А.Галбадрах: Надад сонгуульд ялна гэсэн хүлээлт байгаагүй

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 30

УИХ-ын өнгөрсөн 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвшсэн Монголын үндэсний их сургуулийн Төгсөлтийн дараах сургуулийн багш, доктор А.Галбадрахтай ярилцлаа. Олон бүсгүй түүнийг царайлаг нэр дэвшигч гэж өргөмжилж крашаа болгож байсан билээ. 


-Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Би Монголын үндэсний их сургуулийн Төгсөлтийн дараах сургуульд багшилдаг. Одоо 32 настай.

-Яагаад УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр болсон бэ?

-Нэр дэвших шалтгаан их энгийн. Намууд хүний нөөцгүй болсон. Залуу үе рүүгээ чиглэсэн бодлого байхгүй. Ардчилсан нам гэхэд юу болоод байгаа нь мэдэгдэхгүй дараалан ялагдаж, бодлогын нам биш болсон. Намаас хамааралгүй хүмүүсийн гаргасан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого аятайхан явчих болов уу гэж бодож байна. Гэхдээ ер нь Засгийн газар солигдох тоолонд бодлого төлөвлөгөө солигдож, халаа сэлгээ хийгддэг. Манай оюутнууд хийе бүтээе гэсэн эрмэлзэл байдаг ч нэг сая төгрөгөөс доош хэмжээний цалин аваад яаж амьдрах юм бэ гэдэг. Түрээсийн нэг өрөө байр хамгийн хямд нь 500 мянган төгрөг байна шүү дээ. Түрээслэгчид төлбөрөө жилээр нь авна гэдэг. 

Ийм учраас л хүмүүс Солонгосыг зориод байгаа юм. Солонгост мөнгө хураах боломж байна. Хүнээ гэсэн төртэй улс хөгждөг юм билээ. Манайхан бол хэн хаана хэрхэн амьдарч байгааг ерөөсөө тоодоггүй. Монголын ихэнх залуус байрны зээлтэй. Зүтгэж зүтгэж 40 гараад арай гэж зээлээ чөлөөлдөг. Тиймээс нийгмийн сайн сайхны төлөө УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. АНУ-ын эрдэмтэн, онолч Питер Дракер өөрөө цагаач хүн, хоол ундгүй гудамжинд амьдардаг байсан. Ингэж амьдарч байхдаа хэн нь баян амьдраад, хэн нь ядуу амьдраад байгаа талаар бодсон. Хариултыг нь олохын тулд ганц үнэгүй зүйл нь номын сан байсан. Номын санд эрчимтэй хэл сурсан. Цаашлаад улсдаа номер нэг нийгэм судлаач болсон. Тэгээд нийгэмд тулгардаг хүнд асуудлыг хөндөж, гарц гаргалгаа олж эхэлсэн. Одоо бол тэрбумтан болсон байх л даа. Жинигийн коэффициентоор манайх 70 хувь руу орсон байна. /Жинигийн коэффициент гэдэг нь хүн амын орлогын тэгш бус байдлыг харуулсан үзүүлэлт/. Дундаж давхарга маань эдийн засгийн хямралын үед улам доошоо орж байна. Манайхан чинь их гүндүйгүй хүмүүс юм. Бид чинь газрын доор 3.2 их наяд ам.доллараар үнэлэгдэх баялагтай улс шүү дээ. Ухаалгаар зарцуулах юм бол бусад улсуудтай харьцуулахад нөөц бололцоо байгаа. Салбар бүрээс амжилт гаргаад явах эрмэлзэлтэй залуус олон бий. Гэтэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг нь мэдээлэлд ойр нэг нь аваад алга болох жишээний. Би УИХ-ын сонгуульд зориглоод нэр дэвшсэн. Залуучууд намайг дэмжсэн. Зоригтой яваарай гэж захисан.

-Өөр салбарт амжилт гаргах боломж байхад яагаад заавал улс төрийг сонгосон юм бэ?

-Салбартаа амжилт гаргах гэхээр улс төр нийгмийн байдал нь залуучуудад нөлөөлөөд байгаа юм. Хүссэн ажлаа хийгээд сэтгэл амар амьдрах боломж алга. Цалингаа цуглуулж байгаад хүссэн машин, байраа авах боломжоор хангасан нийгэмд амьдардаг бол заавал улс төр сонирхоод байх шаардлагагүй. Барууны орнуудад боломж байна. Тэнд хүмүүс мөнгөө цуглуулаад сайхан амьдарч чадаж байна. Гэтэл Монголд боломж бололцоо байхгүй учраас нам дагадаг хүмүүс олширч байгаа юм.

-Сонгуулийн дараа өөрт чинь ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Ер нь сонгуульд ялна гэсэн хүлээлт байгаагүй. Юманд хэтэрхий их итгээд хэрэггүй. Хэт их найдаад байвал дараа нь хувь хүнийхээ хувьд, сэтгэл санааны хувьд ч уналтад ордог. Сонгуулийн дүнг хараад гайхаагүй. Ардчилсан намын хувьд ч том сургамж боллоо. Ардчилал гэдэг зүйл жинхэнэ утгаараа хөгжөөгүй нь харагдаж байна. 30 жилийн өмнө сайхан нийгмийг бүтээнэ гээд тэмцэж гарч ирсэн. Үүний ачаар бид эрх чөлөөтэй болсон. Гэхдээ жинхэнэ ардчилал хөгжөөгүй. Долоо дахь телевиз буюу сошиалаар хүмүүс санаа бодлоо чөлөөтэй хуваалцаж байна. Боломж нь байгаад байхад боломжгүй мэт байлгаад байдаг нь сонин.

-УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэг бол “чанга” тойрог байлаа. Яагаад заавал Хан-Уул дүүргийг сонгосон бэ?

-Ялах, ялагдах нь надад сонин биш байсан. Хамгийн аюултай зам хамгийн аюул багатай гэж ярьдаг. Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн нь зөв гэж бодож байна. Аль ч дүүрэгт нэр дэвшсэн ялгаа байхгүй. Үр дүн хүлээгээгүй.

-Нэр дэвшээд цөөнгүй хүнд танигдлаа. Бүсгүйчүүдийн хандлага хэр өөрчлөгдсөн бэ?

-Мэдэхгүй. Цахим хаягаар олон хүн ханддаг. Аль болох боломж бололцоогоор хариулахыг хичээж байсан. Дотроос нь онцлоод хэлэхэд “би хүүхэдтэйгээ амьдардаг залуу ээж байна. Өвөл маш хүйтэн, бид их даардаг. Та энэ асуудалд анхаарлаа хандуулаач” гэж байсан. Сонгуулийн дараа ч надад хандсан хүмүүсийн асуудлыг шийдэхийн төлөө ажлаа төлөвлөж байгаа.

-Сонгуулиар хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь юу вэ?

-Сонгуулиар нэг сонирхолтой санагдсан зүйл нь 141 дэх штабын байрыг олж харсан. “Ямар их зардал вэ” гэж бодогдсон. Нэг штабын байранд бараг 20 хүн ажиллаж байгаа. Ийм их зардал гаргаад ялсан хүн энэ хэмжээгээрээ мөнгө олохын төлөө улайрах байх. Харин би бол үр дүнгүй зардлыг хэмнэж нэр дэвшсэн. Нэг ширхэг ч сурталчилгааны самбар байршуулаагүй.

-Сонгуулийн зардалд хэдэн төгрөг орсон бэ?

-Маш бага өртөг гарсан. Сонгуулийн сурталчилгааг сошиалаар хийсэн, утсаар ярьсан, өөрөө явж уулзсан. Нийтдээ 1.5 сая төгрөг зарцуулсан. Сурталчилгааны тараах материалаа эко цаасан дээр хийхээр зорьсон боловч арай шаардлага хангахгүй байсан. Тиймээс экод дөхүүлэх хэмжээний цаасан дээр сурталчилгаагаа гаргасан. Би нэг ч самбар байршуулаагүй. Миний энэ менежмент зарим хүнд юм бодогдуулсан юм шиг байна лээ. Зарим нэр дэвшигчийн байршуулсан самбарыг тооцоход хоёр, гурван байрны мөнгө орсон байсан. Тэр их самбар дунд өөрийн самбараа байршуулах нь ухаалаг бус. Эдийн засагч хүн байж эдийн засгийн үрэлгэн байдлыг өөгшүүлэх нь буруу гэж үзсэн. Нийтийн төлөө, нийгмийн төлөө ажиллахын тулд улс төрд орж байж үүнийхээ эсрэг зүйлийг хийж болохгүй. Миний энэ үзэл санааг хүмүүс их дэмжсэн.

-Сонгогчийн боловсролыг хэрхэн дүгнэх вэ. Өрсөлдөгч нь мөнгө тараасан учраас ялагдсан гэж нэр дэвшигчид ярьдаг. Энэ үнэний ортой юу?

-Миний хувьд тийм юм яриагүй. Мөнгө тараасан, тараагаагүй гэх мэт асуудал яригдаж байна. Жилийн жилд ийм асуудал гарч л байдаг. МАН өөрөө хөдөлшгүй дэмжигчтэй нам шүү дээ. Харин сонгуулийн систем шүүмжлэл дагуулдаг. Пропорционал системээр явагдах ёстой байтал мажоритар системээр явуулсан нь алдаа дутагдалтай. Нийт сонгогчдын 40 гаруй хувийн санал авсан Ардчилсан нам УИХ-д 10 гаруйхан суудал авлаа. Мэдээж засаг барьж байгаа нам өөртөө давуу тал үүсгээд мажоритар системээр явуулсан байх лдаа.

-Иргэдтэй уулзаад явахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Манай залуучууд их өөр болсон байна. Шинэлэг байж чадаж байна. Залуучуудыг улс төрд хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь шүүмжлэлтэй санагддаг.

-Энэ удаагийн УИХ-ын сонгууль өөрт чинь туршлага болсон уу?

-Хүмүүс намайг сошиалаар танигдахын тулд нэр дэвшсэн гэж дүгнэж байна. Би олонд танигдах, туршлага хуримтлуулах гэж сонгуульд нэр дэвшээгүй. Энэ нийгмийг өөрчлөх боломж байсаар атал яагаад өөрчлөхгүй байгаа юм бэ гэсэн эрмэлзэл байсан болохоор сонгуульд өрсөлдсөн. Сошиалд олон хүний хандалт авах нь миний хүсэн хүлээсэн зүйл биш. Би өөрөө багш учраас мэдэх хүмүүс нь мэдэж байгаа. Спортын хувьд ч тодорхой хэмжээний амжилт гаргаад явж байсан. Сонирхогчийн кикбоксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авч байсан. Санхүүгийн дэмжлэггүй ихэнх залуус спортоо орхидог. Зарим нь клуб ажиллуулаад явж байдаг. Олны танил хүмүүс улс төрд ороод байна гэж хүмүүс шүүмжилдэг. Би үүнийг харин ч дэмждэг. Одоогийн нийгэмд хувь хүн боловсролтой, мэдлэгтэй байх боломжтой болчихсон.

-Дараагийн сонгуульд нэр дэвших үү?

-Одоо орон нутгийн сонгуульд оролцохоор төлөвлөж байгаа ч эцсийн шийдвэрээ гаргаагүй. Ямар ч байсан материалаа бүрдүүлээд өгчихлөө. Хэрэв орон нутгийн сонгуульд нэр дэвшвэл сая оролцсон сонгуулийн жишгээр бага зардлаар, их зүйлийг амжуулна гэж бодож байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 07 сарын 30

bolomj ni baihad bolomjgui bolgood baidag toriinhoniiig olon udaa songoj oorsdoo gai tarisan..

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 07 сарын 30

Hujaanuud ni deer garaad suuchihguyu

0  |  0
Zochin(122.201.24.231) 2020 оны 07 сарын 30

Gadnaas n kharakhaar 4 comment. Orood kharakhaar 2 comment. Comment ustgakh um bol yakh gj comment khesegtei bdg um. Tanaikh Oyun-Erdeniin site umuu. Oyun-Erdenetei kholbootoi yneniig bicheer ustgaad bdg um bna tee.

0  |  0
Zochin(202.126.88.44) 2020 оны 07 сарын 30

Бас улсаа хөгжүүлэх боломж ярьчихжээ. Чам шиг ялах зорилгоггүй юмнууд сонгуульд мөнгөөр орж, жинхэнэ улс хөгжүүлэхэд оролцох гэсэн зориготой залуусын боломжийг хулгайлчихаад ингээд сууж байгаа нь гутамшиг. Дахиж ингэж улсын хөгжилд битгий гай болж байгаарай л гэж хэлмээр байна.

0  |  0
Zochin(122.201.24.231) 2020 оны 07 сарын 30

” Намаас хамааралгүй хүмүүсийн гаргасан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого аятайхан явчих болов уу гэж бодож байна. ” Ene yu gj bgaa um. Zygeer l Oyun-Erdenees mungu avaad sanal khuvaagch l bsan um bna. Odoo bas khuvaana l gj bgaa um bna. Zaluu khyn baij yamar archaagyi nukhur ve.

0  |  0
л(202.21.107.70) 2020 оны 07 сарын 30

хрхр

0  |  0
Зочин(202.21.107.70) 2020 оны 07 сарын 30

Ялна гэж сонгуульд ордоггүй яасан идэвхгүй, сул нөхөр вэ? Ийм хүн улс төрч болох хэцүү дээ. Бүх зүйлд өө яасан ч яахав гэдэг байдлаар ханддаг хэнэггүй зан. Орон нутгийн сонгуульдаа заавал ялна гэж бодож ороорой. Улсын их хурлын сонгуульд 1.5 сая төгрөг зарсан юм чинь орон нутгийн сонгуульд 100 мянгаас их зардал битгий гаргаарай. Амжилт хүсье..

0  |  2
Top