“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд технологийн зургаан том төсөл хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл юм. Энэ оны 5 дугаар сарын сүүлээр төслийн техник эдийн засгийн үзүүлэлт боловсруулах ажил эхэлж, төслийн гүйцэтгэгч “3B TEC” компани урьдчилсан байдлаар боловсруулан үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх багийнханд ирүүлсэн байна. Саяхан, Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболороор ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, төслийн ажлын явц болон техник эдийн засгийн үзүүлэлтийн урьдчилсан хувилбарыг хэлэлцлээ.
“3B TEC” компанийнхан ТЭЗҮ-г боловсруулахдаа Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх түлхүүр гардуулах нөхцөлт тендерийн техникийн даалгавар, “Голдмэн прожект” компанийн боловсруулсан уурхайн ТЭЗҮ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баримталснаа танилцуулгадаа тайлбарласан. Одоогоор зураг төслийн ажлыг бүрэн дуусаж, баталгаажуулалт хийхээр ХБНГУ-д хүлээгдэж байгаа аж. Тоног төхөөрөмжийн эхний хэсэг ачигдсан. Мөн зарим тоног төхөөрөмж үйлдвэрлэлд орсон бөгөөд ирэх оны 7 сард дуусгахаар төлөвлөж буйгаа “3B TEC” компанийн санхүүгийн зөвлөх Б.Мөнхбилгүүн танилцуулав.
Ажлын хэсгийнхэн ТЭЗҮ болон бусад асуудлаар санал солилцож, асуулт хариулт өрнүүлснээр хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, “3B TEC” компанийн зүгээс ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан батлуулах, Эрдэнэт үйлдвэрийн ажлын хэсгийнхэн технологийн холбогдолтой асуултаа нэгтгэн гүйцэтгэгч компанид хүргүүлэх, ажлын явцын тайланг сар бүр гарган техникийн зөвлөлд танилцуулах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл агуулсан контейнерүүдийг хадгалах, байрлуулах талбайг Эрдэнэт үйлдвэр бэлтгэж, хадгалалт хамгаалалтын ажлыг гүйцэтгэгч компани хариуцаж ажиллах зэргээр шийдвэрлэлээ. Ажлын хэсгийн дараагийн хурлыг ирэх сарын 11-12-ны өдрүүдэд захиалагч болон гүйцэтгэгч компанийн мэргэжилтнүүдийг оролцуулан видео хэлбэрээр зохион байгуулахаар тогтсон байна.
М.Балжинням
Фото: Б.Баттөгс
Сэтгэгдэл ( 0 )