Өмнөд Солонгосчууд манайд ховор металлын шинжилгээ хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

Таван толгойн орд газарт ажиллах хамгийн өндөр магадлалтай консорциумд багтсан Өмнөд Солонгосын “Коrеа Resources” компани манай улсад бас нэгэн ажил гүйцэтгэхээр болжээ. “Коrеа Resources”-ийн мэдэгдсэнэзр АНУ-ын “Green Tehnology Solutions”-ын олборлосон ховор металлын дээжид шинжилгээ хийх асуудлаар гэрээ байгуулсан гэнэ. АНУ-ын “Green Tehnology Solutions”-ын удирдлагын мэдэгдэлд дурдсанаар солонгосчууд уурхайнуудын нөөц бололцоо, ховор металлын чанар гээд бүх л зүйлийг тодорхойлж өгөх юм байна. Сонирхуулахад, “Green Tehnology Solutions” компани манай улсын Төв аймгийн Баяндэлгэр суман дахь Авдрант, Булган аймгийн Дашинчилэн сумын Агуйт, Дорноговь аймгийн Айраг суман дахь Модот-Уулын уурхайгаас ховор металл олборлохоор болоод байгаа билээ. Өндөр өртөг бүхий гэрээ байгуулж, ховор металлын шинжилгээ хийх болсондоо баяртай байгаагаа “Коrеа Resources“ компанийн удирдлага мэдэгджээ. Энэхүү үйл явдлаас Өмнөд Солонгосын “Коrеа Resources“ компани манай улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр шуурхайлан хөдөлжээ. Мэдээж хэрэг ингэх нь манай улсын их баялаг өмнөд солонгосчуудын шуналыг ихээр хөдөлгөсөнтэй шууд холбоотой. Түүнчлэн “Коrеа Resources“ компани Таван толгойд ажиллах эрхийг авахын төлөө боломжтой бүхнийг хийхээ саяхан мэдэгдсэн нь анхаарал татлаа.

Зургаан тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй Таван толгойн ордод ажиллах тендерт  “Коrеа Resources“ ялах магадлал өндөртэй байгаа нь огт санаандгүй хэрэг биш. Өөрөөр хэлбэл, Таван толгойг олон улстай холбох төмөр зам барих тендерт тэдний нутаг нэгт “Lotte Engineering and Constructionкомпани ялсан.Энэ нь Таван толгойн олборлогчийн сонгон шалгаруулалтад дахин солонгосчууд ялах магадлалыг өндөрсгөж байгаа талаар мэргэжилтнүүд мэдэгдсэн байна. Түүнчлэн Өмнөд Солонгос болон манай улсын  Засгийн газрын хоорондын харилцаа сүүлийн үед илт сайжирсан нь үүнд нөлөө үзүүлж буй нь гарцаагүй.

Эцэст нь хэлэхэд “Коrеа Resources“-ийн ахласан консорциумд  ОХУ, Японы  компаниуд багтсан аж. “Коrеа Resources“-ийнхэн  АНУ-ын  “Green Tehnology Solutions”-той  дээжийн шинжилгээ хийх гэрээ байгуулсан талаарх мэдээлэл олон нийтэд хүрсний дараа тус хоёр компанийн хувьцааны

ханш хоёул өсчээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top