“Ариг” банк болон “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат хорихоос илгээсэн захидалдаа өөрийгөө хохирогч гэж мэдэгдээд буй. Тэрбээр “Номин холдинг” ХХК, Монголбанкны үйл ажиллагаанаас болон хохирсон гэж захидалдаа өгүүлсэн. Тэгвэл Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбат “Ариг” банктай холбоотойгоор дараах мэдээллийг хийсэн байна.
“Монголбанкнаас Банкны тухай хуулийн дагуу банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 2018 оны эцэст 50.0 тэрбум төгрөгт хүргэн нэмэгдүүлэхийг 2015 онд бүх банкинд үүрэг болгосон байдаг. Ариг банкнаас бусад бүх банк үүргийг биелүүлсэн. Гэтэл “Ариг” банкны банкны хувьцаа эзэмшигч нар Монголбанкнаас тогтоосон банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд хүргэж хөрөнгөө нэмэгдүүлээгүй, улмаар хоорондоо маргалдан хувьцаа эзэмшигчдийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөл нь хуралдаж чаддаггүй, шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй болж банкны зохистой засаглал нь бүрэн алдагдсан байсан. Тийм учраас Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк харилцагч, хадгаламж эзэмшигч нарын эрх ашгийг хамгаалах үүргийнхээ дагуу арга хэмжээгээ авч хэрэгжүүлсэн.
Хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл нь аливаа шийдвэр гаргаж чадахгүй байгаагаас тухайн жилийн төсөв нь батлагдахгүй, хөндлөнгийн аудит сонгож чадахгүй байгаа болон бусад олон хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас банкны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болж харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хохирох өндөр эрсдэл үүссэн” гэсэн байна.
“Ариг” банкны хувьцаа эзэмшигч “Анд системс” ХХК-д банкны хувьцааг шилжүүлсэн гэх асуудалд дараах тайлбарыг өгчээ.
“Компанийн тухай хууль, Банкны тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа бусдад худалдах, шилжүүлэх асуудлыг компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэх ёстой байдаг. Иймд холбогдох материалыг хууль, журамд нийцүүлэн Монголбанканд ирүүлэхийг мэдэгдэж байсан.”
Мөн тэрбээр “Ариг” банкинд “Нөхцөлт удирдлагын арга хэмжээ”-г хэрэгжүүлж, хувьцаа эзэмшигчдийн хурлыг дөрвөн удаа хуралдуулсан боловч Монголбанк, түүнээс томилсон Бүрэн эрхт төлөөлөгчөөс тавьсан шаардлагын дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлаар хувьцаа эзэмшигчид нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй, саналын эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа тул хувьцаа эзэмшигчид (“Дэм санхүүгийн нэгдэл” ХХК, “Улаанбаатар импекс” ХХК)-ийн саналын эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Хувьцаа эзэмшигч нар хоорондоо маргалдаж, нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй, Банкны удирдлагын зохистой засаглал алдагдсан байгаа үед харилцагч, хадгаламж эзэмшигч нар өөрийн мөнгөн хөрөнгөө татаж авах нь хэвийн үзэгдэл шүү дээ. Ингэлээ гээд “Ариг” банк харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгөх үүрэгтэй.
Банкны тухай хуульд заасны дагуу урьдчилсан сэргийлэх арга хэмжээний хүрээнд “Нөхцөлт удирдлагын арга хэмжээ”-г хэрэгжүүлж, Монголбанкнаас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч холбогдох хуульд заасны дагуу арга хэмжээг аван ажиллаж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )