С.Зориг агсны хэргийг шалгах ажил одоо болтол урагш ахиагүй, улам дарагдах шинжтэй болоод байгаа. Анх хэргийн газар дээр мөрдөн шалгах ажиллагаа хийсэн цагдаагийнхан ул мөрийг нь баллах ажлыг өөрсдөө хийсэн гэх мэдээлэл ч бий. Талийгаач С.Зоригийн үснээс дээж авч Солонгос улс руу шинжилгээнд явуулсан гэдэг. Гэтэл тэрхүү үсийг цагдаагийн нэгэн ажилтан дундуур нь хайчилж жижигрүүлээд өгчээ. Ингэсэн нь тухайн шинжээч нарын техникийн шаардлага хангахгүй болсон байна. Зүй нь хэмжээгээрээ урт үс өгөх ёстой байж. Энэ мэтээр хэргийн баримтууд устаж эхэлжээ. Мөн Э.Бат-Үүлийн хэргийн газарт үлдээсэн малгайнаас болоод түүнийг бас шалгасан. Эрүүгийн цагдаагийнхан түүнээс ямар ч сэжигтэй зүйл олоогүй. Гэвч одоо болтол С.Зоригийн хэрэгт Э.Бат-Үүл холбоотой гэсэн хардлага байсаар байна. Тэр бүү хэл УИХ-ын гишүүн Арвин байн байн үүнийг ярьдаг. Саяхан бас “Ардын хянан шалгах хороо” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Нинж “С.Зоригийн хэрэгт Э.Бат-үүл холбоотой” гэж олон нийтэд мэдээлсэн. Тэгээд С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийнхэнд хандан түүнийг шалгахыг анхааруулсан юм. Харин Э.Бат-Үүл “Д.Нинж үндэслэлгүйгээр гүтгэж байна. Намайг хэн ч шалгаагүй. Гэхдээ би Д.Нинжийн тавьж буй асуудлыг дахин шалгуулна” гэлээ. Өөрөөр хэлбэл тэр өөрийгөө шалгуулахыг хүсчээ. Холбогдох газарт нь өргөдлөө ч өгсөн бололтой.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )