Монголд сүүлийн үед нохой үнэд орж, хүний ханш доошилж байна гэхэд хэтрүүлэл болохгүй болов уу. Траншейнд хүмүүс халуун ууранд зумарч үхэж байхад хөдөө хээр бэлчиж яваа ямаа төрөөс мөнгө авч байлаа. Энэ бол эмгэнэлт түүхэн баримт юм. Мөн 7 сарын 1-нд эрдэнэт хүний амь бууны суманд сийчүүлэн тасрахад харин төр засаг талийгаачдын ар гэрийнхэнд 50 сая төгрөг өгсөн. Талийгаачдын зарим аав ээжүүд энэ мөнгийг нь аваагүй тохиолдол ч бий. Тэд буруутнуудыг цээрлүүлсний дараа мөнгөний асуудлаа ярих гэсэн бололтой. Гэвч энэ гайтай өдрийн талаар төр засаг ямар ч бодитой шийдсэн юмгүй байгаа. Тэгвэл саяхан дарга нарын тухалдаг Их тэнгэрийн аманд үхрийн шүлхий өвчин гарав. Мал эмнэлгийнхэн ойр хавиар нь ариутгал хийж, үхрүүдийг хотоос гаргажээ. Өөр аль дүүрэг, хорооны нутагт шүлхий гарах магадлалтайг шуудхан хэлчих хүн тэнд харин алга байна. Энэ нь судалгаа тандалт муутай байгааг харуулж буй хэрэг болов уу. Хүн амын дунд халдвар тархах талаар тэд сэрэмжилсэн ажил хийсэн гэлээ. Гэхдээ шүлхий нь хүнд халдах өндөр магадлалтай өвчин тул хариуцлагатай хандах ёстой. Харамсалтай нь эмнэлэг ариун цэврийн дэглэм тааруу хийгджээ. Хүмүүст гэхээсээ илүү хөрөнгө чинээтэй айлуудын нохойнд тэд ихээхэн санаа тавьж байна. Их тэнгэрийн аманд байдаг гоё хаус, үнэтэй машинтай дөрөв, таван айлын нохойнд малын эмч нар урьдчилан сэргийлэх тарилга хийж, ариутгалын уусмал өгсөн гэнэ. Үхрийн шүлхий өвчин гарсан шалтгааны нэг нь тэнд байсан малд урьдчилан сэргийлэх вакцин хийгээгүй байсан гэж байна. Энэ алдаагаа засч бусад дүүргүүдэд байгаа малдаа вакцин хийж иргэдээ шүлхийн халдвараас сэргийлэхийн оронд харин чинээлэг айлын нохойг бөөцийлж яваа эмч нар маань хүнийг нохойноос дорд үзсэн гэлтэй.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )