МХЕГ-ын дарга Т.Гантулга Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа

2020 оны 08 сарын 20

МХЕГ-ын дарга Т.Гантулга БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүсэлтийнх нь дагуу өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Цай Вэньруй “Та олон салбарт хариуцлагатай алба хашиж, үр дүнтэй ажиллаж байсан. Таны энэ туршлага манай хоёр улсын хяналтын байгууллагын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд баяр хүргэж, амжилт хүслээ.

МХЕГ-ын дарга Т.Гантулга улсын байцаагчдыг сургах, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах болон технологийн эрин үед тэргүүлж яваа сайн туршлагатай орны хувьд мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах ажилд онцгойлон анхаарч, хамтран ажиллахыг Элчин сайд Цай Вэньруйгаас хүслээ.

Мөн коронавируст халдвар /Covid-19/-ын үед хил дээрх хяналт маш чухал байгааг онцлоод энэ чиглэлд цаашид нягт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Элчин сайд “Цар тахлын үед Монгол Улс тэр дундаа Мэргэжлийн хяналтын байгууллага тэргүүн эгнээнд маш сайн ажиллаж байгааг бид хүндэтгэн харж байгаа” гэлээ.

Уулзалтын үр дүнд мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах болон улсын байцаагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд хамтран ажиллахаар санал нэгдэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.84) 2020 оны 08 сарын 20

Үнэхээр мундаг хүн юмаа. Хэлсэн үгэндээ ч хүрлээ шүү. Манай нүүрсний экспорт 3 өдөр дараалан 1800 гаруй машинаар тээвэрлэсэн байна. Ноён элчин сайдад талархал илэрхийлж байна.

0  |  0
Top