Фельетон | ЗАМ, НАМ, ТАМ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Замын түгжрэлд тарчилж буй нийслэлчүүд сүүлийн хэдэн өдөр нийтээрээ гарц, гаргалгааг эрчимтэй эрэлхийлэх болж. Сонгуулийн шуурганы өмнө зам, барилга, хот төлөвлөлтийн инженерүүд ч олноор төрөв. Тэглээ гэвч түгжрэлийн эсрэг оготно боож үхэх төдий нэмэр болохгүй гэдэг нь тодорхой. Тиймээс замын түгжрэлийг арай өндрөөс буюу манайдаа хамгийн боловсорч, мэргэшсэн 100 жилийн түүхтэй  намын бодлогоор хараад үзье.

Хичээлийн шинэ жил эхэлж Улаанбаатарын зам залхаан цээрлүүлж, уйдаан хашраах нэг төрлийн там болсон нь намаас шалтгаалсан гэлцдэг. Ер нь иргэдийн дунд замын түгжрэлийн талаар ийм нэг буруу ойл­голт олон жилийн турш явж байгаа. Одоо нэгэнт Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн учраас энэ ужиг буруу ойлголт, нийтийн төөрөгдөлд дорвитой тайлбар хийх цаг нь болсон. Сүүлдээ олонх, цөөнхийн асуудал болж, цөөн хэдэн ажил хийж байгаа даргаа нийтээрээ чичилж эхэлдэг. Уг нь олонх энэ асуудлыг шийдвэрлэх давуу эрхтэй. Замын түгжрэлийн шалтгааныг аваад үзье. “Приус” тэргүүтэй хямдхан машин л олонхыг бүрдүүлж байгаа биз.

Иргэдийн олонхыг харвал, ядуу дундаж хямд машин лизингдэх хэмжээний. Ардууд хүүхдээ буруу талдаа жолооны хүрдтэй автомашинаар зөөдөггүй бол юу боллоо гэж олонхоороо зам дээр тамаа идэх вэ. Түүнээс ардын намд асуудал байгаа юм биш. Нам дээр хийгдсэн тооцоо судалгаанууд дүн ингэж гараад байгаа юм. Саяхан замын түгжрэлийн асуудлаар зам дээр “”Зөрчлийн хууль”-ийн дагуу торгох үүрэгтэй албанаас маш ноцтой мэдэгдэл хийсэн. Иргэд энэ байдлаараа “Приус” машин нэмэн худалдаж авсаар байвал Улаанбаатар тэг зогсоход хүрнэ гэж. Тэгэхээр бензин бага идэж, агаарын бохирдол бага үүсгэдэг гэх “Приус” автомашиныг иргэдэд хямд үнээр худалддаг ченжүүдийг намын үндэслэгч Сүх жанжны талбай дээр “Зөрчлийн хууль”-ийн хамгийн хүнд зүйл ангиар шийтгэхээс нааш энэ зам там хэвээр байх болно. Ёс ёмбогор, төр төмбөгөр, нам илүү бүдүүн гэдэстэй учраас үүнийг хотын даргад чиглэл болгож өгвөл зохилтой.   

Ийм төрлийн зохиомол түгжрэлээс сэргийлэн Хятадын барааны сайтаас алтан шар хашаа захиалан авчруулсан юм. Гэвч олонх иргэд төрд тэрсэлсэн. Тэрслэгчдийн гайгаар улсын төсвөөс олон зуун сая төгрөг зарлагадсан шар хашааг автомашин олноор зорчдог зам бус хүний нүдэнд бага тусах газар зөөвөрлөхөд хүрсэн. Хүч нэмэгдүүлэн авто замын ачааллын гол зангилаа болох улсын төв талбайд төрийн билэгдэл бүхий боржин чулууг халхын цуутай лам хараар аравнайлуулан харуул занги маягаар шигтгэж өгсөн. Энэ нь нэг талаас нам төрийн бодлого, нөгөө талаас там болсон замын гэсгээлийг сүсэглэн хариулах арга хэмжээ байлаа. Тэгээд ч дэлхийд танигдсан аудитын байгууллагаас гадна намын дэргэдэх олон улсад нэр хүнд бүхий хэд хэдэн төрийн бус байгууллага, Монголын сансрын өндөр технологийн түгжрэл судлах хүрээлэн, “Сүүн замын цацлаа аврах ээжүүдийн нэгдэл”, “Хурдан гутал урлаач аавуудын холбоо”, “Түгжрэлд ч босоо Монгол” тэргүүтэй иргэний хөдөлгөөнүүд хамтран “Энэ төрийн нүдээ олсон ажил”-аар санал нэгтэй шалгаруулсан  энэхүү бүтээн байгуулалтыг мөн л хутган үймүүлэгчид суурьнаас нь хөдөлгөхөд хүргэсэн. Байрнаасаа нэг хөдөлсөн монгол боржин чулуу гурван жил зовдгийн жишгээр хотод булангаа олж өгөхгүй нулимс дууслуулж байгаа сурагтай. Ингэж Чингэлтэй, Баянзүрх тэргүүтэй нутгийн сахиусуудыг хилэгнүүлснээр энэ зун Улаанбаатарын гудамжинд нийтийн тээврийн автобус живэх хүртэл тэнгэр хангай хилэгнэлээ. Тиймээс олон нийтийг түгжрэлд турхирагчдыг интернэтээс шүүн илрүүлж, хэлсэн үнээр нь худалдаж авах арга хэмжээг намын бүх шатанд тууштай зохион байгуулахыг шуурхайлах. Харин тэдгээр чулууг бүтээн байрлуулсан тухайн жилийн шилдэг байгуулалтад өгдөг төрийн “Их гэрэгэ” шагналыг хүртээн, алдаршуулбал зохилтой. Тамын тогоо шиг болсон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх хамгийн оновчтой арга бол энэ.

Энэ мэтээр иргэд намаа хүндлэх тал дээр дутуу дулимаг байдаг нь бүтэн гурван хоног нойр хоолгүй гүүглээс хайж гаргасан авто замын мега төслүүдийг цаашид хэрэгжүүлэхэд хүндрэл, санаатай саад учруулж байгаа. Уг нь өнгөрч буй дөрвөн жилийн төгсгөлд усан оргилуур барьснаар сүүлийн 30 жилд анх удаа замын түгжрэлийг тодорхой хувиар бууруулсан үсрэнгүй амжилт гаргасан юм. Монголын түүхэн дэх хамгийн үнэтэй замыг хүндхэн хэлэлцээрийн зээлээр тавьж чадсан амжилтаа түүчээлүүлж, агаарын трамвай, тэнгэрийн тээврийг нэр нь үл мэдэгдэх эрхэм санаачилсан. Үүнийг манай мэргэжилтнүүд дэлхийн чиг хандлагыг харгалзан үзэж, олон улсын туршлагыг судалсны үндсэн дээр нийслэлд нэвтрүүлэхээр болсон. Ер нь улс орны хөгжил намын алсын хараанд тулгуурласан 20, 30, 50 жилийн цаадах хэтийг харсан байх ч ёстой. Гадаадын  хөгжингүй орнуудад нисдэг машин туршиж эхэлснээс шалтгаалан агаарт зам тавих нь өнөөдрийн бидний зайлшгүй үүрэх ёстой ажил мөн. Эс бөгөөс арлын орноос нисдэг машин импортлох үр хойчдоо гай хурааж мэднэ. Өнгөрсөн сонгуулиар намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр гэж зайлшгүй баримтлах баримт бичиг бас бий. Тус бичиг баримтын үзэл баримтлалын дагуу  эрхэм хайрт нийслэлчүүдээ аз жаргалтай байлгахын тулд нийгмийн бүлэг бүрт, сонгогч бүрт чиглэсэн байдлаар шийдвэрлэх шаардлагатай. Үүнд, нийгэмд тодорхой байр суурь эзэлж буй эмч, сувилагчдын ажлын ачааллыг багасгах зорилгоор түргэний тэрэгний зам, онцгойнхонд галын машины зам, өрх толгойлсон ээжүүдэд чиглэсэн хүүхдийн унадаг дугуйны зам гэх мэт багтана. Цэрэг, цагдаагийн  албан хаагчдыг мартаж болохгүй. Хороо, сууц өмчлөгчдийн холбооны дарга нар зорчих замыг тусгайлан авч үзэх хэрэгтэй. Мэдээж сөрөг намын дэмжигчдийн саналыг татах ажлыг орхигдуулж болохгүй. Сэтгэлийг нь татахын тулд том ташуур атгасан цэвэр монгол цусны морьтой булчинлаг эрчүүдэд зориулсан гүүрэн байгууламж хямд төсрөөр урлах нь маш чухал. Авто замын түгжрэлийг олон улсад, тэр тусмаа дэлхийд тэргүүлэх метро хотууд давхар замаар шийдвэрлэсэн туршлага олон учраас эдгээр төслийг хэрэгжүүлэх хамгийн өндөр боломжтой гэж үзэж байгаа. Энэ мэт тамыг зам болгох намын шийдэл олон доо. Гол нь хэвлэлийнхэн болон олон нийтэд гаргалгаагаа л зөв тайлбарлах хэрэгтэй. Олон нийтэд ах намын ажил түгжрэл гацаагүй үргэлжилж буй мэт харагдах нь чухал...

Төрийн түгжрэлийн төлөө оготно боож үхэхгүйн тулд бүгдээрээ яруу алдарт намууддаа  найдацгаая.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЭЭЛП(182.160.37.17) 2020 оны 09 сарын 07

МЭРГЭЖЛИЙН ЧАДВАРТАЙ АТАМАН ХҮМҮҮСЭЭ ХОТ ТӨЛӨВЛӨЛТ ДЭЭРЭЭ АЖИЛЛУУЛ. ЗОГСООЛГҮЙ ГАНЦ 16 ДАВХАР БАРИЛГА БАТЛААД Л ТА НАРЫН ХИЙГЭЭД Л БГАА ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ, ӨНДӨР ҮНЭТЭЙ ЗАМ ГҮҮРИЙН АЖИЛ салхинд ХИЙСНЭ. ХЭДЭН ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ ДАРАМТЛААД ХОТ ТӨЛӨВЛӨ ГЭЭД 600,000 ЦАЛИН ШААЦАН, ГАРЫН ҮСГЭЭ ЗАРААД ТОГЛОЖ НААДААД УДАЖИЙШДА. ОЛОН ЮМ ХЭРЭГГҮЙ ТЭНД НЬ НӨЛӨӨТЭЙ ЧАДАЛТАЙ ХҮМҮҮСИЙГ АВЧ АЖИЛЛУУЛ ТЭГЭЭД ГҮЙЦЭЭ. УСНЫ ЭХЭЭ АНЗААРАХГҮЙ БАЙЖ ДООД ХЭСГЭЭ ХИЧНЭЭН ЗАСААД ЗАСААД ҮР ДҮНГҮЙ ШҮҮ ДЭ МАЛНУУД ЮМДА

0  |  0
Hehe (202.55.188.43) 2020 оны 09 сарын 06

Hutsaj bgaa shvv

0  |  0
nymaa(59.153.85.125) 2020 оны 09 сарын 06

mashinii osold rul ymar ch hamaagui

0  |  0
Бат(202.9.46.255) 2020 оны 09 сарын 05

За хот одоо яалтай билээ гэвэл Бага нуур нүүрэнтэйн хөндийд хэдэн үеэрээ барилга барих газар бас т үгжирэл тэгэхлээр хаяа багтахаараа бууж барьж амьдрах монгол раншин байна уу хот төлөвлөлтөө гадны эрдэмтдээр хийгэвэл яаси йм

0  |  0
Top