Орон нутгийн сонгууль Ерөнхийлөгчийн сонгуулийн “ИХ СУНГАА” болох нь

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Орон нутгийн сонгуульд МАХН, АН, ШИНЭН нэгдэж орохоор болов. Үүнтэй зуузай холбон, улс төрийн намуудад үзэл баримтлал ч алга. АН үнэхээр арга ядаж байна хэмээн шуугих аж. Гэвч үүнийг Н.Энхбаяр, Ц.Туваан, Ж.Батзандан нар болон удирдлагууд уулзаад шийдсэн ч хэрэг биш байх. Үүний цаана Ерөнхийлөгч Х.Баттулга байх шиг. Тодотговол Х.Баттулга айсуй 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн “Их сунгаа”-г Орон нутгийн сонгуулиар зохион байгуулаар төлөвлөсөн бололтой. Өөрөөр хэлбэл туршилт хийж, баримжаа авахыг зэхсэн байж болох юм. Тэгэхээр хүч хавсарч байгаа намууд Орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох нь ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгийг тодорхойлох нь. Орон нутагт ялалт байгуулж, АН, МАХН, ШИНЭН-аас хүмүүсээ томилж чадвал Ерөнхийлөгч анхан шатны нэгжид баттай “хөл”-тэй болох учраас санадаг л санаа. Сонгууль бол сонгууль.Нийслэлийн АН-ыг гартаа авсан гэх Ерөнхийлөгчийн сонгуулийн тактик ийнхүү үргэлжлэх ч илүү нарийн төлөвлөгөө боловсруулсан нь цөөнгүй байгааг эх сурвалж дуулгалаа. 

Тэрээр хэн ч тоохгүй хаягдсан Н.Энхбаяртай сүжрэх болсны цаана энэ мэт тохироо ч хамт байсан нь ойлгомжтой. Улс төрийн тавцанд эргэж гарах боломжгүй болсон Н.Энхбаярын авралын ганц од нь Х.Баттулга байж таарна. Юуны өмнө бүх шатны сонгуульд Н.Энхбаярын нэр дэвших эсэхийг өдгөөгийн Ерөнхийлөгч шийдвэрлэж чадах бүрэн эрхтэй. “Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг аливаа шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэсэн заалт өдгөө Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх хооронд хана мөргөсөөр яваа. Тэгээд ч Н.Энхбаярын өдүүлсэн гэх хэрэг нь “авлига, албан тушаалых биш” гэдгийг олон хуульчид тайлбарлаж байгаа болохоор шинэхэн хамтрагч нь гацаанаас гаргаад өгчих байх. Хэрвээ ашигтай бол шүү дээ.

Түүнийг айсуй Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигчийн саналыг хуваах зорилгоор ашиглаж болох нэг хувилбар байгаа ч эрсдэлтэй. Дундуураа л алдчихгүй бол саналыг жинхэнэ утгаар нь самарна. АН, МАХН, ШИНЭН Орон нутгийн сонгуульд хүч хавсарсан хэвээрээ Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дэмжиж орох хамгийн боломжтой хувилбар бас бий. Үүнээс өөрөөр түүнтэй яаж ч тохирч болно. МАХН бол ШИНЭН-ыг дагуулахгүй маш том хүч учраас тэд Ерөнхийлөгчийн ивээлд орсон нь тодорхой.

ШИНЭН-ын хувьд гишгэх газаргүй болсон, ямар ч цаг үед бие даах чадваргүй улс төрийн хүчин гэдгээ харуулсан. Удирдагчид нь ч рейтинг тааруу улстөрчид гэдгээ ойлгосон байх. ШИНЭН гэдэг нэр байгаа болохоос бус Лу.Болд, Ж.Батзандан нар сонгуулийн маргааш л АН-д эргээд орох тухай бодсон байж таарна. Тэднийг дагаж намаасаа гарсан, багагүй хөрөнгөөрөө хохирсон хүмүүс л хөөрхий болж үлдэнэ. Тэр хоёрт алдах юм байхгүй. Эрх баригчидтай тохироогоо хийж, эрх ашгийнхаа төлөө тэр чигтээ яваад сонгуульд унасан хүмүүс. Тэд ашиг сонирхлын төлөө хэнтэй ч нэгдэж, бас хэнээс ч урваж чадна гэдгийг нэгэнт мэдэх болсон учраас гайхах хэрэггүй. Нөгөө талаас Х.Баттулгын сонгуульд бэлдэж байгаа нэг хөзөр нь С.Зоригийн хэрэг байж болох талтай. Энэ тал дээр рейтингээ өсгөх гэж зүтгэсэн Ж.Батзанданг өмнөө тавин,  өөрөө шийдвэрлэсэн баатраар тодорч, оноо цуглуулах тактик байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч С.Зоригийн хэрэгт холбогдон ял эдэлж байгаа нөхдийг эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын газрын дарга асан Б.Хурц, Прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг яллаад явуулчихлаа. Энэ нь эхний алхам байх. Дараагийн хөзөр нийт монголчуудад сонин байгаа учраас энэ сонирхол дээр дөрөөлж, ямар нэг зүйл хийнэ. Хэлмэгдэлгүй л өнгөрөөсэй гэх хүмүүс бий. Нөхдийн үзэж байгаагаар бол С.Зоригийн хэрэгт холбогдон ял эдэлж байгаа нөхөд гэм зэмгүй хэлмэгдсэн хүмүүс гэдэг. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж ч хэлдэг, Ж.Батзандан гээд олон хүмүүс хүртэл ийн өчдөг. Тэгэхээр энэ хэргийн эзэн гэж нэг юм уу, нэг хэсэг дүр тодрохыг байг гэхгүй. “Хэрэг мянган жил болсон ч хуучирдаггүй” гэдэг дээ.

Түүнд нэг том гай бий. Тэр нь Х.Баттулгын сонгуульд ямар нэг байдлаар нөлөөлөхүйц Ц.Элбэгдорж. Хөл хорионы дэглэм дундуур Монголд ирэхдээ Х.Баттулгыг заналхийлж, сонгуульд дахин өрсөлдөхөө ч илэрхийлж байсан. Гэтэл Ерөнхийлөгч өөрөө Ц.Элбэгдоржид холбогдох 170 гаруй хуудас материалыг хуулийн байгууллагад шалгахыг хүсэн өгсөн. Олон хуудас материал дотор Ц.Элбэгдоржийн хувь заяа бий. Энэ нь хаашаа эргэж байгааг өнөөдөр мэдэх аргагүй ч сонгуулийн өмнө нэг тийшээ болох байх. Х.Баттулга, Н.Энхбаяр хоёр дайсан нэгтэй гэж болох. Тэр нь Ц.Элбэгдорж. Нэгийг нь шоронд суулгаж, нөгөөг нь суулгахыг завдсан энэ нөхрийн эсрэг ашиг сонирхол нэгдэхдээ л нэгдэнэ. Ашиг сонирхлоос гадна Ц.Элбэгдорж Х.Баттулгын замд ямар нэгэн хэлбэрээр саад болох хамгийн том дүр учраас энэ тал дээр санамсаргүй төлөвлөгөө гарч ирэхийг үгүйсгэхгүй. 

Ерөнхийлөгчийн ойрын үеийн төлөвлөгөөнд АН-ын даргаар өөрийн хүнийг томилох зайлшгүй шаардлага байгаа. Түүнд МоАХ гэх хүчирхэг фракци байдаг ч лидер байдаггүй. МҮДНЯК Лу.Болдыг лидерээр тордох уу, поп Ж.Батзанданг тордох уу гэдэг асуудал үүсэж байгаа болов уу. АН-ын даргад өрсөлдөгчгүй ороод ирж мэдэх Д.Эрдэнэбат, Да.Ганболд, С.Баярцогт тэргүүтэй нөхөд ял авсан учраас даргын сунгаа тэд наргүйгээр явагдана. Ч.Сайханбилэг Монгол Улсад орж ирэх эрхгүй харьд амьдарч байна. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг буланд шахчихсан гэхээр тэдний хэрэг энд байхгүй. С.Эрдэнээс эхлээд индэр дээр гарах хүсэл байлаа ч айдсандаа хүлүүлээд дуугарч чадахгүй байх. Ерөөсөө АН-ын лидерүүд торны цаана, зарим нь “Их айл”-ын босгон дээр цаашаа ч үгүй, наашаа ч үгүй байгаа учраас АН-ын даргын сунгаанд хэн тодрох вэ гэдэг нь тодорхой болж байна. Ерөнхийлөгчийн бөөрөнд зөвлөх нэрээр наалдсан Лу.Болдын нэр дуулдах болсон нь санаандгүй хэрэг биш байх. Ингэхээр Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас хэн нэр дэвших эсэхэд ч оролцох хандлагатай байгааг МАН ч анзаарч байгаа байх.

Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан намд том боломж бий. Учир нь дараа дараагийн сонгуульд амжилт гаргах нэгэн том эх үүсвэр болно. Сөрөг зүйл нь гэвэл МАН засаглаж байгаа үед АН, МАХН-аас дүүрэг аймагт ялалт байгуулбал, хоорондын зөрчил үүснэ. Ажил гацдаг. Тэр тусмаа АН орон нутагт засаглавал энэ Засгийн газрын шийдвэр хэрэгжинэ гэж үгүй. Тэдний ажлын гол шугам бол эрх баригчдын ажил үйлсийг харлуулахад чиглэдэг муу зуршилтай. АН түүхэндээ 2008 онд анх удаа Хан-Уул дүүрэгт ялалт байгуулснаар тус дүүргийн ажил дөрвөн жил гацаж байв. Өдгөө сонгодог жишээ бол Баянзүрх дүүрэг байна. Энэ дүүрэгт сүүлийн найман жил АН засаглаж, тэр хэрээр хэрүүл тэмцлийн талбар болсон. Ийм сөрөг зүйл гардаг гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга анзаарч байгаа ч түүний зорилгын дэргэд өчүүхэн зүйл биз ээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2020 оны 09 сарын 04

Songuulias songuuliin xoorond l amidarch baigaa yum shig baix yum daa!!!

1  |  0
Zochin (202.126.89.132) 2020 оны 09 сарын 04

Ene mongol uls ene2 namiin baiguulsan uls ymuu \nbuun hervvl ataa jutuu awlga heel haahuulaar garch ersen uls ard tvmenee uls ornoo bodhuu butsaad garsan munguu olhiin tuld\n luiwraal hiih baihdaa

1  |  0
Top