Гадаадад амьдарч байгаа монголчууд маань нутагтаа суугаа иргэдээсээ илүү эх орныхоо хөгжил дэвшилд санаа зовинох болжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Америкт айлчлахдаа тэнд байгаа монголчуудтайгаа уулзахад юун түрүүнд шинэ технологийг нэвтрүүлэх, ингэхдээ зөвхөн уул уурхай гэж явцуурахгүйгээр иргэдийнхээ оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийхэд анхаараач гэжээ. Өөрөөр хэлбэл, Монголыг зөвхөн уул уурхай авч явахгүй, боловсорсон иргэд нь өөд татна гэдгийг сануулсан байна. Мөн Америкийн хэд хэдэн хотод Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-ыг байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлжээ. “Иргэний танхим”-даа тэд Монголын төр засагт хандсан шинэлэг санаа бодлоо төвлөрүүлэн холын Америкаас эх орныхоо хөгжлийн төлөөх үйл хэрэгт оролцох боломжтой болж байгаа аж. Үүний адил бусад улс оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд ч идэвхжиж эхэлжээ. Герман дахь монголчуудын 234 төлөөлөл бүхий сайн дурын клуб байгуулагдан эх орныхоо байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах чухал санаа дэвшүүлсэн байна. Тэд энэ удаа Герман улс атомын цахилгаан станцаас бүрэн татгалзаж дэлхий нийтэд үлгэр дуурайлал үзүүлэх болсонд тус улсын Бундестагийн гишүүдэд хандан талархлаа илэрхийлжээ. Мөн Монголд бусад хөгжилтэй улс орнуудаас цөмийн хог хаягдал булшлах тухай яриа гарч буйд санаа зовинож буйгаа ч хэлсэн байна. Германд одоо нар, салхины болон бусад төрлийн сэргээгдэх эрчим хүчний шинэ технологиуд эрчимтэй хөгжиж байгаа ажээ. Эдгээрээс Монголд нэвтрүүлэх нь чухал гэж тэд үзсэн байна. Иймээс Бундестагийн гишүүдэд цаашдаа манай улстай энэ чиглэлээр хамтарч ажиллахыг уриалав. Ийнхүү эх орныхоо төлөө санаачлага гаргагчид бол жирийн л иргэд. Тэд иргэний ардчиллын зарчмыг харин илүү сайн мэдэрч буй тул шинэ санаа, дэвшилтэт бүхнийг Монголдоо нутагшуулахыг хүсч Германы төрийн эрх барих дээд байгууллагад захидал илгээсэн анхдагчид болж байна.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )