Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үедээ “Дарханы арьс, ширний үйлдвэр технологийн парк”-ийн ажилтай танилцав.
“Дархан арьс, ширний цогцолбор” ХХК нь 2018 онд Дархан-Уул аймагт байгуулагдсан. Тус компани нь арьс шир, хөнгөн үйлдвэрлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Хонгор сумын нэгдүгээр багт арьс шир, ноос ноолуур боловсруулах цогцолборын үйлдвэрийг 180 га газарт бүтээн байгуулж байна. Арьс, шир боловсруулах цогцолборын төслийн хүрээнд,
1. Бог малын арьс боловсруулах есөн үйлдвэрийг агуулахын хамт,
2. Бод малын арьс боловсруулах дөрвөн үйлдвэр, агуулахын хамт,
3. Ноос, ноолуур угаах, самнах хоёр үйлдвэр,
4. Эсгийний үйлдвэр
5. Жжелатин уургийн үйлдвэр
6. Судалгаа хөгжил, инновацийн төв
7. Үйлдвэрийн зохицуулалттай цэвэрлэх байгууламж зэргийг барихаар төлөвлөн, барилга угсралтын ажил өрнөж байна.
“Дархан арьс, ширний цогцолбор”, Түүхий эдийн бэлтгэл, Дархан арьс шир боловсруулах үйлдвэрлэл төслүүдийн эцсийн зорилго нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд борлуулах юм.
Төслийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хүрээнд Испани, Энэтхэг, ХБНГУ-ын химийн бодисын технологийн зааврын дагуу лаборатори, хагас үйлдвэрлэл, үйлдвэрийн туршилтыг Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран амжилттай гүйцэтгэжээ. Төслийн бүтцийн хувьд “Лидер капитал” ХХК төслийн бүх оролцогч талуудыг нэгтгэн хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд дотоодын компаниудаас гадна Испани Улсын “Консури Лидер” ХХК-тай хамтран бог малын арьс боловсруулах нэг үйлдвэрийг байгуулах юм. Мөн бусад орны туршлага бүхий компаниудтай хамтран ажиллах ажлын хэсэг байгуулжээ. Гадаад худалдааны хувьд Манго, Зара гэх мэт дэлхийн брэндүүдэд арьс, шир нийлүүлдэг Европын томоохон компани болох “Консури лидер” SL- тай урт хугацааны нийлүүлэлтийн гэрээг амжилттай байгуулжээ.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд хоёр хэлхээт цахилгаан түгээх, хангах дэд станц, дулаан хангамж, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, уурын станц, ноос боловсруулах үйлдвэрийн гурван блокын барилга угсралтын ажил, ноос угаах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлууд хийгдэж байна.
Арьс, ширний нэгдсэн цогцолбор байгуулна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх улсын хэмжээнд Арьс, ширний нэгдсэн цогцолбор байгуулахаар зорьж байгаагаа мэдэгдэж, Улаанбаатарт байгаа арьс, ширний 40 орчим үйлдвэрийг нүүлгэж, Дарханы парктай нэгтгэх зорилго тавьж байгаа.
Монгол Улс жилд 10 сая малыг дотоодын хэрэгцээнд эдийн засгийн эргэлтэд оруулдаг бөгөөд Арьс, ширний нэгдсэн цогцолбор байгуулснаар дээрх тооны малын арьс, ширийг боловсруулах юм.
Баруун бүсээс арьс, шир татахад дэд бүтцийн хувьд хүндрэлтэй байх учир Ховд аймагт Арьс, ширний цогцолбор байхаар төлөвлөн ажиллаж байгаа. Ховд аймагт баригдаж буй “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк нь 3000 тонн ноос, ноолуур боловсруулах, 3 сая арьс ширхэг шир боловсруулах хүчин чадалтай байх аж.
Дарханы арьс, ширний паркт түшиглэн цаашид энэ чиглэлийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг нэгтгэн, Дархан аж үйлдвэр, агротехнологийн мэргэжил, сургалт үйлдвэрийн төв байгуулахаар төлөвлөсөн байна.
Мөн энэ салбарын ажилчдын хорооллыг 7.3 га газарт байгуулахаар төсөл сонгон шалгаруулжээ. Эхний ээлжинд нийт 918 айлын орон сууцыг барих аж.
10 сая ширхэг арьс шир, 10000 тонн ноос, 3000 тонн ноолуур боловсруулах хүчин чадалтай "Дархан арьс ширний цогцолбор" ийн ашиглалтад орсноор малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнэ өснө гэж үзэж буй. Малчдын хувьд арьс, шир үнэгүйдэж, энэ чиглэлийн боловсруулах үйлдвэрлэл уналтад ороод байгаа энэ үед дундын зуучлагчгүйгээр эцсийн үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ шууд нийлүүлэх боломж гарах юм. Ингэснээр арьс, ширний үнэ 6-8 дахин өснө.
Тухайлбал, үнэгүйдэх дөхсөн хонины нэхий 14 ам.долларт хүрнэ гэж тооцож байгаа юм байна. Цаашлаад бүтээгдэхүүнд шилжүүлбэл, 100 гаруй ам.долларт хүрч, нэмүү өртөг шингэх юм.
Мөн дэлхийн арьс, ширний салбарт нэр хүнд бүхий гадаадын компаниудтай шууд хамтран ажилласнаар Монголын арьс, ширний салбарт олон улсын менежмент нэвтрэх боломж нээгдэнэ.
Арьс боловсруулах олон улсын технологи, ноу-хау нэвтэрснээр өнгөрсөн хоёр сарын хугацаанд монгол малын арьсанд тохирох, олон улсын стандартын шаардлага хангахуйц технологийг боловсруулж, эхний туршилтын бүтээгдэхүүн гаргаснаа албаныхан Ерөнхий сайдад танилцуулав. Урт хугацааны нийлүүлэлтийн хүрээнд гэрээний дагуу энэ онд 600 мянган ширхэг богийн арьс Испани улс руу илгээх аж.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан энэ үеэр тус салбарыг ирэх жилүүдэд хөгжүүлэх дунд хугацааны бодлогоо танилцуулсан.
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тулгуурлан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогыг тодорхойлжээ.
З.Мэндсайхан сайдын хэлснээр Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллана гэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх арьс, ширний үйлдвэр, технологийн паркийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад шаардлагатай арга хэмжээг цаг хугацаанд авч ажиллахыг салбарын сайд болон хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Санхүүжилтийн хувьд хүндрэл, хоцрогдол гарахгүй бол арьс, ширний паркийн цэвэрлэх үйлдвэр, дэд бүтэц ирэх жилийн намар бүрэн дуусахаар бүтээн байгуулалт өрнөж байна.
Сэтгэгдэл ( 6 )
ene humuus yamar teneg bolsin be yum hj bhad demjih durguu bol duugai bgaasai
chinii huudiin arisaar sandalni burees hiigeed deer ni suugaad ugana gevel chamd goyo sanagdah baihnee?
delhii dahin amid amitani aris edlellees tatgalzaj baihad yaasan muu yortoi humuus be
түүхий эд арьс ширээ үнэтэй зарах тусам монголдоо эцсийн бүтээгдэхүүн үнэтэй болж үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ авч дэмжиж чадахгүй
Пиджак дотор нь нэг юм түхийгээд байх чинь нөгөөдөхөө зүүчихсэн л тууж явна кк
Сэрчихэлгүй, энэ хэвээрээ л зүүдлээд байхсан.