
Азийн хөгжлийн банк (АХБ) шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих зорилгоор 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг нэмж олгохоор болжээ. Уг буцалтгүй тусламжийг Япон улсын Засгийн газрын санхүүжилттэй Ази Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаас олгох юм байна.
Тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран “Монгол Улс COVID-19 цар тахлын эсрэг цогц арга хэмжээ авч ажилласны үр дүнд дэлхий нийтэд тохиолдсон нийгмийн эрүүл мэндийн хямралаас харьцангуй ангид байна. Гэвч эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгаа нөөц дутагдаж байгаа тул АХБ-наас үзүүлж буй энэхүү дэмжлэг нь эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, оношилгоо, эмчилгээний хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг шаардлагатай нөөцөөр хангахад зориулагдах болно” гэлээ.
Монгол Улс COVID-19 цар тахлыг дотооддоо тархаахгүй байхад чиглэсэн тандалт судалгаа болон карентины арга хэмжээг сайтар хэрэгжүүлсэн. Гэвч эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэлтэй тулгараад байна. Тухайлбал, 2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 9.7 хувиар огцом агшсан бөгөөд судалгаа шинжилгээний голлох байгууллагуудын төсөөллөөр оны эцэст эдийн засгийн өсөлт сөрөг утгатай гарахаар байна.
COVID-19-ын халдвар авсан өвчтнүүдэд тусгаарлалтын дэглэм сахиулах, эмчилгээ, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нь нэн чухал хэдий ч холбогдох нөөц бололцоо дутмаг хэвээр байна. Ийм үед дэлхий дахины нөхцөл байдал улам хүндэрсэн тохиолдолд эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэж, цар тахлын эсрэг бэлэн байдлыг хангаж чадахгүйд хүрч болзошгүй. Тиймээс АХБ-наас үзүүлж буй энэхүү буцалтгүй тусламж нь цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх Монгол Улсын үйл ажиллагааг дэмжихэд чухал нөлөөтэй юм. АХБ нь Мөчлөг Сөрсөн Дэмжлэг Үзүүлэх Хэрэгсэл (МСХСХ)-ийн хүрээнд цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй ноцтой сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг үзүүлсэн. Энэхүү МСХСХ нь АХБ-наас энэ оны дөрөвдүгээр сард зарласан COVID-19 цар тахлын эсрэг хөгжиж буй гишүүн орнуудад хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг дэмжих зорилготой 20 тэрбум ам.долларын өргөжүүлсэн санхүүжилтийн нэг хэсэг гэж мэдээлэлд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )