АЯНЫ БОГЦ: Адуутай нутаг, айрагтай намар ийм л сайхан

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

“Намрын дунд сарын хурим намаржаанаас намаржаанд өртөөлнө. Нарийн сайхан хээр, Хүрэн толгойн сүүдэр дуулагдана. Наянтай, Ерэнтэй буурлууд наад цаад голдоо заллагатай, ай Намар ай” хэмээн нийтлэлч Б.Золбаярын нэгэнтээ өгүүлсэнчлэн нутаг нутгийн хөрсөнд намрын өнгө оржээ. Тэр дундаа Булган хангай нутагт булга, суусарын сор шиг намар айлчилсан байна. Булганы ийм л намрыг хөхүүрийн чимчигнэсэн айраггүйгээр төсөөлөхөд бэрх.

Яг ийм намарт Цогт-Очирын Анандбазар гишүү­ний ивээл дор зохиогдох “Айрагны баяр”-ын заллага сумд дамжин өртөөлсөөр намрын тэргүүн сарын шинийн дөрөвний өдөр Бул­ган аймгийн Орхон сумын нутагт боллоо. Тэд үнэхээр адууг өсгөж, айргийг исгэж чаддаг гэдгээрээ аархаж байна. Өрмийн цагаан нуурынхаа хөвөөнд “Тоодон панзын өргөө” шиг олон цагаан гэрүүд, асар, майхнууд ярайтал барьж аваад 10, 20 мянгуулаа чуулж зөвхөн айраг тойрсон наадам яаж хийдгийг харууллаа. Хурдан морьгүй, бөхийн барилдаангүй, сур харваагүй хэрнээ хүмүүсийн үзсэн хамгийн сайхан баяр энэ болсон болов уу.Энэ өдөрлөг, баярт ирсэн гийчдийг дэмбээний асарт урьж шилдэг айргийг шалгарсан хөхүүрээс ховоодон шар хул дүүргэн барьж байлаа. Баярын төв талбайд хэдэн зуун адуу хуйлруулан хөөж ирээд уурга бугуйл шидэн эмнэг хангалын нуруунд эмээл хазааргүй мордох эрчүүдийн ид хавыг үзэж сонирхоно гэдэг үнэхээр гайхалтай. Хос морь гэж дуулснаас хос жороо морь байхыг үзэж сонирхсон хүмүүс тэр бүр таараад байдаггүй болов уу. Харин Булган аймагт жороо хос морь хэдэн арваараа байдаг байна. Хурсан түмний өмнүүр жороо хос морьтой галигуулан гайхуулах малчин түмний хийморийг бахдахгүй байх аргагүй. Булганчууд энэ өдөр зөвхөн адуу, айраг хоёроороо гайхуулаад зогссонгүй. Нүүдэлчин түмний их өв дэмбээний тэмцээн зохион байгуулахын зэрэгцээ хул, хөхүүр, хараа, ширээ гэх мэтээр айраг дагасан эдлэлийн ур хийцийг гайхуулан өрсөлдөж шилдэгүүдээ шалгарууллаа. Үүний зэрэгцээ хүмүүсийн анхаарал татсан нэгэн тэмцээн зохиогдсон нь “Айраг хэн сайн уух вэ”. Адуутай, айрагтай Булган түмний эмэгтэйчүүд нь хоёр минутад 2.5 литр, эрчүүд нь 4.5 литрийг уучихаад хэнэг, гудиггүй босч явахыг харах бас л нэг содон агшин байлаа. Адуутай нутаг, айрагтай намар ийм л сайхан даа гэмээр булганчууд архиа баг ууж айргаа тааваараа зооглож наадахыг үзэж бас сурвалжилсан нь энэ.  

Ийнхүү Булган аймгийн 16 сумын малчин түмэн адуу дагасан соёлоороо өрсөлдөн наадсанаас “Сайхан айраг” шалгаруулах тэмцээнд Орхон сумын гуравдугаар багийн иргэн Ч.Пүрэвсүрэнгийн айраг тэргүүлсэн бол Баян-Агт сумын Х.Баасандорж, Могод сумын Н.Батжаргал, Сайхан сумын нэгдүгээр багийн М.Санжаамижидийн айраг удаах байруудыг эзлэлээ. МҮОНРТ-ийн уран уурга, бугуйл, эмнэг сургах, ташуур шүүрэх Адуучин тэмцээнд Хишиг-Өндөр сумын Х.Банзрагч 42 оноогоор тэргүүн байрт шалгарч 38 оноогоор Дашинчилэн сумын Б.Ариунбуян, 35 оноогоор Хутаг-Өндөр сумын Д.Мягмардорж, 31 оноогоор Рашаант сумын Ж.Мөнхбат, Булган сумын Р.Шүхэрт нар удаах байруудад шалгарсан юм. Ийнхүү багийн нийт оноогоор Хишиг-Өндөр сум шалгарч шилжин явах цомыг хүртэж ирэх жилийн айрагны баярыг зохион байгуулах эрхийг авлаа. 

“Анхдагч хөгжил” клубээс санаачлан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ивээл дор зохиогдсон “Цагаан идээ, айраг сурталчилах өдөрлөг” айрагны баяр наадамд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Бурхны шашины тэргүүн хамба Д.Чойжамц, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, АНУ-аас Монгол Улсад суух Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески нарын албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Өнөөдөр Ковид-19 цар тахал дэлхий нийтийг түгшээж байхад Монгол Улс, тэр дундаа Булган аймаг айрагны өдөрлөгөө зохион байгуулж баярлаж, наадаж байна. Энэ бол эрүүл энх, саруул сайхан байхын ерөөл гэж үзэж байгаа. Айраг бол эмийн чанартай, хоолны дайтай, ундааг оролдог шидтэй. Дэлхийд өөр хаана ч байхгүй айрагны түүх маань эзэн Чингис хааны үеэс түүхэнд бичигддэгийг та бүхэн мэднэ. “Чингис хаан Тайчуудаас зугтаж явахдаа Сорхон шарын гэрийг шөнөжин бүлэх айрагны чимээнээр олсон” гэж Монголын Нууц товчоонд бичсэн байдаг. Тэгэхээр айраг гэдэг ундаа Монголчуудын түүх, ахуй соёл, аж амьдралын маань салшгүй хэсэг юм. Өнөөдөр Дэлхийн оюун ухааны тэмцээнээс 100 медалийн 70-ыг нь монголчууд авч байна. Энэхүү амжилт айраг гэдэг ундаа оюун ухааныг тэтгэдэгт байдаг гэж би боддог. Миний аав, ээж эмч хүмүүс. Тэд маань надад “Эхийн сүүг оролдог, эхийн сүүтэй хамгийн ойр найрлагатай бүтээгдэхүүн бол гүүний саам” гэдгийг бага ахуйгаас минь хэлж өсгөсөн. Тэгэхээр эхийн сүүг орлох эрдэнэт сүү бол гүүний саам байх нь. Германы пивоны баяр гэдэг шиг Монголын уламжлалт айрагны баяраа тогтмол хийж дэлхийд гаргах, сурталчилах ажлыг жил бүр уламжлал болгон явуулах болно. Ингэхдээ зөвхөн булганчууд бид биш Монгол Улсад айраг, исгэг хийдэг долоон аймаг бүгд оролцож илүү өргөн хүрээг хамруулахыг зорьж байна” хэмээсэн юм.

Ийнхүү “Айрагны баяр”-т оролцож тэргүүлэн шилжин явах цомын эзэн болсон Хишиг-Өндөр суманд ирэх жилийн айрагны баярыг хийх тов зарлагдаж долоон аймгийн адуучин түмэн рүү түглээ. Дараа жилийн наадам даанч хол бас дэндүү ойрхон байна даа.

Л.ТӨР

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 27

Hujaanuudin bayar diusahguie

0  |  0
Тархигүй төр(202.179.26.56) 2020 оны 08 сарын 27

Өвлийн бэлтгэл хангах их ажоыг сааруулж малчид хөдөө аж аху тариаланчдад гай тарьсан иймэрхүү баяр нэртэй архидалт зохион байгуулсан Анандбазарыг их аурлын гишүүнээс буцаан татаж Булган аймгийн Орхон суманд хадлангийн бригадад өвс хадах ажилд дайчлах нь зүйд нийцнэ.

0  |  0
Top