Монгол Улсад МАНАН мафи гэж байдаг юм уу!

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

Мафизмыг устгана гэх лоозон дор М.Энхболдын баруун, зүүн суганаас “төрсөн” гэж болох залуус өөдөөс нь харж суусаар байгаад УИХ-ын даргаас нь  огцруулчихсан гэдгийг санаж байгаа байх. Эвэр нь ургаад эзнээ мөргөсөн залуусын улс төрийн үйл ажиллагаанаас харж байхад үнэхээр шударга ёсыг тогтоох, дэглэмийг нураахдаа биш байжээ гэдэг нь өнөөдөр тов тодорхой харагдана. Улс төр ч нэгийгээ “алж” байж  өөрийгөө тодруулдаг талбар учраас яалтай билээ. Гэхдээ М.Энхболдыг “мөргөсөн” залууст арай л хүнддэх асуудал ирээдүйд хүлээж байгаа гэдгийг өөрсдөө мэддэг л байгаа даа. Улс төр адармаатай, олон талтай зүйл.

Хамгийн гол нь хэн ч юм гаргаж ирсэн МАНАН гэх бүлэглэл хаана оршиж, хэн гэдэг хүн тэргүүлж, хэн хэн багтдаг тухай мэдээлэл ард түмэнд нэг ч байхгүй. Бодит зүйл биш учраас яаж ч байх билээ. Зөвхөн МАНАН гэх ойлголт л маш муухайгаар хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж байна. Магадгүй ийм нэр томъёо үүсгэчихээд замаасаа зайлуулах хэн нэгнийг чирч гулдраад оруулдаг тийм л хий хоосон нэр бололтой. Мөн олны анхааралд орох гэсэн поп улстөрчдийн хий хоосон санаа зовдог, байнга ярьдаг зүйл нь МАНАН мафи. Энэ нь зүгээр л улс төрд оршин тогтнох, өөрийгөө нийгэмд харагдуулах нэг нэр томъёо төдий зүйл.

Хамгийн сонгодог жишээ гэхэд өмнөх парламентад байсан нэрт “Попчин” Ж.Батзандангийн амны уяа үг нь МАНАН мафи байв даа. Ямар ч шошго хаяг байхгүй Н.Энхбаярын хамгийн их ярьдаг зүйл нь бас л энэ. Хэрвээ тэр МАНАН мафи байдаг бол Н.Энхбаярын оролцоогүйгээр Монгол Улсад үүсэн хөгжих боломжгүй байв. Хэрвээ МАНАН мафи гэдэг нь байсан бол Ж.Батзандан шиг эрх ашгийн төлөө явдаг нөхөр босгоор нь давахгүй байна гэж үгүй. Ядахад л шагайж чадах хүн. Харин ч эсрэгээрээ Ж.Батзандан өдөр шөнөгүй МАНАН ярьж, эрх баригчдыг дэмжиж явсны цаана мафизм байж болох юм шүү. Эх сурвалжийн хэлснээр Лу.Болд, Ж.Батзандан хоёр эрх баригчдын талд дуугарч байж асуудлаа шийдүүлж чадлаа хэмээсэн. Харин одоо Ерөнхийлөгч Х.Баттулгын баруун зүүн суганд байгааг бодоход үүний цаана л бидний олж мэдээгүй МАНАН байдаг юм биш үү гэж хардахаар.

Тэмцлийн тэргүүн манлайд байсан нам, угшил өөр ч хоёр нөхөр ийнхүү эрх баригчдаар асуудлаа шийдүүлж чаджээ. Тэгвэл “ураг” нэгтэй ахан дүүсээс хоёр нь сайд болж, нэг нь Байнгын хорооны дарга болж байв. Одоо ч тэргүүн фронтын хоёр байлдагч дөрөвхөн “Давхар дээл”-ний хоёрыг нь өмсчихсөн явна. Нэг нь Хууль тогтоох дээд байгууллагын Дэд дарга гээд төрийн түшээгийн үг хэлэх эрхийг хасан танхайрч явна. Дайны үед гавьяа байгуулсан эр цэргээ шагнаж урамшуулдгийн адил М.Энхболд, түүний багийн эсрэг намар, өвлийн сарыг “Шударга ёс”-оор “шатааж” байлдсан цэргүүд бүгд л гавьяагаа эдэлж байгаа нь энэ бололтой. Үүнийг л МАНАН, мафи гэдэг юм биш үү. Харин төрийн буруу тогтолцоо, ерөөсөө буруу зүйл дурдахаараа МАНАН мафийнхан гээд өөрсдөөсөө зайлуулж байна.

Сонгуульд нэр дэвшихээрээ МАНАН мафийг устгана гээд шоудаж байна. “Монгол ялна” хэмээн Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан Х.Баттулга хүртэл МАНАН-г үзэн ядна, түүнийг ярина. Дээр нь “30 гэр бүл” гэх бас нэг нэр томъёо оруулж ирсэн. Ямар ч эзэн биегүй, нэр хаяггүй энэ мэт нэршил улс төрд чамгүй олон жил болж байна. Нөмөр болох нэгэнд нь болж, тээр болох нэгэндээ болж л явна. Сүүлдээ эзэн биегүй, нэр хаяггүй МАНАН гэх мафийн тухай амтай бүхэн яриад байхаар нөхөд нь нэгэн арга сэдсэн. Тэр нь МАНАН мафийн тэргүүнээр улс төрөөс явчихсан, ажил албагүй Ц.Элбэгдорж, дэд тэргүүнээр М.Энхболдыг томилж, ард түмний сэтгэлийг түр ч болов амраав. Одоо мафийн гишүүдийг тодруулах зайлшгүй шаардлага тулгарсан. Н.Энхбаяр энэ нэршлийг юуны учир гараад ирснийг мэдсэн даруйд өөрөө мафитай тэмцдэг хүн болж жүжиглэсэн. Н.Энхбаяр ухаан зараагүй бол МАНАН-гийн нэг жигүүрийн даргаар ч юм уу, эсвэл үүсгэн байгуулагчдын нэгээр тодрох байв. Магадгүй МАНАН мафийн хоёр тэргүүн хэн хэнээс илүү эх орончид байхыг ч үгүйсгэхгүй. 

Үүний зэрэгцээ “Шударга бусын хонгил” гэх нэг зүйл бий. Хаана ямар хонгил байгуулчихаад түүгээр нь “Энхийн цагаан тагтаа”-нуудыг чирч гулдран оруулаад байгааг бас л ойлгох хүн цөөн. Энэ бол тодорхой үүсгэн байгуулагчтай. Үүсгэн байгуулагч нь Ц.Элбэгдорж, түүний томилсон шүүх, прокурорууд гэх. Энэ хонгилоор л Л.Гансүхийг ч чирсэн, цагдаагийн хурандаа нарыг ч чирсэн, Н.Энхбаярыг ч чирсэн хэмээн амаа цангатал ярьсан. Тэр ч бүү хэл өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгч болохоос нь өмнө  шударга бусын хонгилоор чирэх оролдлого хийсэн хэмээн мэдэгдэж байв. Харин одоо Ц.Элбэгдорж өндөр эрх мэдлээс буугаад дөрвөн жил болж байна, түүний томилсон шүүх хүчний байгуулалгын дарга нар ч бараа сураг тасарсан. Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас эхлээд ял авчихсан байх жишээтэй. Гэтэл өнөөдөр төрийн өндөр дээд алба хашиж байсан, өдгөө хашиж байгаа олон улстөрчдөд ял өгсөн. Мөн л өнөөх “Шударга бусын хонгил”-оор оруулж байна гэх. Үүсгэн байгуулагчид нь, ажилчид нь алга болчихоод байхад “Шударга бусын хонгил” байж байгаа нь сонирхолтой. Эсвэл  Ц.Элбэгдорж дараагийн Ерөнхийлөгчдөө уламжлуулан өгсөн хэрэг үү.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар захиалгын гэж болох хууль УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар яаран оруулж ирэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ тухай тодорхой дурдав. Тэрээр “Энэ хэний захиалгаар орж байгаа хууль юм. Юунд бэлтгээд байгаа юм бэ. Ямар хүмүүсийн асуудал дээд шүүх дээр удахгүй очих гээд тэнд хонгил үүсгэх гээд байна. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг шинэ хонгилын хаанаар зарлах гэж байна” хэмээн хэлсэн. Үүн лугаа адил МАНАН гэж байхгүй, “Шударга бус”-ын хонгил гэж байхгүй. Гагцхүү одоо шинээр үүсэх гээд байгаа юм биш үү. “Монгол ялна”, “Үндэсний эрх ашиг” гэх нэрийн дор ихэс дээдэс нам хамаагүй асуудлаа шийдэж, замаасаа зайлуулахыг нь зайлуулж байгааг харж л байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top