ОХУ-ын “Роснефт” компани хилийн үнээ бууруулснаар шатахууны үнэ огцом буурч дотоодын зах зээлд эерэгээр нөлөөлсөн нь цар тахлын үед ард түмний нурууг бага ч болов тэнийлгэж байсан цаг саяхан. Тэгвэл хоёр хоногийн өмнө ихэнх шатахуун түгээх газрууд үнээ нэмсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлээд эхлэв. Монгол Улсад жилдээ импортоор зөвхөн суудлын 60 гаруй мянган тээврийн хэрэгсэл орж ирдэг судалгаа бий. Тиймээс бензин шатахуунаараа хойд хөршөөс мөнхийн хараат явж ирсэн манай улсын хувьд шатахууны үнийн өсөлт, уналт бол хэзээд халуун сэдэв байлаа. Өнгөрөгч хавар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Сумъяабазар өргөн хэрэглээний АИ 92 бензиний үнэ буурна хэмээн хэдэнтээ мэдэгдсэний эцэст шатахуун импортлогчид үнээ буулгаж байв. Бөөн сүр дуулиан баярын парад шахуу юм болж байсныг санаж байгаа байх. Угтаа хэн нэгэн сайд, Засгийн газрын хийсэн ажил гэхээсээ илүү дэлхий нийтийг хамарсан “ковид 19”-ийн цар тахлын үед дэлхий даяар нефтийн үнэ баралль тутамдаа өмнө нь байгаагүй хэмжээнд хүртлээ унаж байсантай холбоотой. Гэхдээ шатахууны үнэ буурсан нь үнэн. Сонгуулийн өмнө иргэдийг баярлуулж шатахууны үнэ огцом хямдарч 1320 төгрөг болж байсан нь гурван сарын өмнөх үйл явдал. Тэгвэл наадмын өмнө шатахуун импортлогчид АИ 92 бензиний үнийг сонгуулийн дуулиан, наадмын шуугиан дор чимээгүй нэмж литр тутамд нь 1400 төгрөг болгоход хэн ч дуугараагүй. Мэдээж тэд нэмсэн гэдгээ хэлэхгүй. Энэ жил дотоодын аялал жуулчлал эрчимтэй байсан тул Архангай аймгийн төв Цэцэрлэг хот, Тариат сум, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Хархорин гээд дийлэнх газруудад АИ 92 шатахуун дууссан байсанд иргэд бухимдаж байв. Тэд бензин шатахуун хомсдож байгаад бухимдсанаас биш үнээ нэмсэнд нь огт бухимдахгүй байлаа.
Түүнээс хойш шатахуун импортлогчид дахин үнээ нэмж 1450 төгрөг болгосонд иргэд бухимдаж эхлэв. Засгийн газраас нэг зүйлийг мэдэгдэж байсан нь “Үнийг бид барьж чадахгүй. Зах зээлийн зарчмаараа явах болно” гэдэг мэдэгдэл байсан. Иргэд үүнийг төдийлөн анзаарахгүй өнгөрсөн ч нефтийн салбарт олон жил явж ирсэн бизнес эрхлэгчид соргогоор хүлээн авч тэр дор нь үнээ нэмэх шалтгаан болж өгсөн байна. Харин энэ удаа дахин шатахууны үнэ нэмэгдсэн мэдээллийн дагуу үнийн судалгааг бодитоор хийхээр хэд хэдэн томоохон шатахуун түгээх станцуудыг зорилоо.
Манай сурвалжилах баг эхлээд баруун дөрвөн замд байрлах “Сод Монгол” шатахуун түгээх газарт очиход АИ 92 1450, АИ 95 шатахууныг 2000 төгрөгөөр иргэдэд түгээж байлаа. Цаашлаад “Шунхлай” ХХК, “Магнай Трейд”ийн шатахуун түгээх газрууд ч мөн адил 50 төгрөгөөр үнээ нэмж 1450 төгрөг болгожээ. Үнэ нь нэмэгдсэн ч үйлчлүүлэгч ихтэй. Харин “M-OIL” АИ 92 1320 төгрөгөөр, АИ 95 1800 төгрөгөөр худалдаалж байлаа. Мөн “Super-92” гэх шатахуун түгээх газар АИ 92 1370 төгрөгөөр түгээж байв. Харин “Петровис”-ийн шатахуун 20 төгрөгөөр нэмэгдэж 1420 төгрөг болжээ. Үнээ нэмсэн шатахуун түгээх газрын түгээгч нараас хэзээ үнэ нэмэгдсэнийг тодруулахад ихэнх нь өчигдөр, эсвэл уржигдар нэмэгдсэн гэж хариулж байв. Харин үнэ нэмэгдэх болсон шалтгааныг нь удирдах албан тушаалтнуудаас тодруулах хэрэгтэй гэж байсан юм. Үүнтэй холбогдуулан эрх бүхий албан тушаалтнуудаас бодит тайлбар авахыг хүсэхэд ихэнх нь “Амралтаа авсан байна”, “Мэдээлэл өгөхгүй” гэх шалтаг тоочиж байсныг нуух юун.
Хаа сайгүй амарсан, ажил зогсчихсон мэт боловч үнийн өсөлт яагаад ийм харьцангуй байна вэ. Энэ оны эхээр буюу нэгдүгээр сард дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай уялдан шатахууны импортын хилийн үнэ 630-646 ам.доллар байсан нь тавдугаар сард тонн тутамдаа 98-158 ам.доллароор буурч байв. Энэ буурсан үзүүлэлт өөрчлөгдсөн эсэхийг одоогийн байдлаар Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлээгүй байгаа юм. Хилийн үнэ өөрчлөгдөөгүй байхад дотоодын томоохон шатахуун түгээх станцууд вальютийн ханшид дарагдсан бололтой. Учир нь тавдугаар сараас хойш тогтмол өссөөр байгаа долларын ханш нь одоогийн байдлаар 2850 төгрөгийн босгыг даваад байна.
Тодруулбал, зургаадугаар сард нэг ам.доллар 2818 төгрөгтэй тэнцэж байсан билээ. Засгийн газрын 114 дүгээр тогтоолоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр бууруулах үнийг тогтвортой байлгахаар шийдвэрлэсэн ч төрийн чиг үүрэг ганцхан сарын настай байсныг өнөөдөр иргэд харж байна. Өдрөөс өдөрт өссөөр байгаа ам.долларын ханшийг өсөлтийг даган бензиний үнэ 20 төгрөг, 50 төгрөгөөр монголчуудыг чимээгүйхэн идсээр байх уу.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу\nНамайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nБуцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна\nБид 5000-5000.000 доллар эсвэл евро санал болгодог\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг\nБид танд дараахь газарт туслах боломжтой:\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээлийн\n* Ипотекийн зээл\n* Мөн бусад газрууд .....\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37