Алексей Навальныйн эрүүл мэндийн асуудал "Новосибирск"-ийн сонгуультай холбоотой юу

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 02

Алексей Навальныйн тэргүүлдэг Авлигатай тэмцэх Сан (Фонд борьбы с коррупцией –ФБК) эрэн сурвалжлах чиглэлээр хийсэн киногоо гаргажээ. Уг киноны зураг авалтыг Навальный хордлогод өртөхийнхөө өмнөхөн Сибирьт очиж хийсэн аж. Киноны гол агуулгад мөдхөн явагдах Новосибирск хотын сонгууль болон дахин сонгогдохоор улайрч буй нэгдмэл орос-депутатуудын тухай өгүүлжээ.

Есдүгээр сарын 13-нд Новосибирскт хотын зөвлөлийн сонгууль явагдах бөгөөд “Нэгдмэл Орос”-ын депутатуудтай “Новосибирск-2020” эвслээс нэр дэвшигчид өрсөлдөх юм байна.  Уг эвсэлд өнгөрөх жил Новосибирск хотын захирагчийн сонгуульд өрсөлдөөд хоёрт орж байсан Сергей Бойко тэргүүтэй янз бүрийн сөрөг хүчний төлөөллүүд орж, тэднийг Навальный дэмжиж байгаа аж.

Барилгын лобби


Навальный эрэн сурвалжлага хийх явцдаа Новосибирскийн одоогийн хотын зөвлөлийн нийт гишүүдийн гуравны нэг буюу 50 депутатын 18 нь “барилгачид” эсвэл тэдний төлөөлөл болохыг илрүүлэн анхаарлаа хандуулж, тэднийг “барилгын лоббичид” хэмээн нэрлэжээ.

“Барилгын монополь засаг захиргааны бүхэл бүтэн салаа мөчрийг хамран, өөрсдөдөө зориулсан хууль дүрэм гаргаж, төсөв хуваарилан, хяналтын үүргийг ч өөрсдөө гүйцэтгэж байна. Тэд өөрсдөө барилга барьж, өөрөө өөрсдийгөө шалгаж, өөрөө өөрсдөдөө мөнгө хуваарилан,  өөрөөр хэлбэл, хотыг бүхэлд нь тэд захирч байна” хэмээн эрэн сурвалжилсан бүтээлд дурджээ.

Энэхүү дүгнэлтийг баталгаажуулахын тулд Навальный Новосибирск хотын зөвлөлд одоо ажиллаж буй, мөн дахин өрсөлдөхөөр төлөвлөж буй хэд хэдэн депутатын бизнесийн тухай баримт дээр тулгуурлан кинондоо өгүүлсэн байна. Тэрээр уг кинонд дурдагдсан депутатуудыг хотын зөвлөлд дахин сонгохгүй байхыг уриалаад, “ухаалаг сонголт” хийхийг санал болгосон аж.

Барилгачин-депутатууд


Эрэн сурвалжлагад өртсөн эхний депутат бол нэгдмэл орос-Алексей Жулай юм. Тэрээр хотын зөвлөл дэх баян депутатуудын нэг бөгөөд 2016 онд хамгийн баян депутатаар тодорч байжээ.

Жулай барилга үйлдвэрлэлийн “Дискус” компанийг үүсгэн байгуулагч, хамтран эзэмшигч юм. Уг компани “хүртээмжтэй үнээр барьж байгуулан, худалдаалж борлуулах” стратегийг баримталдаг тухайгаа албан ёсны сайтдаа онцолжээ. Новосибирскийн "Плющихинский", "Просторный" гэх мэт хүн ам олноор суурьшдаг газруудад тус компани бүтээн байгуулалт хийж  байгаа бөгөөд барьсан барилгуудынх нь чанар маш тааруу талаар эрэн сурвалжлагад онцолсон байна.

Навальный “Новосибирск-2020” эвслээс нэр дэвшиж байсан Даниил Маркеловын хамт “Плющинский” дэх суурьшлын бүсээр яван сурвалжлага хийсэн юм байна. Маркелов хотын зөвлөлийн сонгуульд Жулайн эсрэг хүчтэй өрсөлдөгчөөр яригдаж байсан боловч наймдугаар сарын 31-нд шүүх түүний сонгуульд оролцох эрхийг хүчингүй болгосон нь Жулайн шаардлагаар хийгдсэн үйлдэл хэмээн ФБК хардаж байгаа аж.

Бетон хавтангийн үйлдвэр Жулайн эзэмшилд хамаардаг бөгөөд “Дискус” эдний хавтангаар байшин барьж байгаа хэмээн ФБК үзэж байна. Түүнээс гадна, дээдэх удирдлагын компани нь Жулайд мөн хамаардаг учраас “Плющинскийн” оршин суугчдын төлдөг ус, цахилгаан, дулааны мөнгө ч энэхүү депутатын халаасанд ордог хэмээн эрэн сурвалжлах киног бүтээсэн зохиогчид дүгнэжээ.

Навальныйн үзэж буйгаар, хотын зөвлөлд Жулай дахин сонгогдохоор улайрч байгаа нь түүний барилгын ашиг сонирхлоос үүдэлтэй гэнэ. Хэрэв хотын шинэ эрх баригчид нь барилгачдаас хамааралгүй хүмүүсээр бүрдэж чадвал тэдний барьсан чанар муутай барилгуудыг шингээх газаргүй болох нь мэдээж.

Жулай бол Новосибирск хотын томоохон барилга үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд энэ онд мөн л хотын депутатуудын нэг болох нэгдмэл орос Кирилл Покровскийн ард эрэмбэлэгджээ. Покровский 2018 онд 75,5 сая рублийн хөрөнгө орлогын мэдүүлгээр хотын зөвлөлийн хамгийн баян депутатаар тодорч байсан бөгөөд энэ удаагийн сонгуульд ч Жулайн адил дахин өрсөлдөхөөр төлөвлөж байгаа аж.

ФБК-ийн эрэн сурвалжлагад өгүүлснээр, Покровскийн эцэг Евгений Покровский Новосибирск мужийн иргэдийн хурлын дэд дарга, харин ээж нь мужийн захирагчийн албанд ажилладаг юм байна. “Манай депутатын аав Евгений Николаевич захиргааны түшмэл хэдий ч төмөр бетон хавтангийн үйлдвэрийн эзэн болжээ. Цааш нь та бүхэн мэдээж, таамаглаж байгаа байлгүй. Байшин барилгуудын бетон хавтангууд, үл зогсох нэгэн хэвийн бүтээн байгуулалтууд...” хэмээн онцлон дурджээ.

Мөн хотын зөвлөл дэх бас нэгэн депутат болох Евгений Яковенкогийн тухай тэнд өгүүлсэн байна. Тэр бол Новосибирскийн “Нэгдмэл Орос”-ын удирдагчдын нэг юм. Яковенко ахмадын байгууллагууд хариуцдаг хэдий ч барилгатай бас холбоотой хэмээн Навальный баталжээ. Түүний хүү Новосибирскийн “Уютный” бичил хорооллыг барьсан компанийн захирал юм байна.

Оршуулгын бизнес


Эрэн сурвалжлах баримтат кинонд дурдагдсан дараагийн депутат бол Сергей Бондаренко. Тэрээр Новосибирск дэх оршуулгын бизнесийг эрхэлдэг юм байна.

2000-аад оны эхээр Бондаренко Новосибирскийн ИМИ оршуулгын товчооны дарга байсан бөгөөд дараа нь ижил нэршил бүхий хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулан захирлаар нь эхнэрийнхээ ахыг томилжээ.

“Цааш нь, оршуулгын бизнест хамаарч болох бүхий л зүйлс хийгдсэн. Суурь хураамж орон нутгийн товчоонд хамаарах бөгөөд харин талийгаачийг хувцаслах, будаж янзлах, шарилын нүх ухах гэх мэт нэмэлт үнэтэй үйлчилгээнүүдийг тэд хариуцдаг байсан. Талийгаачийн ойр дотныхон эдгээр үйлчилгээг авч төлбөр төлөхгүй бол оршуулга хийж чадахгүйд хүрч байсан” хэмээн кинонд өгүүлжээ.

Дашрамд дурдахад, “Би-би-си”-гийн орос албаны зүгээс кинонд дурдагдсан эдгээр мэдээллүүдийн талаар тайлбар хийнэ үү хэмээн нэр бүхий дөрвөн депутатад хандан хүсэлт илгээсэн бөгөөд одоогоор хариу аваагүй тухайгаа өгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top