Онцгой байдлын албан хаагчдыг онцгойлон луйвардсан уу

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 29

Одоогоос таван жилийн өмнө онцгой байдлын албан хаагчдад зориулсан 512 айлын орон сууц буюу “Онцгой хотхон"-ыг барих асуудал яригдаж, гэрээ хэлэлцээрээ үзэглэсэн байдаг. Нийт таван блок барилгын нэг блок нь л гэхэд 16 давхар байхаар зураг төсөл хийгдэж, барилгын ажил эхэлсэн боловч одоо хүртэл нэг ч блок нь ашиглалтад ороогүй байна. Анх М.Мөнх-Эрдэнэ захиралтай “Их мандуул” компани барилгын ажлыг хариуцаж авч байсан бол одоо Вэй Шиан Чуан гэх хятад эзэнтэй “Шонхорын хүсэл” компани барилгын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа аж. “Шонхорын хүсэл” компани нь анхнаасаа барилгын ажлын туслан гүйцэтгэгч компаниар ажиллаж байсан бөгөөд “Бээжин хотноо барилга байгууламж барьж угсрах, тусгай зөвшөөрөлтэй барилга угсралтын Монгол дахь охин компани гэж явдаг. Дөнгөж 2015 оноосоо Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яаманд бүртгүүлж үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авсан” хэмээн барилгын мэдээллийн нэгдсэн сайтад бичсэн байна. Ажлын туршлага багатай дээрээс нь хятад эзэнтэй уг компани барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж, барилга дээрээ хятад ажилчдаа ажиллуулна гэх хатуу шаардлагыг ч тавиад байгааг нуух юун. Харин уг барилгын ажлын ерөнхий захиалагчийг Онцгой байдлын ерөнхий газар гүйцэтгэж, одоогийн нэр бүхий албан тушаалтан ч гэрээ хэлэлцээрийн ажилд оролцсон. Гэвч эгэл жирийн онцгой байдлын ажилтан, албан хаагчид, чөлөөндөө гарсан гавьяатнууд болон өөр бусад иргэдийн амьжиргаагаа залгуулж хураасан, хашаа, байшингаа барьцаалж, өр зээл тавьж олсон хэдэн төгрөгийг нь урьдчилгаанд болон 100 хувь бэлнээр авчихаад таван жил байраа хүлээхэд хүргэчихлээ. Энэ хугацаанд гэрээ байгуулалцсан талуудаас хариуцлага ярьж байгаа ганцхан тал нь захиалагчид.

Захиалагч иргэд 30 хувийн урьдчилгаа төлөөд, нэг метр квадрат байрыг нэг сая 50 мянган төгрөгөөр захиалж байсан болохоор уухайн тас зөвшөөрөөд “байдгаа барьчихсан”. Одоо тэдгээр иргэдийн дийлэнх нь аав, ээж, ах дүүгийндээ эсвэл түрээсийн байр байшинд амьдарч байна. Арга ч үгүй биз. Хүний амьдралын хамгийн гол хэрэгцээ орон сууцаа худалдаж авахаар зохих төлбөрөө төлчихөөд хүлээлтийн хугацаа нь хэдийн хэдэн жилээр хэтэрсэн яваа хүмүүс өөр яалтай билээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Онцгой хотхон"-ы ойр хавийн барилгууд ашиглалтад ороод ч зогсохгүй, таван жилийн өмнө нэг хүүхэдтэй байсан айл хоёр хүүхэдтэй болж, ам бүл, ахуй амьдрал ч өөрчлөгдөхөд хангалттай хугацаа. Гэсэн ч “Онцгой хотхон"-ы барилга явуургүй хэвээрээ. Захиалагчдын зүгээс газар газарт хандаж, шамдуулж шаардаж байж цар тахлаас өмнөхөн зөвхөн нэгдүгээр блокыг бүрэн цутгуулж, гадна заслыг ерөнхийд нь гүйцэтгүүлж чаджээ. Захиалагчдын зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүртэл хандаж, өргөдлөө өгч байжээ. Бусдаар бол энэ хотхоны барилгад дорвитой өөрчлөлт үнэхээр алга. Яг ажил нь явж байна уу гээд харахаар явуургүй, явахгүй байна уу гэхээр үе үе хэд хэдэн ажилчин үзэгдэж харагддаг. Захиалагчдыг асуухаар элдэв аргацаасан хариулт хэлчихдэг байна. Сэтгүүлч миний зүгээс асуудалд тодорхой хариулт өгөөч хэмээн Онцгой байдлын ерөнхий газарт хандахад ажлыг хариуцсан хошууч Т.Галбадрах гэх хүн нь тодорхойгүй хугацаанд чөлөө авсан гэлээ. “Шонхорын хүсэл” компани ч хэдэн зуун хүнийг өчнөөн удаан хүлээлгэж, төлбөрийг нь авчихсан хэрнээ байраа ашиглалтад оруулахгүй байгаадаа хариуцлага хүлээхгүй шинжтэй. Учир гэвэл, тус компанийн борлуулалтын албатай утсаар холбогдоход “Манай хотхон 2020 ондоо багтаж ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нэг, хоёрдугаар блокын цутгалт, гадна пасад, цонхны ажил явагдаж байгаа. Гурав, дөрөвдүгээр блокын цутгалт 11, есдүгээр давхар дээрээ явж байгаа. Тавдугаар блокын цутгалт бас явж байгаа. Дулааны шугам сүлжээ таталтын ажлаа хийсэн. Өрөөний зохион байгуулалтууд ороод эхэлсэн” гэсэн хариултыг хээвнэг хэлж байна. Үнэхээр л барилгын ажил явагдаад удахгүй ашиглалтад орчих юм шиг хариултыг одоо хүртэл иргэдэд хэлсээр байгаа нь энэ. Бодит байдал дээр огт өөр дүр зурагтайг “Онцгой хотхон"-д байр захиалаад хохирч буй иргэд хэлж байна. "Хувь хүний мэдээлэл өгөх эрхийг хангах үүднээс тэдний нэрийг нууцалж захиалагч 1, захиалагч 2, захиалагч 3 хэмээн цаашид нэрлэх болно."

-“Захиалагч 1”-ийн яриа: “Таван жилийн хугацаанд таван блокныхоо нэгийг нь ч нь дуусгасангүй”

-2018 оны нэгдүгээр сард “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г “Шонхорын хүсэл” компанитай хийж, орон сууцны захиалгаа өгсөн. Тухайн ондоо багтаж байр ашиглалтад орно гэж надад хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл “Онцгой хотхон"-ы нэг ч блок дуусаагүй, баригдсаар л байгаа. Зөвхөн нэгдүгээр блокны гадна пасад хийгдэж байгаа ч дотор заслын ажлууд хийгдээгүй. Жил бүр дулаан болохоор одоо барьж байгаа, удахгүй ашиглалтад орно гээд хойшлуулдаг. Харин барилгыг захиалагч Онцгой байдлын ерөнхий газраас жилийн өмнө хурал хийгээд барилгын ажил гүйцэтгэж байгаа компаниудаас ажил шууд хамаарч байгаа гэж захиалагч нарт хэлсэн. Хэдэн жилийн өмнө ажил гүйцэтгэж байгаа гэх “Их мандуул”, “Шонхорын хүсэл” компаниуд хоорондоо ч юм уу мэргэжлийн хяналттай ч юм уу маргаантай юм шиг яригдаж байгаад барилгын ажлыг зөвхөн “Шонхорын хүсэл” ХХК хариуцах болсон. Онцгой байдлын ерөнхий газраас энэ асуудлыг нэг их тоохгүй байна. Одоо орон сууцаа хүлээж байгаа хүмүүс ихэвчлэн 30 хувиа өгчихсөн. Тухайн үедээ ийм хүнд байдалд орохын чинээ бодсонгүй. Хоёр жил гаруй хугацаанд ямар ч шийдэгдсэн юмгүй орон сууцаа хүлээж байна. Урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авъя гээд жилийн өмнө өргөдөл өгсөн хүмүүс ч одоо хүртэл нэг ч төгрөг аваагүй. Барилга дээр нь очихоор хоёр, гурван хүн харагддаг байсан заримдаа бүр харагдахаа ч больсон. Бодит байдал дээр ажил нь зогссон.

-“Захиалагч 2”-ын яриа: “Хятад эзэнтэй “Шонхорын хүсэл” компани захиалагчдын мөнгийг хууль бусаар эргэлдүүлж байна”

-“Онцгой хотхон"-д 100 хувь төлбөрөө төлөөд 40 гаруй сая төгрөгөө бэлнээр өгөөд хоёр өрөө байр захиалсан. Хэдэн сарын өмнөөс байраа хүлээж авъя эсвэл урьдчилгааны мөнгөө буцааж авъя гээд хөөцөлдөж байгаа боловч асуудлыг шийдэх хүн нь олдохгүй байна. Байр захиалаад орж чадаагүй олон иргэд байгаа. Учир нь “Барилгын ажил зогсонги байдалтай, санхүүжилтээс болоод гацдаг, цар тахлаас болоод материал ирэхгүй, ажилчдаа хятадаас авчирч чадахгүй байна” гэх мэт хариултыг гүйцэтгэгч “Шонхорын хүсэл” компанийн зүгээс хэлээд удирдлагууд нь уулзах гэхээр зугтаад, хойшлуулаад, хариуцлагыг нэг нэгэн рүүгээ чихээд байдаг. Өвөл болохоор ажил явагдахгүй. Дулаарахаар ажлаа хийнэ гээд л яваад байгаа. Хэдхэн хүн барилга дээрээ ажиллуулж байж энэ том барилгыг танайх барьж чадахгүй бол мөнгөө буцааж авъя гэхээр 90 хоногийн дотор мөнгийг чинь буцааж өгнө гэсэн ч өгдөггүй. Хүлээсэн хугацаанд чинь танайд гал тогоо хийж өгнө гэж ч хэлсэн. Бүтсэн зүйл алга. Таван жилийн өмнө энэ гэрээний асуудлыг захиалагч талаас Онцгой байдлын ерөнхий газар хариуцаж, одоо тус газрын даргын албан тушаалд очсон Г.Ариунбуян хариуцаж байсан. “Шонхорын хүсэл” компанийн эзэн нь хятадад байгаа гэсэн. Хятадаас 50 хүн Монголд авчирч барилгын ажлаа явуулна гэсэн чинь ирж чадаагүй ирэх есдүгээр сард ирэх юм ярьж байна лээ. Монгол ажилчид ажлын гүйцээгээд хийгээд өгье гэхээр хийлгэхгүй, өмнө нь хийлгэсэн ажлынхаа хөлсийг төлөхгүй байгаа гэсэн. “Шонхорын хүсэл” компани бас автомашин барьцаалдаг ломбардтай юм билээ. Бидний байраа захиалахаар өгч байгаа урьдчилгаа мөнгөнөөс авч ломбард руугаа оруулж эргэлдүүлж мөнгө олдог. Барилгадаа ашиглахаар авчирсан хаалга, шал зэрэг нь хуучны маш чанаргүй материалаар хийгдсэн байсан. Анх захиалга авахдаа ямар чанартай материалаар барина гэж бидэнд сурталчилж байсан гээч. Захиалагч нарт худлаа хэлээд яваад байх юм аа.

-“Захиалагч 3”-ын яриа: “Надтай адил захиалга өгсөн онцгой байдлын олон албан хаагч байгаа. Таван жил хүүхдийнхээ байранд амьдарлаа”

-2016 оны эхээр “Онцгой хотхон"-д байр захиалсан. Тухайн үед “Их мандуул” компанитай гэрээ байгуулж, урьдчилгаагаа өгсөн. Байр маань энэ жилдээ ашиглалтад орно гэж одоогийн гүйцэтгэгч “Шонхорын хүсэл” компаниас хэлээд байгаа. Би ажилладаг байсан учраас Онцгой байдлын газраас асуухад барилгын ажлыг шавдуулж байгаа гэж надад хэлсэн, гэхдээ яг хүссэн тодорхой хариултыг хэлдэггүй. Надтай адил захиалга өгсөн онцгой байдлын олон албан хаагч байгаа. Нэг, хоёр, гуравдугаар блокыг тэр чигээр нь онцгой байдлын албан хаагчдад хямд үнээр олгоно гэж анх гэрээ байгуулахдаа хэлж байсан. Төрийн албанд ажилласан хугацаандаа цуглуулсан мөнгөөрөө байр захиалчихсан, хамаг байдгаа урьдчилгаандаа өгчихсөн учраас хүүхдийнхээ байранд хамт амьдраад таван жил боллоо. Байр маань ашиглалтад ордоггүй ээ гэлээ.

Нийслэлээс төдийгүй хөдөө, орон нутгаас ч иргэд “Онцгой хотхон"-д байр захиалжээ. Аль таван жилийн өмнө л “Хотхоны захиалга дүүрчихсэн. Хамгийн орчин үеийн шийдэл бүхий бетонон бүрэн цутгамал хийцтэй, төвийн шугамд холбогдсон, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, В1 давхартаа автомашины дулаан зогсоолтой, ил зогсоол хүрэлцээтэй, дуу чимээ, тоос шорооноос тусгаарласан, гурван давхар шилтэй вакум цонхтой, айл бүр тагтны нэгдсэн хаалттай, хажуудаа цэцэрлэг барихаар төлөвлөсөн, дэд бүтцийн тохиромжтой бүсэд байрласан” гэх мэтээр байж болох хамаг сайхан үгсээр хотхоноо магтан сурталчилж байсан гүйцэтгэгч компани таван жилийн дараа ч энэ сурталчилгаагаа хийсээр л байна. Тус хотхоны борлуулалтын албанаас байрны үнийг лавлахад “100 хувь төлөлтөөр хойшоо харсан байр нэг метр квадрат нь 999 мянган төгрөг, 100 хувь төлөлтөөр нар тусах боломжтой байр нэг сая 250 мянган төгрөг, урьдчилгаа 30 хувиа төлөөд захиалбал нэг сая 650 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа. Захиалах боломжтой үлдсэн байрууд гэвэл нэг болон гурван өрөө байр нэг нэг л үлдсэн” гэнэ. Харин хоёр өрөө байр 38-47 сая төгрөгийн үнэтэй. Хэрвээ та онцгой байдлын албан хаагч, ажилтан бол нэг метр квадратыг нь нэг сая 50 мянган төгрөгөөр бодож, урьдчилгаа 30 хувиа төлөөд байраа захиалах боломжтой. Үлдэгдэл мөнгөө ашиглалтад орсны дараа өгнө. Эсвэл найман хувийн ипотекийн зээлд хамрагдаж болох аж. Ингэхдээ Онцгой байдлын ерөнхий газрын Т.Галбадрах гэж хүнээс “Онцгой байдлын албанд ажилладаг нь үнэн” гэсэн тодорхойлолтыг аваад манай компанид авчирч өгнө гэх хариултыг “Шонхорын хүсэл” компанийн борлуулалтын албанаас хэлж байна. Орон сууцаа хэдэнтээ бариад дуусчих таван жилийн хугацааны өмнө нь ч, дараа нь ч яг адилхан хариултыг өгч, иргэдийг хохироосоор байгаа энэ компанид хаанаас ямар хариуцлага хүлээлгэх ёстой юм бол. “Шонхорын хүсэл” ХХК нь зөвхөн барилга угсралтын үйл ажиллагаа явуулаад зогсохгүй барилгын засвар болон төхөөрөмж худалдаа, барьцаалан зээл олгох үйлчилгээ, олон улсын тоног төхөөрөмж худалдаа, ус цэвэршүүлэх төхөөрөмж худалдаа гээд олон үйл ажиллагааг манай улсад эрхлэх зөвшөөрөлтэй Бээжин хотод төвтэй компани юм байна. Тийм томоохон хэмжээний компани юм бол Монгол Улсын ард иргэдийнхээ амь насыг авран хамгаалахын төлөө зүтгэдэг онцгой байдлын албан хаагчдыг ийнхүү онцгойлон луйвардах болсон шалтгаан нь яг хаанаа байгаа юм бол. 

Хуулийнхаа хүрээнд яривал талуудын маргаан, хариуцлагыг дэнслэх боломжтой “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” гэсэн албан ёсны баримт бичгийг сөхөж үзэж болно. Тус гэрээний долоодугаар зүйл буюу “Хариуцлага, маргаан шийдвэрлэх журам”-д уг асуудалтай холбоотой гурван заалтыг тусгасан байна. Жишээлбэл, долоодугаар зүйлийн 7.1-д “Гүйцэтгэгч нь орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд барьж дуусган хүлээлгэн өгөөгүй тохиолдолд (Талууд харилцан тохиролцож уг хугацааг хойшлуулснаас бусад тохиолдолд) хэтэрсэн хугацааны ажлын эхний 45 хоногийг тооцохгүйгээр 46 дахь хоногоос эхлэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн захиалагч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт төлсөн төлбөрийн 0.01 хувьтай тэнцэх хэмжээний алданги авах эрхтэй” гэж заажээ. Мөн долоодугаар зүйлийн 7.3-д “Гэрээний зүйлийг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч зургаан сарын хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр шаардлага гаргах эрхээ алдана” гэсэн анхаарууштай заалтууд байгаа юм. Ямартаа ч “Онцгой хотхон"-ы захиалагчид байгуулсан гэрээгээ эргээд нэг сөхөөрэй. Барилгын ажлыг захиалсан Онцгой байдлын ерөнхий газар болон гүйцэтгэгч “Шонхорын хүсэл” компанийн зүгээс ч үүргээ яаравчлан биелүүлэх нь зүйтэй. Ийнхүү Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 63 дугаар ангийн хашаанд “Онцгой” нэртэй хотхон таван жилийн турш баригдахаа хүлээн бараа сүрээ харуулах төдий “дуншсаар” байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оооо(66.181.182.244) 2024 оны 03 сарын 08

бадрал гэж хэн бэ\n

0  |  0
Иргэн(150.129.142.200) 2020 оны 08 сарын 01

Бадрал гэж нэг бас л шунал энд нэр нь заавал холбогдох ёстой. Гэтэл Женко хулгайч Хятадад суух сайдаар томилчихлоо.

0  |  0
zahialagch(103.10.22.56) 2020 оны 08 сарын 01

барилгаа зогсоохгүй явуулж байгаа болохоор итгээд хүлээгээд л байна. Ямартаа ч бид нарыг хулхидахгүй байх гэдэг дээр итгэлтэй байгаа.

0  |  0
zahialagch(103.10.22.56) 2020 оны 07 сарын 31

udaan ch gsn yawaad bgag n haraad bga. I Manduul ged luiwriin company budiluulaad ajliig zogsoohq gej tuslan guitsetgegcheer orson odoogiin shonhriin khusel company urgeljluulen hiij bga gsn. odoo hel am hiigeed zogsoochihwol bid bvr l hohiroh bh. yaj hiigeed bariulaad duusgah n l zuw shu.

0  |  0
зочин (64.119.17.51) 2020 оны 07 сарын 30

тухайн барилгын ажлыг Их мандуулсан ххк ий захирал Мөнх-Эрдэнэ гэж нөхөр Бадралын хамт ОБЕГ ыг шууд эхнээсээ нь луйвардаж байсныг одоо л гарч ирж байна. Тэр Мөнх-Эрдэнэ гэж луувирчидыг хурдан сайн шалгаарай маш хурдан шалгаач

0  |  0
Зочин(103.10.23.165) 2020 оны 07 сарын 29

Ухаангүй ноёнд Урагшгүй албат гэгчээр.. Новш гэж..

0  |  0
Зочин(66.181.161.43) 2020 оны 07 сарын 29

Энд яагаад Бадралын нэр гарахгүй байна вэ?

0  |  0
Zochin(88.230.52.185) 2020 оны 07 сарын 29

Arai heterhii baina.ene jildee duusgana gecheed yamar udaan yavj bga.

0  |  0
zochin (202.55.188.43) 2020 оны 07 сарын 29

naaduul chin china ezentei murtluu mash xaruitslagagui bgaa china elchind gomdol ugvul yasiin!! china xuuli changatai gazar!!!

0  |  0
Зочин(103.212.117.193) 2020 оны 07 сарын 29

Ардчилал гэж бархирагчид, толгой нь эргээд гадныгныг механикаар дуурайгчид олширч байгаа нь хортой юм. Тэд ардчилал, хүний эрх гэж орилох авч тэр нь луйварчдаа л хамгаалах гэж тэр, харин эгэл олны эрхийг шороотой хутгана. Тэд монголын аврал нь гаднын хөрөнгө оруулалт гэж мунхруулна, гаднын хөрөнгө оруулалт гэж үнэндээ байхгүй, гаднын луйварчид харин олон орж ирсэн. Үүнийгээ гаднын хөрөнгө оруулалт гэж орлолдоно. Үүний нэг төлөөлөл нь ьэр Шонхорын хүсэл гэх компани буюу. Шонхорын хүсэл гэх нэрийг яагаад сонгож хэрэглэсэн далд ухааныг нь нэг бодоод тунгаацгаагад үз дээ.

0  |  0
Зочин(103.212.117.193) 2020 оны 07 сарын 29

Монгол төрийн бодлого нь хятадуудыг тэжээн тэтгэх болоод удаж байна бус уу? Монголын хуулийн байгууллага хятад гэмт хэрэгтнийг гэсгээх чадал байхгүй. Хятадын төрийн бодлого хятад хүмүүсийг монголд аль болох олноор нь оруулах, тэдний дунд үймээн дэгдээх, гэмт үйлдэл хийх үүрэг хүлээсэн хүмүүс орж ирнэ. Тэр үүрэг хүлээсэн хүмүүс нь шуугиан дэгдээхэд хятад хүнээ, өмчөө хамгаална гээд түрэмгийллээ хийх далд санаа агуулсан Энэ санааг нь монголын төрийн албан хаагч гэх хүмүүс хэрэгжүүлээд өгнө. Өнөөгийн монголчуудын ухаан нь богино, мөнгө хөрөнгөд шүтсэн юм хийж ахиц дэвшил гаргасан хүнийг үл үнэлнэ

0  |  0
Zochin(66.181.161.118) 2020 оны 07 сарын 29

Hurdan arga hemjee avaach ee. OBEGiin darga udirdlaguud shaardaad hurdan bariulj bolmoor yum arai denduu bn shu

0  |  0
Kk(103.57.94.134) 2020 оны 07 сарын 29

Ontsgoi baidlin darga nar n China companias mungu avaad irchihsen mungiin uguhgui bair n sanhuujilt n dutaad nam gatssan gej bnlee.

0  |  0
zaxialagch (202.55.188.43) 2020 оны 07 сарын 29

барилга барих зөвшөөрлийг яагаад ингэж ажил хийж яаддагүй хийх сэтгэл байхгүй компаний бүтэц зохион байгуулалт санхүү хүн хүчгүй компанид өгч байгаа м бэ хүн бүрд зөьшөөрөл өгч байна. Тэд иргэдийг хохироож байна энэ газрыг 4 жил хүлээж байна. 1 жилийн дотор барина хятад хүмүүс барьж байна гээд сүйд болоод байсан тэгээд төд удалгүй зогсоод одоо хүртэл таг. Одоо яах бэ!!!!!

0  |  0
Со ах(202.179.27.87) 2020 оны 07 сарын 29

Тэнэгүүдээ МөнхЭрлэнэ захиралтай Их Мандуул компани та нарыг залилсан юм бна ш дээ.

0  |  0
luiwariin garuud(221.161.20.2) 2020 оны 07 сарын 29

Hurdan bairaa bairad duusgaache 4 jil hvlej bna

0  |  0
zahialagch(221.161.20.2) 2020 оны 07 сарын 29

arai l udaj bnda. ene gazar huuli durem baiwal hurdan shiideh yumsan \n

0  |  0
zahialagch(221.161.20.2) 2020 оны 07 сарын 29

arai l udaj bnda. ene gazar huuli durem baiwal hurdan shiideh yumsan \n

0  |  0
Naraa(66.181.161.4) 2020 оны 07 сарын 29

End olon ail hohirood baiga yum bna ene mongol uls d huuli bna u hariutsalga tootsoh heregtei

0  |  0
zochin(66.181.161.40) 2020 оны 07 сарын 29

china kompanias 4 terbum tugrug avaad idsen darga naraas ni asuu\n

0  |  0
Иргэн(59.153.114.27) 2020 оны 07 сарын 29

Нөгөө дарга нар нь цавчаа хийгээд

0  |  0
Иргэн(59.153.114.27) 2020 оны 07 сарын 29

Нөгөө дарга нар нь цавчаа хийгээд

0  |  0
Иргэн(59.153.114.27) 2020 оны 07 сарын 29

Нөгөө дарга нар нь цавчаа хийгээд

0  |  0
Иргэн(59.153.114.27) 2020 оны 07 сарын 29

Нөгөө дарга нар нь цавчаа хийгээд

0  |  0
Иргэн(59.153.114.27) 2020 оны 07 сарын 29

Нөгөө дарга нар нь цавчаа хийгээд

0  |  0
Иргэн(59.153.114.27) 2020 оны 07 сарын 29

Нөгөө дарга нар нь цавчаа хийгээд

1  |  0
Top