Ардчилал гэдэг бол бидний сонгосон, зорьж төгөлдөршүүлэхийг хүсэж буй нийгмийн нэр л дээ. Гэхдээ МАН-ынхан энэ үгийг хэрэглэхээс их жийрхээд байгаа харагддаг. Тиймээс өнөөдрийг хүртэл “Ардчилал” гэдэг үгийг АН-ынхан илүүтэй өмчилж, хашгирч ирсэн юм. Гэтэл өнөө АН гээч нь байхгүй болчихвол Ардчилал гээч маань мартагдах хэрэг үү.
Олон улсын ардчиллын өдөр хоёр хоногийн өмнө (2020.09.15) болж өнгөрлөө. НҮБ-ын Ерөнхий ассамблей энэ өдрийг 2007 онд Олон улсын ардчиллын өдөр болгон зарласан байдаг. Тухайн үеийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Ардчилал нь нийгэм, эдийн засгийн хөдөлгүүр, энх тайван, аюулгүй байдлын үндэс, хүн төрөлхтний оюуны хөгжлийн тулгуур юм” гэсэн байдаг. Аливаа ийм уламжлалт өдөр олон нийтийн хэлэлцүүлэг явуулах, өсвөр үеийнхэнд тухайн асуудлаар ойлголт өгөх, гар зураг, эсээний уралдаан зохиох гээд ер нь юу эсийг хийдэг билээ дээ.
Өнгөрсөн жилийн өдийд АН-ынхан энэ өдрийг ёстой “хага” тэмдэглэсэн юм. Төв талбайд Олон улсын ардчиллын өдрийг тохиолдуулсан баярын өдөрлөг хийж, “Туушин” зочид буудалд “Монгол Улс-Ардчиллын замаар 30 жил”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол, практикийн хурал зохиож байв. Түүнд нь Ерөнхийлөгч Х.Баттулга тус хуралд илгээлт явуулж, тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж толилуулж байлаа шүү дээ. Харин өнөө жилийн хувьд таг чиг. Хэн ч хайхарч сонссонгүй, хэлж ярьсангүй. Ардчилсан нам нь өнгөрсөн сонгуульд ялагдаж, түр орлон гүйцэтгэгч нараар удирдуулж сууна. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан нэг найруулагч ирэх орон нутгийн сонгуульд АН-ын пиарыг хийхээр болсон ч гэж чих дэлсээд өнгөрсөн. Нэг зөвлөх нь нийслэлийн АН-ыг удирдаад явж байна. Тэр хүмүүс лав олон улсын ардчиллын өдрийг сөхөхийг хүсээгүй бололтой.
МАН-ын хувьд энэ өдөрт ач холбогдол өгөх нь удахгүй болох орон нутгийн сонгуулийн эрх ашигт нөлөөлнө гэж болгоомжилсон байх. Эсвэл тэдний дурдаад байх албагүй сэдэв ч байж мэднэ. Ямар ч байсан дэлхий даяар ардчилсан хэмээгдэх улс орнууд ач холбогдол өгч өнгөрүүлдэг өдөр Азийн чээжинд дэлхийн хамгийн том хоёр диктатур бүхий хөрштэй “Ардчиллын баян бүрд”-д хүртээлгүй өнгөрөв. Уг нь манай улсын бахархал хийгээд олон улсад онцгой харагдуулдаг нь энэ газар зүйн байршилд тогтоосон бидний улс төрийн тогтолцоо нь л доо.
Ардчилал бол хэн ч өөрийгөө өөрийнхөө дураар авч явж болох нийгэм юм. Энэ бол эдийн засгийн чөлөөт орчин тогтох үндэс. Миний эрх, бусдын эрхээр хязгаарлагдах орчин. Гэвч өнөөдөр улс төрийн цусгүй дайнд энэ үг хараалын үг болтлоо хэвшжээ. АН-ыг жигшүүлэх гэсэн биш ардчилал гэдэг үгнээс цэрвэх төөрөгдөлд хүргэсэн байна. Ард түмнийг төр нь тэжээх, заах, хайрлах тухай номлол хүчирхэгжиж, удирдагчид нь өр төлбөр тэглэж, хувь хишиг оноож явна. Үүний алдагдсан боломж нь улсын хөгжил, ядаж өнөө байгаагаасаа ухрахгүй байх үүц байсан гэдгийг цөөхөн хүн нүүрээ нууж байж ярьдаг боллоо. Өнгөрсөн сонгуулийн хийгээд ирэх сонгуулийн амлалтууд үнэгүй болгох, өгөх, тараах уралдаан болж байна. Хүн өөрөө хөгжих, эрх чөлөөтэй байх учиртайг мартах нь ээ дээ. “Юун ардчилал ал, бууд, дүүжил” хэмээсэн он жилүүд хөвөрч байгааг сошиалаас ч, гудамжнаас ч харж болно. Төр засгийн удирдлага хэзээ ч байгаагүй хэмжээнд эрх мэдлийг төвлөрүүллээ. Төрийн эрх мэдэл төвлөрөх хэрээр хувь хүний эрх чөлөө хумигддаг талаас нь харвал бид ардчиллын тухай мартсаныг гайхах юм алга. Ардчиллаар өөрсдийгөө авторлах дуртай хүмүүсийн зарим нь улс төрийн “улаан хэрүүл дунд харлаж”, нэг хэсэг нь шоронд орж, үлдсэн нь өнөө цагийнхаа аясыг дагаад дуугүй явахыг сонгосон байна. Ардчиллыг ардчилагчид нь муухай болгожээ. Гэхдээ ардчилал гэдэг тэр хэдэн хүнд биш нийт улс үндэстэнд нааж харах учиртай үнэт зүйл гэдгийг сануулах өдөр өчигдөр байлаа. Улаан, хөх ялгаагүй монгол хүн бүр эрх чөлөөтэй, эдлэх эрхтэй байх ёстой биз дээ.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Монголын ардчилал ард түмний хүсэж байсан ардчилал байгаагүй. Арчилсан нам нь ч сүүлдээ хэдэн юм үзээгүй хулгайчдын тологой хорогдох газар болоод дуусч байнадаа . \n\nАрлчилалыг хэдэн хүмүүс ард түмнээсээ таслаад хувьчилж аваад эзэмшиж, ашиглаад бараг үе дамжуулж цаашид ашиглах зорилготой байсан учраас дампуурч байгаа юм.
Уг нь ардчилалыг монгол түмэн таатай хүлээн авсан, анхнаасаа адлаагүй, харин ардчилагчид өөрснөө нэрий нь хугалж, адлуулахын эхийг тавьсан
Арлчилалыг хэдэн хүмүүс ард түмнээсээ таслаад хувьчилж аваад эзэмшиж, ашиглаад бараг үе дамжуулж цаашид ашиглах зорилготой байсан учраас дампуурч байгаа юм.
Монголд ардчилал байсийм уу? Ардчилагчид гэж хэнийг хэлээд байгаан?
АРД ИРГЭДДЭЭ ЭЭЛТЭЙ УЛС ОРОН НИЙГЭМДЭЭ ШУДАРГА АРДЧИЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЬЕ