“Их зогсолт”-ын үеэр 300 гаруй их засварын ажлыг чанартай, амжилттай гүйцэтгэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 03

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн уурхайчиддаа дэвшүүлсэн талархлын үгээр эхэллээ. Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх шуурхай зөвлөгөөнийг нээхдээ, өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрийн “Их зогсолт” төлөвлөгөөний дагуу амжилттай болж, үүнд уурхайчин хамт олон бэлтгэл сайтай, чанарын өндөр түвшинд шуурхай хийж гүйцэтгэснийг тэмдэглэн, талархал илэрхийлсэн юм. Тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа үйлдвэрлэлээ зогсоон, нөөцгүй тоног төхөөрөмжийн иж бүрэн засвар үйлчилгээ хийж, найдвартай байдлыг хангадаг уламжлалтай. Энэ жилийн “Их зогсолт”-ыг  7 дугаар сарын 31-ний 18.00 цагаас 8 дугаар сарын 2-ны 19.00 цаг хүртэл үргэлжлүүлж, амжилттай залгасан байна. Үйлдвэрийн удирдлага, хамт олон нэг хүч, зорилгын дор энэ удаагийн “Их зогсолт”-ын бэлтгэл ажлаа долоо хоногийн өмнө бүрэн хангаж, зохион байгуулалт сайтай ажилласан нь их засвар чанартай хугацаандаа дуусаж, үйлдвэрлэлээ хүндрэл, саадгүй залгах боломж бүрдүүлжээ. “Их зогсолт”-ын ажилд давхардсан тоогоор 1410 хүн, 103 засварын ажлыг 10 обьектод гүйцэтгэснийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээлсэн бол үйлдвэрийн хэмжээнд нийт 330 нэр төрлийн ажил таван үндсэн чиглэлээр хийгдэж, туслан гүйцэтгэгчээр оролцсон Засвар механикийн завод, Барилга засварын цех, Засвар угсралтын цехүүд сайн ажилласныг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг онцлов. Мөн “Их зогсолт”-ын бэлтгэл ажлын хүрээнд 1151 ширхэг шаардлагатай материал, сэлбэг хэрэгслийн захиалга өгснөөс 95 хувь бүрэн нийлүүлэгдсэн. Үлдсэн таван хувь нь урсгал засварт ашиглагдах захиалга байсан тул их зогсолтын ажилд нөлөөлөөгүй. Энэ бүхнийг хугацаанд нь нийлүүлж, хурдан шуурхай ажилласан Худалдан авах хангамжийн хэлтсийнхэнд талархал илэрхийлье” гэсэн юм.

     Өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил дутагдалгүй ажиллаж, цех нэгжүүд төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэлийн ажлаа хэвийн үргэлжлүүлж байна. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас өнгөрсөн долоо хоногт корона вирусын тархалтаас үүсээд буй нөхцөл байдлыг даван туулах ажлыг зохион байгуулах зорилготой ажиллаж буй Төв бол дэд штабын хагас жилийн ажлын тайланг гаргасан байна. Тайланг төлөвлөгөөний гүйцэтгэл, үүрэг даалгаврын гүйцэтгэл, дэд штабуудын ажлын үр дүн, эдийн засгийн үр дүн чиглэлээр бэлтгэжээ. Мөн тус газраас үйлдвэрийн ажиллагсдадаа төрсөн өдөр болон 50 насны ойгоор нь мэндчилгээ зурвасаар илгээх үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Түүнчлэн Хамтын гэрээний дагуу 5,10,15,20,25 дахь жилийн ойн өдрийн баяр мэндчилгээ, ээлжийн амралт, цалингүй чөлөө дуусах өдрийн мэдээлэл зэргийг зурвасаар хүргэдэг болжээ.

     Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны хагас жилийн үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнгийн тайлангийн хурал өнөөдөр Ил уурхай, Авто тээврийн цехээр эхэлж, хуваарийн дагуу гурван өдөр үргэлжилнэ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top