Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан "Asia try 2011" аялал энэ сарын 26-наас ирэх сарын 5-ны хооронд манай улсад болно. Энэхүү аялал нь 1986 онд Японоос эхэлсэн бөгөөд 1999 онд Тайландад, 2001 онд Япон, Солонгос хамтран зохион байгуулж, 2007 онд Солонгост, 2009 онд Тайваньд болжээ. Хоёр жилд нэг удаа тогтмол зохион байгуулдаг "Asia try 2011"-ийг энэ онд Камбожид зохион байгуулахаар төлөвлөсөн ч Япон, Солонгосын удирдлагууд "Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих аялалыг зохион байгуулах нь зүйтэй" гэж үзжээ. Энэхүү 10 хоногийн аяллыг “Түгээмэл хөгжил" төв зохион байгуулж, МASA буюу Америкт сургууль төгсөгчдийн холбоо санхүүжилт олоход нь дэмжиж тусалсан байна. Япон, Солонгос, Тайвань, Пакистан, Камбожи зэрэг найман улсын хөгжлийн бэрхшээлтэй залуус нэгдэж энэхүү аяллын Кокорозаши сүлжээг үүсгэн ажилладаг. Аялж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн хумүүст өөрсдийгөө таниулах, зөвөөр ойлгож мэдрүүлэх ажлыг зугаатай хэлбэрээр амжуулдаг юм. Тэд ингэснээрээ нийгэмд нөлөөлөх зорилготой."Asia try 2011" аялалд оролцох 75 хүний тал нь тэргэнцэртэй, бусад нь тэдэнд туслах залуус юм. Бүгдээрээ гурван багт хуваагдаад эхний хэсэг нь Багануур, нөгөө нь Эрдэнэт хуртэл, гурав дахь баг Улаанбаатараар аялах юм. Тэргэнцэртэй хүмүүст зориулсан дэд бүтцийн стандартыг манай улсад баталсан хэдий ч хараахан хөгжөөгүй. Тиймээс тэргэнцэртэй аялагчид вагон, нийтийн автобус зэрэг зорчиход хүндрэлтэй тээврийн хэрэгслээр замд гарах нь.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )