Бямбаагийн Лхагвадорж
МЗЭ-ийн 80 жилийн ойд зориулсан анхны номын уралдаанд “Сар гуниглах анир” номоороо айргийн тавд давхисан, авьяаслаг залуу шүлэгч Б.Лхагвадорж Дорнын шаргал говийн унага бүлгээ. Түүний шүлгүүд гэгээн хайраар нэвт гэрэлтэж байдаг юм. Ууган номынх нь шүлгүүдээс уншигч танаа өргөн барилаа.
Би хэнийг хайрлахаа мэднэ
Зүрх минь хэний дэргэд догдлохоо мэднэ
Зүгээр л надад аз жаргал хүс, анд минь
Зүрхэнд минь дэлбээлж эхэлсэн цэцгийг өнгөгүй гэж битгий хэл
Зүүдэнд минь тэр бүсгүй үзэгдэхээ байчихаж мэднэ
Хээнцэрхэн төрхөө гайхуулсан гоо охидоос
Хэнийг нь хайрлахаа би мэднэ ээ
Хээрээр дэгдэн гүйх согоо мэт үзэсгэлэнт охидын
Хэнтэй нь учрахыг төөрөг тавилан мэднэ
Наадах чинь чамд тохирохгүй гэж надад битгий хэл
Нандин хайрын цэцэгс цагаасаа өмнө хагдарчихаж мэднэ
Сэрүүхэн намрын орой түүнийг минь болзоонд явсан ч битгий хэл
Сэтгэлийн минь цэнхэр уулсыг цас дарчихаж мэднэ
Аальгүй гэж түүнийг минь битгий зэмлэ
Атгахан зүрхний минь гунигийг үргээж байгаа нь тэр ээ
Азтай залуус түүнийг минь хайрлаж яваг, хамаагүй
Амраг минь сайхан болохоор түүнд буруу байхгүй ээ
Мөнгө төгрөгнөөс хайр сэтгэлийг салгаж ойлго, хүмүүс минь
Мөрөөдлийн нууранд минь хөвөх хос хун үргээд нисчихэж мэднэ
Нутагт минь ирж өвөлжсөн хөх тогорууг ч битгий үргээ
Нулимсаа унагасаар эргэж ирэхгүй явчихаж мэднэ
Эмзэг сэтгэлийн минь хайрын цэцэрлэг дунд
Энхрий нэгэн бүсгүй цэцэг бусдаас илүү ургаж байна
Эрт урьдын хувь ерөөл байвал
Эрхлэхийн совиндоо ихэрлэхийн заяатай амьдарна аа
Хээнцэр ганган цэцэгс сэтгэлд минь ургаж байг
Хэлэхийн өөгүй хүн гэж байдаггүй юм
Бичиж хадгалсан захидал минь эзнээ олсон
Битгий надад заа, би хэнийг хайрлахаа мэднэ ээ
Би жаргалтай
/Насыг минь тоолон ганц нэгээрээ тасран унах
Навчис навчсаа дэрлээд хөлөөр хөглөрнө.../
Шиврээ бороон дундуур нүцгэн гүйсэн балчир нас минь жаргалтай байсан
Ширээний найздаа дурлаж явсан сурагч нас минь жаргалтай байсан
Ардын дууны Сүнжидмаатай
"Аргагүй амраг"-ийг дуулж явна гэж зүүдэлсэн
Арван долоон нас минь бас жаргалтай байсан
Тарни унших ижийтэй болохоор би жаргалтай явдаг
Таанын үнэрт нутагтай болохоор би жаргалтай ирдэг
Дэлгээд барих хадагтай болохоор тосох үйлс минь ариухан
Дээжлээд өргөх цацалтай болохоор угтах зам минь уртхан байдаг даа
Хайрлан дурлах бүсгүйтэй болохоор би жаргалтай хүн
Хавартаа зорих нутагтай болохоор би жаргалтай хүн
Хөнгөн гуниг зүрхэнд минь хургадаг болохоор би дурсаж амьдардаг
Хөөрхөн охин олон болохоор би дурлаж амьдардаг
Миний төлөө үхэж чадах нөхөдтэй болохоор би итгэж амьдардаг
Бусдын төлөө зовж шаналах сэтгэлтэй болохоор би жаргаж амьдардаг
Амьдрах надад хэцүү биш байсан бол
Аль хэдийнээ би энэ амьдралаас уйдах байсан
Өлгийг нь засах үртэй болохдоо би жаргалтай байх болно
Өндөр настай буурал болохдоо би энэ амьдралд талархана
Орчлонд хүн болж ирснээ би тавилан гэж боддог
Он цагаа олж төрсөндөө би бардамхан амьдардаг аа
Тарни унших ижийтэй болохоор би жаргалтай хүү
Таанын үнэрт нутагтай болохоор би заяатай хүн
Хайрлан дурлах бүсгүйтэй болохоор би жаргалтай эр
Хавартаа зорих нутагтай болохоор би хувьтай хүн
Би жаргалтай...
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )