Дорнод аймагт анхны ХАМТЫН ОФФИС нээгдэв

2020 оны 09 сарын 16

Дорнод аймгийн олон залуучуудын хүсэл мөрөөдөл биелэлээ олж тус аймагт “Startup Center Dornod” хамтын оффис 2020.09.09-ны өдөр албан ёсоор үүд хаалгаа нээлээ. 9 сарын 9-ний ерөөлтэй өдөр нээлтээ хийсэн хамтын оффисын нээлтэн дээр аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгийн хэлсэн үг олны анхаарлыг татаж байлаа. Тэрээр:

Өнөөдөр манай Дорнод аймагт түүхэн чухал өдөр тохиож байна. Одоогоос жил гаруйн өмнө МҮМХ-ны УЗ-ын дарга Ж.Золзаяа, МҮМХ-ны Захирал Т.Мөнхбаяр нар хүрэлцэн ирж дорнод аймагт салбараа байгуулах, стартапуудыг дэмжсэн төв байгуулах талаар санал солилцож байсан бол өнөөдөр ийнхүү биелэлээ олж төв маань нээлтээ хийж байгаа нь үнэхээр талархууштай байна.  Нийслэлийн дараагаар 21 аймгууд дундаа стартап төв,  хамтын оффисийн үйлчилгээг нэвтрүүлж буй анхны аймаг болж байгаа нь онцлогтой гэж үзэж байна. Наран ургах зүг Дорнодын нутгаас нар эхэлж манддаг бол Монголын сайн сайхан Дорнод аймгаас эхлэх учиртай тус төвөөрөө дамжуулан стартапуудаа залуучуудаа дэмжин ажиллах болно. Мөн “Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийн хамт олон тус төвийг маань дэмжиж бүх үйл ажиллагаагаа нэвтрүүлж манлайлагч төв болгож өгөхийг хүсч байна хэмээн онцоллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд зориулан “Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийн зүгээс анхны эвентээ зохион байгуулж хөрөнгө оруулалт, худалдааны салбарын цахим шилжилт, жижиглэн худалдааны экосистем, гарааны бизнесийн таатай орчин зэрэг сэдвүүдийг хөндөж Улаанбаатар хотоос ирсэн зочид аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзуулан, сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Тус хамтын оффисыг “Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийн хамтын оффисын франчайзингаар Дорнод Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр аймгийн Хүний хөгжлийн ордны 4 давхарт 164 м2 талбайд байгууллаа. Энэ нь Монгол улсад хамгийн анхны дотоодын франчайзингаар байгуулагдаж байгаа хамтын оффис юм.  Тус хамтын оффист 25-30 хүний ажлын байр тогтмол бий болж 5-10 гарааны компани байрлан ажиллах боломжтой юм.

“Startup Center Dornod” хамтын оффис байгуулагдсанаар аймгийн залуучууд, бизнес эрхлэгчдэд хамтын оффисийн үйлчилгээг үзүүлээд зогсохгүй, бизнесийн зөвлөх, зуучлах үйлчилгээ, шат шатны сургалтууд, төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтад хамрагдаж,  сонирхолтой арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, орон нутагтаа бизнесээ хөгжүүлэх, бойжуулах боломжтой болох юм.

Монгол улсад гарааны бизнесийг хөгжүүлэх, хөдөө орон нутагт бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, залуусын хөгжих боломжийг олгоход орон нутагт хамтын оффисын сүлжээг бий болгох нь чухал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top