4 их наядын хөрөнгөтэй  төрийн өмчит 18 компани зах зээлийн үнэлгээнд орж тооцогддоггүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 26

Энэ оны хагас жилийн байдлаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК дээр нийт 199 хувьцаат компани бүртгэлтэй, нийт 2.5 их наяд төгрөгийн үнэлгээтэй байна. Үүнээс 30 компани нь нийт үнэлгээний 90-ээд хувийг эзэлж байгаа бол нийт хувьцааны арилжааны үнийн дүнгийн 92 орчим хувийг 20 компанийн хувьцаа эзэлж буй юм.

Арилжааны идэвх муу байхад суурь олон хүчин зүйл нөлөөлж байгаа гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлж байна.

Тэрбээр “Өмч хувьчлалаар үүссэн, хувьцааны төвлөрөл ихтэй компаниудаас гадна төрийн 100 хувийн өмчтэй компаниуд ихээхэн нөлөөлж байдаг. Жишээлбэл төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой нийт 28 хувьцаат компани байгаагаас 100 хувь төрийн өмчит 18 хувьцаат компани байна. Эдгээр төрийн өмчит компаниуд биржид бүртгэлтэй боловч хувьцаа нь биржээр арилжаалагддаггүй, тайлан тэнцлээр хөрөнгийн нийт дүн нь 4 их наяд гаруй төгрөг боловч зах зээлийн үнэлгээнд орж тооцогдох боломжгүй байдаг.

Саяхан Улсын Их Хурлаас батлагдсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэн, өмч хувьчлалыг үе шаттай, үр дүнтэй явуулна гэж оруулсан, мөн Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасан байдаг. Эдгээр стратегийн орд газрууд болон төрийн өмчит томоохон компаниудыг хувьчилж, хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа нь арилжаалагдах тохиолдолд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, арилжааны хэмжээ, хөрвөх чадвар нэмэгдэх, улмаар хувьцааны төвлөрөл буурах зэрэг олон эерэг үр дүн гарна.

 

Төрийн өмчийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй хувьчлах нь цаашид компанийн засаглал, мэдээллийн ил тод байдал сайжрахын хэрээр ашигт ажиллагаа нэмэгдэх, цаашлаад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд томоохон алхам болно гэж харж байна. Мэдээж төрийн өмчит компанийг хувьчлахдаа эхлээд компанийн засаглалыг хөгжүүлэх, мөн зах зээлийн үнэлгээг зөв тогтоохоос эхлээд төрийн өмчид үлдэх, стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгох хувьцааны хэмжээг зөв тогтооход анхаарах нь чухал” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top