Дөрөвдүгээр сарын эхээр Английн Шинжлэх ухаан, Технологи, Урлагийн Инновацийг дэмжих сангаас /NESTA/ Ковид-19 цар тахлын дэлхийд үзүүлэх нөлөөллийн тухай “Энгийн байдалд эргэж орохгүй” гэсэн товч бөгөөд тодорхой нэртэй цогц судалгааг хийжээ. Энгийн байдалд эргэж орохгүй гэдэг нь хүн төрөлхтөн, тэр дундаа соёлын салбарт ирээдүй байхгүй гэсэн үг биш. Гэвч бидний бодож байснаас эрс өөр байх болно гэсэн утгатай юм. Эхний гурван цуврал нийтлэлийн хүрээнд би дэлхий даяар соёлын салбарт гарах өөрчлөлт (гэхдээ бүх төрөлд биш) мөн цаашид ямар хүлээлттэй байх талаар тайлбарлахыг хичээе.
Олон хүн одоогийн энэ хямралыг "эргэлтийн цэг", эсвэл бүр "апокалипсис" гэж нэрлэж байна (шууд эсвэл дам утгаар хэрэглэх нь таны сонголт). Гэхдээ бид ирээдүйдээ итгэхийг хүсч байвал энэ хямралыг төгсгөл гэж харах ёсгүй. Америкийн Андреа Жонс (Оргил туршлагын лаборатори-Peak Experience Lab) болон Италийн Сандро Дебоно (Гуманистийн музей) хэмээх судлаачдын хэлснээр бол энэ цаг үеийг "шилжих ёслол" гэж үзэж болно хэмээжээ. Утга зохиол судлаач, антропологич Арнольд ван Геннепийн онолоор шилжих ёслол нь гурван үе шаттай байдаг: Тусгаарлалт, хязгаарлалт, дасан зохицол.
Хувь хүн, салбарын хувьд нийгмийн тогтсон бүтэц өөрчлөгдөн бүгд "Тусгаарлалтад" байна. Энэ цаг үед урт хугацааны төлөвлөгөөг цуцалж, ойрын сар, жилүүдэд бүтцийн болон үйл ажиллагааны эрэмбэд томоохон өөрчлөлтийг хийх ёстой болно. Олонх нь үгүйсгэсэн хэвээр байхад зарим нь зовнисоор байна. Дэлхий ертөнц гар тормозоо татсан хэдий ч инерцээрээ өнхөрсөөр.
Эко систем аюулд байна
Олон хүний хувьд соёлын салбарыг үргэлж хямралтай байдаг гэж үздэг ч бидний бодит байдал ондоо юм. КОВИД-19 цар тахал нь энэ салбарын амьжиргааг төдийгүй нийт оршихуйд нь заналхийлж байна. Соёлын бүтээгдэхүүнийг бий болгон түгээхэд хамтын ажиллагаа, бодит оролцоо, итгэл үнэмшил гол хөшүүрэг болдог. Иймээс соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаа, арга хэмжээ, хөтөлбөрүүдийг хамгийн түрүүнд зогсоосон бөгөөд тогтмол үйл ажиллагаанд хамгийн сүүлд л оруулах байх.
Хөл хорио, тусгаарлалтыг эхлүүлээд хэдхэн долоо хоносон хэдий ч тус салбарт үзүүлэх нөлөө нь хэдийнээ асар их болсон байна. ЮНЕСКО-гийн мэдээлснээр "цар тахал нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хэлхээнд бүхэлд нь буюу - бүтээл, үйлдвэрлэл, түгээлт, хүртээмжид нөлөөлж, уран бүтээлчид, соёл урлагийн мэргэжилтнүүдийн нийгэм, эдийн засгийн байдлыг нэн доройтуулж байна". Тогтсон үйл ажиллагаа бүхий байгууллагууд ч жижиг, дунд бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид бүгдэд нь сорилт тулгарч байна. Бие даасан уран бүтээлчид, цагийн ажил эрхлэгчид болон соёл урлагийн наадмын гэрээт ажилчдад хамгийн хүнд тусч байгаа бөгөөд тэдгээр нь нийгмийн халамжийн үндсэн тогтолцооноос гадуур орхигдсон байна.
Хямралын үед соёлын салбарын талаар хийсэн хэд хэдэн дүн шинжилгээ, нийтлэл, хэлэлцүүлгийн үед 2000-аад оны үеэс соёлын салбарыг экологийн үүднээс авч үзэхдээ гаргаж ирсэн "соёлын экосистем" гэсэн нэр томьёог дахин ашигласан байна. Өнөөгийн хямралын үед соёлын тухай ойлголтыг механизм биш харин экологи, эсвэл организм гэж үзэх нь маш чухал юм (Жон Холден (2015), Соёлын экологи). Дэлхийн хэмжээнд аль хэдийнээ тогтворгүй байдлын шинж тэмдэг нь илрээд байгаа соёлын экосистем яг үнэндээ аюул заналд өртөөд байна.
Гэхдээ бүгдэд адилхан нөлөөлөх үү? Өвчний тархалт судлаач Аттила Иамарино /Бразил/ 3-р сард өгсөн ярилцлагадаа, цар тахлын хөгжсөн болон хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөг тайлбарлахдаа байгалийн гамшгийг жишээ болгосон байна. 2010 оны эхээр хоорондоо ердөө нэг сарын зайтай хугацаанд Гайти болон Чили улсад хүчтэй газар хөдлөлт болжээ. Рихтерийн хэмжээсээр 8.8 баллын хүчтэй байсан Чилийн газар хөдлөлт өмнөх сард нь болсон 7.0 баллын хүчтэй Гайтигийн газар хөдлөлтөөс 500 дахин хүчтэй байв. Гэсэн хэдий ч Гаитид 200,000 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн бол Чилид 1.000 орчим тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс гадна тэр эмгэнэлт явдал угаасаа ядуу буурай байсан тус орны дэд бүтэц, эдийн засаг, эрүүл мэндийн салбарт хүндээр туссан тул өнөөдөр ч Гайтитийгийн байдал хүнд байна. Хэрэв энэхүү цар тахлыг газар хөдлөлт гэж үзвэл дэлхийн улс орнуудад үзүүлэх нөлөө, гарах үр дагавар, нөхөн сэргээх үйл явц нь ондоо байх болно.
Соёлын экосистемийн хувьд ч мөн адил. Нэг улсын соёл урлагийн бүтээлч салбар л гэхэд дотроо олон төрлийг хамрах буюу хэд хэдэн Чили болон Гайтитай гэсэн үг. Тухайлбал тайзны урлаг нь музейгээс илүү удаан хугацааны нөлөөлөлд өртөх байх. Цахим тоглоом бүтээн хөгжүүлэгчид урлагийн багш, зуучлагч нартай харьцуулахад ажлын байр олдох боломж өндөр байна. Их хотын соёлын төвүүд бусад жижиг хотуудынхаас арай бага нөлөөлөлд өртөх болно. Гэхдээ аль ч хувилбараар бодоход Төв болон өмнөд бүсийн орнуудын соёлын салбар сэргэхэд илүү удаан хугацаа шаардагдах бололтой.
Бид юу хүлээх вэ?
Газар хөдлөлт хэдэн бал байхыг бид урьдчилан хэлж мэдэхгүй ч КОВИД -19-ийн үеэр болон түүний дараа дэлхийн нөхцөл байдал тийм ч таатай бус байх нь тодорхой. Нөхөж баршгүй амь насны хохирлоос гадна бид дэлхий нийтийн эдийн засгийн хямрал, ардчиллын эмзэг байдал, үндсэрхэг үзэл, захиргаадалт, хүчирхийлэл зэрэг эрсдэлүүдтэй тулах болно. Вакциныг бүтээх хүртэл дор хаяж 18 сар шаардагдана, энэ хугацаанд улс орнуудын соёлын салбар үйл ажиллагаагаа эрс багасгаж, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийх шаардлагатай болно.
Угаасаа нийгэм, эдийн засгийн асуудалтай байсан орнуудад энэ хямрал нь илүү хүндээр тусах болно. Бразил улсаар жишээ авъя. Соёлын илэрхийллийн төрөл зүйлээр баялаг, бүтээлч салбар нь хүчтэй хэдий ч тус улсын соёлын салбар нь тухайн орон улс төрийн хэт барууны үзэл баримтлалтайгаас үүдэн соёл урлагийн төрийн байгууллагууд цөөрсөн, хөрөнгө оруулалт буурсан, соёлын үйл ажиллагаанд тавигдах үзэл суртлын хяналт хатуу, бүтээлч салбарынхныг гутаан доромжилдог зэргээс болж угаасаа хэцүү байдалд байсан. Улс төрийн байдал өөрчлөгдөхөөс өмнө нь ч гэсэн соёл урлагийн салбар төрийн санхүүжилтээс бүрэн хараат, бие даах чадваргүй, хүнд сурталд автсан, хөрөнгө оруулалт, дэд бүтэц зэрэг нь зөвхөн том хот, дүүргүүдэд төвлөрсөн, авилгад автсан гэх мэт угжирсан асуудалтай байсан. Мөн сүүлийн жилүүдэд соёлын бодлогод хийгдсэн менежментийн өөрчлөлт, шинэлэг санаачлагыг үргэлжлүүлэх залгамж холбоо алдагдсан.
Улс орнуудын соёл урлагийн салбарт дээр дурдсан асуудлууд их бага аль нэг хэмжээгээр байдаг. Бразилын жишээ бол "Эмзэг соёлын экосистем"-тэй улсын загвар гэж болно.
Энэхүү цар тахлын хямрал хүндээр тусах дэлхийн зарим улс орны соёлын салбарт дараах чиглэлээр гарах үр дагаврыг урьдчилан хэлж болно. Үүнд:
1) Бүтээх ба түгээх
2) Хүний нөөц
3) Үзэгчид
4) Санхүүжилт
5) Цахим хувилбар
6) Төрийн бодлого ба нийгмийн үнэт зүйл
Дараах урьдчилсан төсөөллийг хот суурин газруудад орших хамрах хүрээ, хэмжээгээрээ ялгаатай соёл урлагийн байгууллагуудын байр сууринаас тодорхойлсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Дээр дурдсан нөлөөллийн ихэнх нь сөрөг, гэхдээ энэхүү хямрал нь зарим шаардлагатай өөрчлөлтийг хурдасгаж чадна гэж би үзэж байна. (энэ тухай дараагийн цуврал нийтлэлээр дэлгэрүүлэх болно). Гэвч одоогоор ямар нэгэн эерэг үр дүн гарна гэсэн бодол мөрөөдлийн төвшинд байна.
1) Бүтээх, түгээх
Цар тахал нь соёл урлагийн бүтээх болон түгээх үйл явцад, түүний дунд болон холын ирээдүйд ноцтой нөлөө үзүүлэх болно. ЮНЕСКО-гийн үзэж байгаагаар дэлхийн улс орнуудын соёлын илэрхийллийн олон төрөл нь өндөр эрсдэлд орж байна. Буурай хөгжилтэй орнуудын соёлын үйлдвэрлэлийн хэлхээ хямарснаар гадаадын соёлын бүтээгдэхүүнээс хараат болох явдал ихэснэ. Хотын захын болон жижиг суурингуудын бие даасан уран бүтээлчдийн бүлгэм, орон нутгийн нэгж дэх урлагийн төрлүүд цаашид устах болно.
Бусад үр дагаврын тухай бидний таамаглал бол соёлын бүтээгдэхүүн болон тайзны тоо цөөрнө. Соёл урлагийн газрууд ялангуяа театр, кино театр, концертын танхимууд, соёл урлагийн төвүүд, бүтээлч салбарт дүрс дууны продюсерийн үйлчилгээ, тоглолт, үйл ажиллагаа зохион байгуулдаг жижиг дунд компаниуд дампууран хаагдах эрсдэл өндөр байна. Шинэ байгууламж барих, соёлын өвийг сэргээн засварлах төслүүдийн ажил тасалдаж магадгүй юм. Бэлтгэл хийх, тоглолт, аялан тоглолт хийх боломжгүй тул хувийн театр, бүжиг, дуу хөгжмийн хамтлагууд цөөрөх магадлалтай. Түүнчлэн хил дамнасан хөдөлгөөнийг хязгаарласнаар олон улсын аялан тоглолт, хамтарсан бүтээл болон резиденс хөтөлбөрийн тоо эрс буурах болно. Музей, галерей нь тэдгээрийн үзмэр урлагийн бүтээлийг олон улсын урлагийн үйл ажиллагаанд оролцуулах явдал хязгаарлагдсанаар хямрах нэг шалтгаан болно.
Ковид-19-ийн давлагаа (эсвэл давлагаанууд) дууссан ч гэсэн үзэгчдийг цуглуулах, хүмүүсийг олноор нь бөөгнөрүүлэхээс айх айдас бүрэн арилахгүй. Улмаар соёлын бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах, ба томоохон хэмжээний үйл ажиллагааг зохион байгуулахад саад болж, салбарын болон салбарын бус тоглогч нарт хохиролтой байх болно.
2) Хүний нөөц
Соёлын хэлхээний чухал хэсэг - хүмүүст цар тахлын үр дагавар хүндээр тусах болно. Соёл урлагийн мэргэжилтнүүдэд вирусийн халдварыг тараах эрсдэлээс гадна, удаан сэхэх энэ салбарт орлого буурах, ажилгүйдэл нэмэгдэх зэрэг асуудлууд тулгарна. Гарах ноцтой үр дагавруудын нэг бол тархины хомстолд орно, өөрөөр хэлбэл уран бүтээлчид, техникийнхэн болон нарийн мэргэжилтнүүд гээд хүний нөөц соёлын салбарыг орхиж явахаас өөр аргагүй болно. Язгуур урлаг, соёлын биет бус өвийг тээгч нарт онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн соёл урлагийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд сургуулиасаа гарч ирээдүйн авьяастнуудыг алдахад хүрнэ.
Зардлыг танаж хэмнэх зорилгоор үйлчилгээний багийн хийдэг ажил буюу тасалбар түгээх, тохиргоо хийх, хөтөч тайлбар хийх, зуучлах гэх мэт нь цахим хэлбэрт шилжинэ. Мэргэжлийн хүмүүс цөөрөх тусам олон төрлийн чадвар бүхий хүний хэрэгцээ өсч “бөөндөх” хандлага эргэн ирнэ. Бразил мэтийн урлагийн төрлүүд, менежментээр нарийн мэргэжлийн хүмүүсийг хэдэн арван жилээр бэлдэж ирсэн улсын хувьд ухралт болно гэсэн үг.
Цар тахлын тусгаарлалттай холбоотой хийгдсэн гэрээсээ ажиллах зохицуулалт нь ажиллах цаг, орон зайн уян хатан байдлыг бий болгосон эерэг тал. Гэвч цахим ажлын сөрөг тал нь дарамт. Олон хүмүүсийн тайлангаас үзэх юм бол өнөөгийн нөхцөлд ажлын ачаалал эрс нэмэгдсэн гэжээ. Тухайлбал эрсдэлийн төлөвлөгөөг байнга гаргах эсвэл эхэлсэн төслүүдийг түргэвчилсэн, таатай бус нөхцөлд явуулж дуусгах гээд ачаалал нэмэгдсэн байна. Ийм төрлийн ачаалал нь сэтгэл мэдрэлийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг анхаарах хэрэгтэй.
3) Үзэгчид
Герман болон өөр хэдэн орон музей болон бусад соёл урлагийн байгууллагуудаа нээх шийдвэр гаргасан нь эерэг зүйл хэдий ч энэ үйл явцыг нарийн зохион байгуулах хэрэгтэй. Энэ үйл явцыг аажмаар зохион байгуулахаас гадна зөвхөн хөгжиж буй оронд гэлтгүй бүгдэд нь соёл урлагийн байгууллагад эрүүл ахуйн протоколыг чанд сахих үйл явц том сорилт байх болно. Нээлтээ аажмаар хийхдээ шаардлагатай эрүүл мэндийн протоколыг мөрдөх нь хөгжиж буй орнуудад төдийгүй ихэнх соёлын байгууллагуудад асар их бэрхшээл учруулж болзошгүй юм. Тухайлбал одоогоор боловсруулж буй зайлшгүй мөрдөх журамд хүмүүс хоорондын зайг бариулах, орчны ариутгал, хүмүүсийн биеийн халууныг хэмжих, гар ариутгах, амны хаалт зүүх гэх мэт зөвлөмжүүд багтсан. Нэмж хэлэхэд энэ журмын дагуу үйл ажиллагаа явуулахад соёл урлагийн газруудад ариутгал хийлгэх, ариун цэвэр, эрүүл ахуй, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад нэмэлт зардал гарна.
Байгууллагуудыг нээх үйл явц шат дараалалтай явагдаж байгаа. Тухайлбал ихэнх улс орнуудад соёл урлагийн байгууллагуудыг нээх эхний шатанд театр, кино театрууд багтаагүй билээ. Байгууллага бүр: Олон нийт хэзээ аюулгүй – хэзээ мөнгөтэй – хэзээ соёл урлагийн газруудаар ирэх вэ? гэсэн хариулт нь тодорхойгүй ижил асуултуудыг тавьж байна. Зөвхөн хаалгыг нээх нь хангалтгүй. Герман улсын жишээнээс харахад үзэгчдийн тоо бага байгаа тул зардал нь орлогоос хол давж байна. Тиймээс, соёлын арга хэмжээ дахин зохион байгуулагдаж эхлэхэд цуцлалтын даатгал (уран бүтээлч, гэрээлэгч, зуучлагч болон олон нийт хооронд) нэмэгдэх хандлагатай байна.
Хямралын үр дагаварт нэг талаас хүн амын орлого буурч нөгөө талаас музей, соёлын урлагийн газрууд болон, шууд нэвтрүүлэгт ирэх хүний тооны хязгаарлалтаас үүдэн нийт үзэгчдийн тоо буурна гэдэг нь тодорхой байна. Цар тахлын үргэлжлэх хугацаанаас хамааран бид ирээдүйн үзэгчдийг ч алдах эрсдэлтэй. Тухайлбал Бразилийн соёл урлагийн байгууллагуудын хувьд урлагийн боловсрол олгох, олон нийтийг өргөнөөр хамруулах асуудал угаасаа урьд өмнө тэргүүлэх эрэмбэд байгаагүй тул цаашид хоёрдогч болж бүр хаягдах ч магадлалтай. Нөгөө талаас ахмад буюу эрсдэлийн бүлгийн хүмүүс урлагт үнэнч хэвээр үлдэвч соёл урлагийн газруудаар дахин явахаас айх айдас байсаар байх болно.
4) Санхүүжилт
Цар тахал нь эдийн засгийн хувьд урьдчилан таамаглашгүй үр дагаварт хүргэх бөгөөд дэлхий даяар хямрах (хөгжиж буй орнуудад илүү хүнд тусна) юм. Хөрөнгө мөнгөний хомстол бол соёл урлагийн байгууллагуудад шинэ зүйл биш боловч энэ хямралаас болж тэдгээрийн бизнесийн загвар бүр зэвэрч, төрөөс ирэх санхүүжилт, ивээн тэтгэлэг, хандивыг бүр мөсөн алдах эрсдэлтэй.
Хэд хэдэн улсад санхүүжилтийг зүй ёсоор нөлөөллийн үйл ажиллагаанд зориулахад зорьж байна. Хүмүүс болон байгууллагууд амьд үлдэх хэрэгтэй. Бидний харж байгаагаар Бразилийн төрөөс улс, муж, хотуудын түвшинд соёл урлагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд болон соёл урлагийн мэргэжилтнүүдэд /уран бүтээлчдээс гадна бусад мэргэжилтнүүдийг өргөн хүрээнд авч үзэх/ зориулж санхүүгийн арга хэмжээ маш бага, зарим тохиолдолд огт аваагүй. Бразил улстай адил соёл урлагийн салбар нь төрийн төсвөөс санхүүждэг бол тэдгээр улс орнуудын соёл урлагийн байгууллагууд хаагдаж алга болохгүй хэдий ч төсвийн таналт, хүний нөөцийн цомхтгол үйл ажиллагааны хязгаарлалттай ихээхэн тулах болно. Харин хувийн хэвшлийн байгууллагууд болон олон нийтийн соёл урлагийн хөтөлбөрүүд хүнд цохилтод орно. Илүү ноцтой үйл хэрэгт хандивлах хандлага нэмэгдэх тул хувь хүмүүс болон сангуудаас соёл урлагт ирдэг байсан санхүүжилт эрс багасна. (Энэхүү нийтлэлийг гаргах үед Бразилд “Соёлын онцгой байдлын тухай хууль”-ийн төслийг хэлэлцэж байсан. Хууль батлагдсан тохиолдолд Үндэсний Соёлын Сангаас хөрөнгө зарцуулах юм. Тус Сангийн санхүүжилтийг үндэсний хэмжээнд хуваарилж олгох бодлогыг боловсруулах, журам батлах үйл явц нарийн төвөгтэй асуудал байх болно.)
5) Цахим хувилбар
Дэлхийн хүн амын ихэнхийг зай барих, тусгаарлах зохион байгуулалтад оруулсан нь "урлагийн цахим хувилбар" -ыг өдөөсөн: соёл урлагийн агуулга ямар ч төлөвлөлтгүйгээр мөн их хэмжээгээр цахим орчинд шилжсэн. Цахим орчинд шилжих давалгаа хэд хэдэн улсад явагдаж байна. Үүний цар хүрээ ач холбогдол нь газар зүйн байршил болон салбарууд хооронд ялгаатайгаар хуваарилагдах болно. Технологийн өндөр хөгжилтэй орнууд, санхүүгийн боломжтой салбарт цахим давалгаа илүү үр өгөөжтэй байх болно. Энэхүү хямрал нь цахим технологийн хөгжил, хэрэглээний хөшүүрэг болно.
Эхний шатны энэхүү огцом өсөлт нь үзэгчдийн хомсдол, борлуулалтын бууралт болон оюуны өмчийн эрх зүйн асуудал зэргээс болж буурна. Олон нийт болон уран бүтээлч хоорондын харилцаа, сурталчилгааны гол талбар бол цахим орчин байна.
Соёл урлагийн байгууллагын хэмжээ, хамрах цар хүрээнээс цахим технологийн мэргэжилтэн болон үйлчилгээний хэрэгцээний түвшин хамаарна. Цахим агуулга нь одоогийн энэ давлагаа өнгөрсөн ч гэсэн соёл урлагийн төсөл хөтөлбөрийн нэг салшгүй хэсэг болж үлдэнэ. Ингэснээр нэлээд олон байгууллага цахим төлөвшилт, дэд бүтцээр хоцрогдох юм. ЮНЕСКО-гийн үзэж байгаагаар энэхүү цахим давлагаа нь нөгөө талаас цахим ангалыг үүсгэнэ, учир нь угаасаа соёл урлагийн хүртээмж хязгаарлагдмал байсан нийгмийн эмзэг давхарга техник технологийн тэгш бүс байдлаас болж улам их хязгаарлагдалд орно.
6) Төрийн бодлого ба соёлын нийгэм дэх үнэт зүйл
Цар тахлын үеэр болон түүний дараа соёлын салбар нь: "тулгамдсан асуудлын хямрал" –аас болж илүү хэцүү байдалд орно. Хэдийгээр өнөөгийн хямралаас анхаарлыг сарниулах эсвэл сэтгэцийн эрүүл мэндэд ач холбогдолтой байх зүйл нь урлаг гэдгийг тодорхойлсон боловч энэхүү салбарт улс төрчдөөс болон олон нийтээс хөрөнгө мөнгө гаргуулахад бэрхшээлтэй. Мөн Бразилын жишээгээр бол удирдлага болон санхүүжилтийн хязгаарлалтаас болж соёл урлагийн байгууллагууд үйл ажиллагааны царцанги байдалд орсон байна. Уран сайхны болон соёлын бүтээгдэхүүний хэрэгцээ, зах зээл байгаа эсэх нь асуултын дор байна.
Нөгөө талаас соёлын салбарын сегментүүд нэгдэн урьд өмнө байгаагүй нөлөөллийг явуулж төрөөс тодорхой арга хэмжээг шаардаж байна. Тогтмол судалгааг явуулж байгаагүйгээс болж Бразил болон үүний ижил улс орнууд илүү өндөр төлөөсийг төлөх болж байна. Учир нь эдийн засгийн ач холбогдлоос гадна тухайн салбарын нийгэмд үзүүлэх ач холбогдлыг харуулж батлахад бэрхшээлтэй байна.
Амьд гарах нь зохион байгуулалтын асуудал
Хэрэв соёлын салбарыг хямралд ороод байгаа экосистем гэж үзвэл энэ салбарын хүн болон байгууллагуудыг амьд гаргах нь гол анхаарах зүйл юм. Энэ эхний үе шатны дараа бид зайлшгүй эмгэнэлт явдлын хүрээнд гарах үр дагаврыг бууруулахын тулд тэмцэх ёстой. Сандро Дебоногийн хэлснээр салбар болон улс хоорондын хөгжлийн тэгш бус байдлаас эрсдэлийн хэмжээ хамаарах болно. “Чийрэг” /илүү том, тогтвортой, ашигтай соёлын үйлдвэрлэл /байдлаас ирээдүй шалтгаална. Тиймээс тавих ёстой асуулт бол: Хямралд бага өртсөн салбарууд болон улс орнууд бусдад хэрхэн туслах вэ? Газарзүйн саад бэрхшээлийг даван туулах хамтын ажиллагаа, эв нэгдлийн сүлжээг хэрхэн бий болгох вэ? Төрийн бодлогын хүрээнд эмзэг бүлгийн иргэдийн дунд соёлын хүртээмжийн тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Энэ цаг үеийн бидний үйлдэл, хандлага нь соёлын экосистемийн ирээдүйг тодорхойлох болно.
Соёлын байгууллагуудын хувьд зөвхөн өөрсдийгөө аврах, сэргээх төдийгүй соёлын салбар, нийгмийг аврах, сэргээн босгох сорилттой тулгарч байна. Соёлын байгууллагууд өөрийн эрхэм зорилго, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилтийн загварыг эргэн дүгнэж, эрс өөрчлөх шаардлагатай болж болзошгүй юм. Хэрэв энэ цар тахлыг шилжих босго гэж үзвэл дараагийн үе шат бол: дасан зохицох. Дараагийн өгүүлэлд энэхүү шилжилтийн агшинд хэрэгтэй байж болох зарим мэдлэг, хэрэгсэл, тусгалыг нарийвчлан авч үзэх болно.
(Нийтлэлийг https://www.artsmanagement.net/Articles/International-Arts-Management-und-COVID19-The-cultural-ecosystem-endangered олон улсын урлагийн мэдээллийн сайтын эх сурвалжаас хөрвүүлэн орчуулав. Монголын Урлагийн Зөвлөл 2020.09.15)
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19