Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны газар, хэлтсийн ажилтнууд тус үйлдвэрт хэрэгжиж байгаа ХАБЭА-н үйл ажиллагаатай танилцав. Эдгээр оролцогчид нь ХАБЭА-н хэлтсийн хүсэлтийн дагуу тухайн газар, хэлтсийнхээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцаж ажиллахаар байгууллагаасаа томилогдсон ажилтнууд юм. Тэд өөрийн газар хэлтсийн ажилтнуудад ХАБЭА-н сургалт зааварчилгаа зохион байгуулах, хамруулах зэрэг ажлыг хариуцах тул мэдлэг мэдээллийг нь тэлэх зорилгоор ХАБЭА-н үйл ажиллагаа, ажилтнуудын үүрэг, хариуцлага зэрэг сэдвээр танилцуулга хийж, хөдөлмөрийн аюулгүй байдлын үндсэн ойлголт өгсөн байна.
Сургалтын талаар ХАБЭАХ-ийн Албаны дарга Х.Эрдэнэбатаас тодруулахад,”Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажилд хамрагдах ёстой. Мөн эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалуулах эрхтэй. Энэ чиглэлийн ажилд ерөнхий захиргааны ажилтнууд хамрагдахгүй хоцрох тал ажиглагдсан. Энэ дүгнэлттэй уялдуулан өнгөрсөн 5 дугаар сард Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, газар, хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажилд шалгалт үзлэг хийж, үнэлэлт өгөх, ажилтнуудад танилцуулга, мэдээлэл хийх чиглэл өгсөн юм. Энэ дагуу энэ сарын 6-наас эхлэн ХАБЭА-н хэлтсээс Ерөнхий захиргааны газар хэлтсүүдэд зорилтот шалгалт, үзлэг зохион байгуулж эхэлсэн. Шалгалтаар тухайн газар, хэлтэс нь хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт зааварчилгаанд оролцож буй эсэх, ХАБЭА-тай холбоотой тушаал шийдвэртэй цаг тухайд нь танилцсан байдал, хамгаалах хэрэгслээр хангагдах, ажилтнуудын урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл зэрэг олон чиглэлд үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа. Үүний үр дүнд илэрсэн зөрчил дутагдлыг арилгах албан даалгавар боловсруулан тухайн газар хэлтэст хүргүүлж байна. Энэ ажил 9 дүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ. Мөн шалгалтын явцад ерөнхий захиргааны газар, хэлтсүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан заавал байх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж, хэрэгжүүлснээр уг сургалтыг зохион байгуулж байна” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )