад буй КОВИД-19 халдвар цар тахлын энэ хүнд үед хүн амын дунд халдварыг тархаалгүй онцгой нөхцөлд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид төдийгүй Онцгой байдлын алба, цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. Тэдний нэг болох Халдварт өвчин судлалын үндэсний төвд үүрэг гүйцэтгэж байгаа Эрүүгийн цагдаагийн албаны Нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Баттүшигтэй ярилцлаа.


-Та үүрэгт ажлаасаа түр чөлөө хүсээд бидэнтэй хэсэг ярилцаж болох уу?

-Амрыг эрье. Ярилцлага өгөх боломжтой. Гэхдээ байрлаж буй цэгээсээ гарч болохгүй. Учир нь энд надаас өөр цагдаагийн алба хаагч байхгүй тул байршлаа өөрчлөх боломжгүй байна.

-Таныг уг газар нийт 127 хоног үүрэг гүйцэтгэж байгаа гэж сонссон. Та өөрийн ажилладаг алба, ажлынхаа талаар товч танилцуулахгүй юу? 

-Миний бие Эрүүгийн цагдаагийн албаны Нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажилладаг. Одоо цагдаагийн байгууллагад ес дэх жилдээ ажиллаж байна. Дэлхий нийтэд тархаад буй Коронавирус халдвар “КОВИД-19”-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2020 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ХӨСҮТ-д нийт 127 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

-Таныг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд хүндрэлтэй асуудал тулгарч байсан уу?

-Хүндрэлтэй асуудал тулгараагүй. Харин ч бидний ажлыг ойлгож, тусалж дэмжиж байсан иргэд, олон нийтдээ болон хамтран үүрэг гүйцэтгэж буй Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Дээрх байгууллагын алба хаагч ажилтнууд мөн надтай адил олон хоног хамт үүрэг гүйцэтгэж байгаа.

-КОВИД-19 халдвар цар тахлын онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд болон зарим цагдаагийн алба хаагчдад түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны батламжийг гардуулсан. Таныг уг “Орон сууцны батламж”-аар шагнуулсан гэж сонссон. Юуны өмнө батламж гардан авсан танд болон танай гэр бүлд халуун баяр хүргэе. Энэ талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?

-Тиймээ. Миний ажлыг үнэлж Засгийн газрын “Төрийн алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөр”-т хамруулж “Орон сууцны батламж” гардуулж өгсөн албаныхаа удирдлага, хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлж байна. Энэ бол дан ганц миний амжилт биш, өдөр бүр, цаг тутамд утсаар холбогдож заавар зөвлөмж, үүрэг чиглэл өгч, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан албаны удирдлага, хэлтсийн хамт олны маань нөлөө их байсан. Мөн ямагт миний ард түшиг тулгуур болж цагдаагийн амаргүй ажлыг маань ойлгож байдаг аав, ээждээ баярлалаа гэж хэлмээр байна

-Та эрүүгийн цагдаагийн албанд есөн жил ажиллаж байна гэлээ. Та албаныхаа  онцлог, үүсэл хөгжлийн талаар товч танилцуулахгүй юу?

-БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газрын даргын 1932 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 66 дугаар тушаалаар Цагдан сэргийлэх байгууллагыг Дотоодыг хамгаалах газарт шууд харьяалуулж, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор гүйцэтгэх ажил эрхлэх чиг үүрэгтэй байгуулсан. 1934 оны нэгдүгээр сард Цагдан сэргийлэх байгууллагад Гүйцэтгэх ажлын тасаг байгуулсан нь гүйцэтгэх ажлын анхны зохион байгуулалттай бүтэц байсан бөгөөд Эрүүгийн цагдаагийн алба байгуулагдах үндэс суурь нь болсон Тус алба нь хуулиар харьяалуулсан эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэгт сэрдэгдсэн болон оргодол этгээд, шүүхээс даалгасан хүнийг эрэн сурвалжилж олж тогтоох чиглэлээр хэрэг бүртгэх, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулдгаараа бусад цагдаагийн алба, нэгжүүдээс онцлогтой байдаг. Мөн тус албанд харьяалагддаг хэсгийн төлөөлөгч нь хариуцсан сумын нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэйгээр иргэдтэй хамгийн ойр ажилладаг алба хаагчид юм. Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 99 жилийн ой тохиож байна. Цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн амар тайван амьдралын төлөө зүтгэж байгаа нийт алба хаагчид болон тэдний гэр бүл, үе үеийн ахмад алба хаагчид, эрүүгийн цагдаагийн албаныхаа хамт олонд ойн баярын мэндийг дэвшүүлье.

А.ЗОЛЗАЯА

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top