Нэг их сайн сайхны хэмжүүр болсон хүний тухай энэ удаа хөндөхгүй. Монголын төрд бугшсан, идээ бээр болсон “хатиг” шиг хүний талаар өгүүлэх болно. Түүнд оноосон ижий, аавынх нь нэр өөр л дөө. Гэвчиг улс төр, бизнесийн хүрээнийхэнд “10 хувь” гэдэг нэрээрээ алдаршсан эрхэм Монголын улс төрд олон жил болж байна. Энэ хугацаандаа тэрбээр улсын төсвийн мөнгө санхүүтэй холбоотой албан тушаалуудыг хашиж ирсэн юм. Ёстой л суусан газраасаа шороо атгана гэдэг шиг суусан газраа мөнгө болгож харж чаддаг онцгой авьяастай нэгэн. Одоогоор түүн шиг нэрээ хэдэн хувь болгосон хүн Монголд алга.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж түүнийг “Монголын төрөөр тоглохоо болиорой” хэмээн хатуухан хэлж, сануулж байсан удаатай. Монголын төрд олон жил явсан хашир бурхи амнаасаа зүгээр нэг тэгж үг унагана гэж байхгүй. Монголын төрийг ямар болгосон, цаашид ямар болгож сүйрүүлж мэдэхийг гадарлах хүний хувьд аргаа барсандаа түүнд сануулга өгч байв.
Төрийн тендер, худалдан авалт, төрд хүн шахахдаа дэндүү дадамгай. Монгол хэлний их тайлбар тольд “дадамгай” гэдгийг “Аливаа ажилд чадамгай хүн” гэж тайлбарласан байдаг. 10 хувийн загалмайлсан эцгийн аливаа ажил гэдэгт төр түмний төлөө хийсэн гэхээсээ илүү амин хувийн ашиг хонжоог нь нэрлэж болно. Монголын төрд тэр хийсэн бүтээсэн ажил бүрээсээ 10 хувийн ашиг авч байсан талаар учир мэдэх хүмүүс ярьдаг. Гэхдээ тэр хүн чанартай юм шүү, бас ч гэж. Өөрийнх нь сонгуульд ажилласан хүмүүсээ төрийн албанд “хурган” гэхээсээ илүү “төлгөн” хэмжээний дарга болгож чаддаг шахаачин билээ.
Түүнтэй шадарладаг зайгүй хоёр “зандалчин” бий. Нийлж аваад тулгын гурван чулуу шиг Монголын төрийг гурван талаас нь бөөрлөхөө мэднэ. Аргаа бараад тэр гурвын дунд нэг албан тушаалыг “яс” мэт хаяна. Гэхдээ бусад шиг арсалдаж булайгаа дэлгэхгүйгээ мэднэ. Албан тушаал, мөнгөний сургаар хэнээс урваж хэнд очиж наалдахаа хэнээр ч заалгахгүй өөрөө шийдчихдэг, толгойтой эр. Гэхдээ тэр хэзээ ч өөрийгөө хамгаалж “Намайг 10 хувь авдаг гэж гүтгэлээ” гэж хэвлэлээр дайрч, давшилж байгаагүй нь хэт хүлцэнгүйх гэх үү, хариу сөрөг дайралтууд түүнээс илүү ирнэ гэдгийг мэдээд ч тэр үү нам гүм байж ирсэн. Төрөөс санхүүжих бизнесийн төсөл хөтөлбөрүүдэд 10 хувийн хэмжүүр тогтоосон энэ мэт нөхдөөсөө бид хэзээ салах вэ.
10 хувиас гадна Монголын улс төрд дэндүү хорлонтой нэг жишгийг тогтоосон нь эрх ашгийнхаа үүднээс популизмыг өндөглүүлж, жигүүр дэлгэж нисгэж чадсан гайтан юм. Түүний уршгаар Монголын төр популизмаа дийлэхгүй хэмжээнд хүрч, хаа сайгүй бяцхан популистууд өндийж байна. Хатиг хагарах цаг удахгүй биз ээ.
Сэтгэгдэл ( 2 )
аваасүрэн
10%-иар санхүүждэг, тэр хатиг болсон эр гэдэг нь хэн бэ? Нэрлэхээс айгаад байна уу, нотлох баримтгүй болоод нэрийг нь бичээгүй юу?