Шинээр одон авсан эхчүүд наадмаас өмнө мөнгөө авна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

НХХ-ийн сайд Т.Ганди Хөдөлмөр эрхлэлтийн жилийн хүрээнд олон ажил амжуулсан талаараа өчигдөр мэдээлэл хийлээ. НХХЯ шинэ ажлын байр, ажил хайж буй хүмүүсийн мэдээллийг онлайнаар түгээж, БНСУ-д ажиллаж буй монгол иргэдэд хөдөлмөр, нийгмийн асуудлаар нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвийг байгуулсан гэдгээ сэтгүүлчдэд дуулгав. Үүнээс гадна энэ сарын 10-ны байдлаар 15.7 мянган ажлын байрыг шинээр бий болгох юм байна. Уул уурхай, зам барилга, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын ажил ид өрнөдөг долдугаар сараас шинэ ажлын байрны тоо эрс нэмэгддэг. Оюу толгой зэрэг Засгийн газрын томоохон хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтаар 3300 залууг зах зээлд нэн хэрэгцээтэй мэргэжил эзэмшүүлж, ажлын байранд амжилттай зуучилжээ.

Энэ үеэр шинээр “Эхийн алдар I, II” зэргийн одон авсан эхчүүдийн мөнгөн тусламжийг Улсын баяр наадмын өмнө олгох болсныг дуулгав. Үүнээс гадна тэтгэврийн зөрүүгээс болоод сэтгэл гундуу явдаг хөгшчүүдийн тэтгэврийг нэмж баярлуулна гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа. Тэд тэтгэвэр бодох итгэлцүүрийг өөрчлөх хэд хэдэн хувилбар боловсруулаад байгаа юм байна. Түүнчлэн уурхайчдын нөхөн төлбөртэй холбогдсон журмыг ойрын хугацаанд гаргана гэдгээ НХХЯ-наас албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү арга хэмжээнд 486 сая төгрөг зарцуулах бөгөөд нөхөн төлбөрийг 1700 гаруй уурхайчин авна. Дээрх 1700 гаруй уурхайчид нь Налайхын нүүрсний уурхай, Шилний үйлдвэр, Хэнтий аймгийн Бор-Өндөрийн болон Бэрхийн уурхай, Булган аймгийн Сайхан-Овоогийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс. Тэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээ болох 280800 төгрөг авах юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top