Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ. Тус яам жил бүр 60 мянган ажлын байр бий болгох зорилт тавин ажиллаж байгаа. Өнгөрсөн оны байдлаар энэ үзүүлэлт 64 хувийн биелэлттэй гарчээ. Энэ жилийн хувьд шоронгоос суллагдсан, мэргэжилгүй, боловсролын төвшин бага иргэдийг ажлын байраар хангах зорилт тавьжээ. Одоогийн байдлаар дээрх шалтгаанаар ажил эрхлээгүй байсан 185 иргэнийг ажилд зуучилж, 465 иргэнд зөвлөгөө өгч, 23 төслийн хүрээнд 138 ажлын байр шинээр бий болгожээ. Үүнд нийт 720 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Ажлын байр нэмэгдүүлэх төслүүдийн нэг бол "Ногоон ажлын байр- Чацаргана дэд хөтөлбөр" юм. Үүнд 720 гаруй иргэд хамрагдсанаас тодорхой хэсэг нь ажлын байртай болжээ. Хөтөлбөрийг бүх аймаг, дүүрэгт хэрэгжүүлсэн бөгөөд 450 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Түүнчлэн хөдөөгийн иргэдийн амьжиргааг дэмжсэн Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг 15 аймгийн 45 сумд эхлүүлээд буй. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш залуу малчин 180, өрхийн 450 хүн байнгын ажлын байртай болсон байна. Мөн нийслэлийн ажилгүй иргэдийг ажлын байраар хангахын тулд газар тариалан эрхлүүлэх хөтөлбөрөөр 40 төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд 800 ажлын байр бий болсон аж. Хэдийгээр түр боловч иргэд хамтарч байнгын ажиллагаатай хүлэмж болон газар тариалантай холбоотой ажил эрхлэх боломжтой болоод байгаа юм. Хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээр нийт 30310 байнгын, 12500 түр ажлын байр шинээр бий болгож 3360 иргэнийг үйлдвэрлэлд сургаж байгаа аж. Энэ үеэр мөн гадаадад ажиллаж байгаа иргэдийн талаар мэдээлэл өгсөн юм. Өдгөө манай улсын 140 орчим мянган иргэн гадаадад байгаа бөгөөд 30 гаруй мянга нь БНСУ-д байна.Мөн албан бусаар 10 мянга гаруй иргэн бий гэв. ГАХИТ-д Солонгост ажиллахаар 14 мянга хүн өргөдөл гаргаад байгаа аж. Гэхдээ Засгийн газрын зүгээс Солонгост ажиллах иргэдийн тоог цөөрүүлэхээр болоод буй. Тиймээс бүртгүүлсэн иргэдээс таван мянга нь л Солонгос уруу явах юм байна. Тэднийг бүтээн байгуулалтын салбарт илүүтэй ажиллуулах гэнэ. Мөн тэнд ажиллаж байгаа иргэдийн цалин, хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгалын асуудлыг хоёр улсын гэрээгээр харилцан тохиролцож хамгийн боломжит хэлбэрээр зохицуулахаар ажиллаж буйгаа дуулгалаа. Мөн Солонгост нэг цонхны үйлчилгээ эхлүүлэхээр бэлтгэж байна. Энэхүү ажлын эхлэл болж өнгөрсөн долоо хоногоос Унгар Улсад ажиллаж буй иргэдийн нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )