Намар, өвөлжилтийн бэлтгэл ажил 30 хувийн биелэлттэй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 02

Эрдэнэт үйлдвэрийнхэн “Их зогсолт”-ын засвар үйлчилгээний ажлаас эхлэн намар, өвлийн бэлтгэлээ эрчимтэй хангаж байна. Энэ онд намар, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд үндсэн технологийн тоног төхөөрөмжийн бэлтгэл хангах, эрчим хүчний тоног төхөөрөмж болон системүүдийг бэлтгэх, аж ахуй, нийгмийн барилга байгууламжийн бэлтгэл, түүхий эд материалын хангамж гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр нийт 292 ажил төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар, үйлдвэрийн ерөнхий захирлын А/313 тоот тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу 90 ажил нь 80-100 хувиар биелсэн байна. Энэ ажилд бүтцийн бүх цех нэгжүүд анхаарал хандуулан ажилласнаар төлөвлөгөөний 30.5 хувийг биелүүллээ, гэж Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч Д.Нямдорж онцоллоо.

Төлөвлөсөн нийт ажлын 7.5 хувь нь 60-79 хувь, 8.9 хувь нь 40-59 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол 40 хүртэл хувийн биелэлттэй ажил 12.3 хувийг эзэлж байна. Тухайн ажлын онцлогоос хамаарч, намар өвөлд  бэлтгэх төлөвлөгөө цаг хугацааны дараалалтай. Өөрөөр хэлбэл, төлөвлөсөн бүх ажлын 40.7 хувь нь эхлэх хугацаа болоогүй ажлууд байгаа аж. Энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаагаас өвөлжилт хүндрэх төлөвтэй тул цех нэгжүүд онцгой анхаарч, төлөвлөгөөнд заасан хугацаанд бэлтгэлээ бүрэн дүүрэн хангах чиглэл авчээ. Үйлдвэрлэлийн хэлтсээс долоо хоног бүр төлөвлөгөөний явцыг дүгнэн, хяналт тавин ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top