Д.Жаргалбаяр: Хамрын гоо сайхны мэс заслыг сонирхсон хүмүүс их ирж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

“SM” эмнэлгийн ерөнхий эмч Анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч, Д.Жаргалбаяртай хамрын өвчлөл мөн хамрын гоо сайхны мэс заслын талаар ярилцлаа.
 


-Монгол Улсад чих хамар хоолойн өвчлөл хэр байна вэ?

-Чих хамар хоолойн өвчлөл бол амьсгалын дээд замын өвчлөл. Амьсгалын дээд зам гэдэг нь хүрээлэн байгаа орчноос шалтгаалж хамгийн эхний цохилтод өртөж байдаг. Тиймээс 0 наснаас эхлээд өндөр настан ч өвдөж болдог. Энэ нь амьсгалын дээд зам буюу амьсгалах үйл ажиллагаатай холбоотой. Хоёрдугаарт, чих хамар хоолойн эрхтэнүүдэд хүний таван мэдрэхүйн гурав нь байгаа. Мэдрэхүйн эрхтэн учраас бүх насны хүмүүст амьдралынхаа туршид өвдөх эрсдэл үүсгэдэг. Дэлхий дээр хамгийн эрс тэрс уур амьсгалтай бүсэд оршдог улс орнуудын нэг нь Монгол Улс. Монгол Улсад нэг хоногт хэлбэлзэх агаарын температур 15 хэм байдаг. Зарим тохиолдолд 20, 30 хэмээр хэлбэлзэхийг үгүйсгэхгүй. Зарим хүн "Жилийн дөрвөн улирлыг нэг хоногт үзлээ” гэж ярьдаг. Энэ нь хэлбэлзэж буй агаарын хэмтэй холбоотой юм. Зөөлөн чийглэг уур амьсгалтай орнуудад хэлбэлзэх температур арай бага 5-10 хэм байдаг. Гэтэл энэ эрс тэс хуурай уур амьсгал нь манай орны хувьд хүн амын чих, хамар хоолойн өвчлөлөөр өвчлөх шалтгаан болж байдаг.

-Таны дурдсан шалтгаанаас гадна орчны бохирдол, амьдралын хэв маяг нөлөөлдөг байх?

-Хүрээлэн байгаа орчны бохирдол болон, хувь хүний амьдралын хэв маяг, ажлын байрны нөхцөлөөс шалтгаалдаг. Монгол Улс уул уурхайн орон болж байна. Уул уурхай, үйлдвэржилт чихэнд ямар хор уршигтай вэ гэхээр үйлдвэрийн шуугиан, тоосжилт нь сонсгол бууралт болон амьсгалын замд нөлөөлдөг. Амьдралын хэв маягаас гадна тоосжилт, хоол хүнс тэжээлийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл бий. Суурин амьдралтай холбоотойгоор харшил нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдэд агаарын бохирдол, орон сууцны бүгчим байдлаас үүдэлтэйгээр нармайн махны томрол үүсэх нь нэмэгдсэн байна. 

-Хоол, хүнсний төрөл олон болохын хэрээр сөрөг үр дагавар дагуулж байгааг эмч нар ярих боллоо. Хоол, хүнсний хэрэглээ чих, хамар, хоолойн өвчлөлд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Төрөл бүрийн гажиг нэмэгдэж байна. Үүний дотор төрөлхийн дүлий, бусад гажигууд, олон эрхтэнийг хавсарсан өвчлөл нэмэгдэж байна.

-Хотын хүн амын ихэнх нь харшилтай болчихлоо. Ийм хүмүүст хожим ямар өвчлөл бий болох вэ?

-Улирлаас шалтгаалдаг ургамлын тоос, хүйтний гэх мэт харшилтай хүмүүст харшлаас үүдэлтэй хүндрэл өгөх нь харьцангуй бага байдаг. Харшил өдөөгч хүчин зүйл нь багасаад ирэхээр зовиур нь багасдаг. Ийм үед мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө аваад явж болдог. Байнгын харшилтай хүмүүс байдаг. Жишээ нь, гэрийн тоосны харшилтай хүн байнгын харшилтай явдаг. Ийм хүмүүс эмчид үзүүлж, зөвлөгөө аваад, сорил тавиулан, юунаас шалтгаалж байгаагаа мэдэж болно. Харшил сэдрээгч хүчин зүйлээс хол байвал харшил хөдөлдөггүй. Тиймээс амьдралынхаа хэв маягийг нэлээд өөрчилнө гэсэн үг. Тэгж байж хамрын харшил, улирлын харшил, өлөн тоосны харшлаас сэргийлж чадна.

-Харшил хөдөлсөн, хамар битүүрсэн үед хамрын дусаалга их хэрэглэдэг. Хамрын дусаалгыг зохистой хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэх нь ямар хор нөлөөтэй байдаг вэ?

-Дусаалгууд дотроо олон янз байдаг. Дэлхий дээр 30 гаруй төрлийн эмийн бодистой дусаалга байна. Манай Монголд миний мэдэж байгаагаар 7-8 төрлийн дусаалга байна. Ихэнх дусаалга хамрыг онгойлгох үйлчилгээтэй байдаг. Ийм үйлчилгээтэй дусаалгыг аль болох богино хугацаанд хэрэглээд болих ёстой. Хүмүүс хэдэн сар, жилээр хэрэглэсэн байдаг. Ийм тохиолдолд хамрын салст дотор байдаг эсүүд гэмтдэг. Ингэснээр бортогон эсүүд гэмтэж, хамрын дусаалгаа дахин дахин хэрэглүүлэх гээд байдаг нөхцөл байдал үүсгэдэг. Хамрын дусаалгыг зохистой хэмжээнд, эмчийн заавраар хэрэглэх ёстой.

-Бортогон эс гэмтсэнээр ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Бортогон эс гэмтсэнээр агших, шүүрэх процесс алдагдаж, шүүрэл их ялгардаг. Хамрын самалдаг дотор хэд хэдэн эс бий. Бортогон эс, хундаган эс гэх мэт хэд хэдэн төрлийн эс байдаг. Эсүүд гэмтээд ирэхээр эсийн замбараагүй ургалт үүсэж, гайморитаар өвчлөх нөхцөл үүсдэг. Гайморитын шалтгааны нэг нь хамар битүү удаан явснаас үүснэ.
 


-Гайморит хүндэрсэн тохиолдолд хүний амь насанд хүрэх аюултай байдаг шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Гайморит буюу хоншоорын хөндийн үрэвсэл нь архаг болон хурц гэсэн хоёр янзаар явагддаг. Архаг үрэвсэл нь удаан хугацаанд явагдаж байгаа болон 14 түүнээс дээш долоо хоногт явагдаж байгаа үрэвслийг хэлдэг. Хурц үрэвсэл гэдэг нь 7-14 хоног доторх идээт үрэвслийг хэлнэ. Ихэвчлэн хурц үрэвслийн үед тархины идээт үрэвсэл буюу менингит бий болдог. Архаг үрэвсэл нь нэг хоёр жил явж байгаад хурцаар сэдэрдэг. Ингэхээр илүү хоруу явцтай болж хүндэрнэ. Бага насны хүүхдэд ясны хөгжил сул явагдаж байдаг учраас тархины хүндрэлээр хүндрэх магадлал өндөр болно. Иймд хамрыг нь байнгын цэвэрлэж байх ёстой. Хамар онгойлгож, нусыг нь цэвэрлэж байх ёстой. Ингэснээр амь насны заалттай өвчлөлүүдээс сэргийлдэг юм.

-Танай эмнэлэг дээр ирж байгаа өвчтөнүүд ихэвчлэн ямар зовууртай ирж байна вэ?

-Хамрын талаас бол ихэвчлэн гэмтлийн шалтгаантай хамрын битүүрэл, харшлын шалтгаантай хамрын битүүрэл, хамрын дайвар хөндийн үрэвслийн архаг болон хурц өвчлөл их байна. Мөн гоо сайхны мэс засал сонирхсон иргэд нэлээд хувийг эзэлдэг.
 


-Гоо сайхны мэс заслуудаас алийг нь илүү хийлгэж байна вэ?

-Хамрын болон нүүрний гоо заслын мэс засал гэдэг бол өвчтэй биш эрүүл хүн гаднах төрхөө өөрчлөх зорилгоор хийлгэж байгаа мэс заслыг хэлдэг. Ахимаг болон ид насныхан залуужуулах мэс засал сонирхдог. Залуу охид, хөвгүүд илүү хөөрхөн болох зорилгоор хийлгэдэг. Үйлчлүүлэгчийн хүсэлт дээр үндэслээд гоо сайхны эмчтэйгээ нэг шийдэлд хүрч засуулахыг гоо сайхны мэс засал гэж хэлж байгаа юм. Сүүлийн үед хамрын болон нүүрний гоо сайхны мэс засал, тэр дундаа 50-иас илүү хувь нь хамар болон нүдний мэс засал хийлгэдэг болсон. Хамрыг тусгай орлуулагч ашиглан өндөрлөж болно. Эсвэл тухайн хүний мөгөөрсийг ашиглан хамрын хэлбэр засч болдог.

-Гоо сайхны мэс засалд орох сонирхолтой бүсгүйчүүд сэтгэл санаагаа хэрхэн бэлдэх ёстой вэ?

-Гоо сайхан гэж юу болохыг тодорхойлоход их хэцүү. Миний бодлоор тухайн хүн өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх хэлбэрийг олж өгөх нь гоо сайхан. Хүн өөрийнхөө төрхөнд сэтгэл хангалуун явах ёстой. Сэтгэл зүйн хувьд бэлтгэлгүй, бусдын үгээр явдаг хүмүүс олон байдаг. Гоо сайхны хагалгаа хийлгэсэн хүн таван хүнтэй уулзахад хоёр нь гоё байна, нэг нь муухай байна, хоёр нь гоё ч юм шиг, муухай ч юм шиг гэж хэлдэг. Гэтэл өнөөх хүн маань муухай байна гэж хэлсэн дээр нь ач холбогдол өгөөд, сэтгэлээр унах талтай. Гэтэл муухай байна гэж хэлсэн хүн бол өөрийнхөө үзэмжээр л бусдыг харж байгаа. Тиймээс та өөрөө өөртөө л сэтгэл хангалуун байх ёстой.

-Та сард хэдэн удаа хамрын гоо сайхны хагалгаа хийж байна вэ?

-Миний хийдэг мэс заслын төрөл олон байдаг. Хамрын гоо сайхны хагалгааны хувьд өдөрт дунджаар нэг гэж тооцвол сард 20 хагалгаа хийдэг. Бусад хагалгаа давхар ордог, чих, хоолойн мах авах гэх мэт олон төрлийн хагалгаа хийдэг.

-Гоо сайхны мэс заслаар мэргэжил эзэмших гэж байгаа залуус хаана мэргэжил дээшлүүлбэл оновчтой вэ?

-Хүний хамрын хэлбэрийг Ази, Кавказ, Европ гэж хуваадаг. Ази хамрын хэлбэртэй хүмүүсийн хамрыг ихэвчлэн өндөрлөдөг. Харин Кавказ, Европ хамрыг багасгадаг. Тэгэхээр өндөр хамартай иргэдтэй улсад суралцаад ирсэн эмч Монголд хагалгаа хийвэл чадвар дутагдана. Гоо сайхны хагалгаагаар өндөр хөгжсөн улс бол Өмнөд Солонгос юм. Үүнээс гадна монгол хүнтэй хамгийн адилхан төрхтэй хүмүүс Солонгост байдаг. Тэгэхээр БНСУ-д суралцаад ирсэн эмч нар монгол хүнд хагалгаа хийхэд дөхөм байдаг. Би Өмнөд Солонгос болон хэд хэдэн орноор явж, туршлага судалж үзсэн учраас нүүрний мэс заслаар мэргэжил эзэмших гэж байгаа залуус маань Өмнөд Солонгос явж судлах хэрэгтэй гэж зөвлөе. Нөхөн сэргээх мэс заслаар бол Европ, Америк тивд суралцаж болно. Хамгийн гол нь гоо сайхан сонирхож байгаа бол Ази талдаа суралцсан хүмүүс дээр очиж, зөвлөгөө авсан нь дээр болов уу.

-Хамраа өндөрлүүлэх гэж байгаа хүн ямар аргаар гоё болох боломжтой вэ?

-Мэсийн болон мэсийн бус аргаар өндөрлүүлж болдог. Мэсийн бус арга гэдэг нь хамрын утас, дүүргэгч /филлер/ хэрэглэж болно. Мэсийн арга нь хагалгаа хийлгэнэ гэсэн үг. Аль алинд нь давуу болон сул тал бий. Мэсийн бус арга нь өвчин зовуур багатай боловч шимэгдэнэ, барих хугацаа бага. Дараа нь мэсийн аргаар хамраа янзлуулна гэхээр хүндрэл өгөх магадлал өндөр. Халдвар, буглаа, хамрын гоё хэлбэр үүсэх зэрэгт нөлөөлдөг. Ялангуяа мэс засалчид утас болон филлер хийлгэсэн үйлчлүүлэгчид мэс засал хийхдээ болгоомжтой ханддаг. Мэс заслын дараа хамар нь овон товон болдог учраас үйлчлүүлэгчид тайлбарлаж өгдөг.
 


-Хамрын таславч болон ясны хугаралтай хүн заавал мэс засалд орж байж эмчлэгдэх үү?

-Хамрын таславч болон ясны хугарал, гэмтэл, мурийлттай хүмүүс 100 хувь мэс заслын заалттай байдаг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн тарилга, утас зэргээр нөхөн сэргээгдэхгүй. Тиймээс хамар мөгөөрсний гэмтлийг заавал мэс заслын аргаар янзална.

-Хамраа хэрхэн арчлах ёстой вэ. Ялангуяа бага насны хүүхдийн хамрыг арчлах тал дээр эцэг, эхчүүд мэдээлэл муутай байдаг шүү дээ?

-Хамрын анатомийн хувьд өөрчлөлтгүй, өвчлөлгүй хүн бол амьсгалын дээд замын өвчлөл буюу ханиадаа бүрэн гүйцэд эмчлэх, хамрын дусаалга, угаалгыг зохистой тунгаар, эмчийн заавраар хэрэглэх ёстой. Сүүлийн үед далайн давс гэж ярьж байна. Энэ нь хамрын хөндийг чийгшүүлэх, угаах, хамрын самалдагт наалдсан гаднын тоос шороо нян бактерийг богино хугацаанд угааж гаргах, цэвэрлэх зориулалттай тул өглөө оройд угааж хэвших хэрэгтэй. Ялангуяа утаатай, тоос шороотой үед зохимжтой. Гэхдээ бага насны хүүхдийн хамрыг угаах нь дунд чихний өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Ер нь ном журмаараа бол дөрвөн наснаас доош настай хүүхдийг далайн давс, натриар угааж болохгүй. Харин нусыг нь дэвтээж байгаад зориулалтын нус сорогчоор цэвэрлэж болно. Хүүхэд гэдэг бол жижигрүүлсэн хүн биш. Анатомийн хувьд нас биед хүрсэн хүнээс өөр байрлалтай байдаг. Жишээ нь, хамар, чих хоёр сувгаар холбоотой. Хүүхдийн суваг өргөн, богино, налууны хэмжээ нь тэгшхэн шахуу, амсар нь том байдаг. Том хүнд дээр болохоор градус налуу, суваг нь нарийсаад өөр болж ирдэг. Бага насны хүүхдийн чих өвдөх эрсдэлтэй тул даралттай угааж болохгүй. Харин ариун уусмал, натриар шингэлж байгаад нусыг нь соруулж авах нь зөв.

-Танай эмнэлгийн онцлог юу вэ?

-Манай эмнэлгийн онцлог гэвэл таван давхар эмнэлгийн зориулалтын байр байна. Хоёрдугаарт, мэргэжлийн боловсон хүч байна. Гуравдугаарт, нөхөн сэргээх болон гоо сайхны эмчилгээг хавсарч хийдгээрээ онцлог. Бусад эмнэлэг дан ганц гоо сайхан, эсвэл нөхөн сэргээх талаа барьдаг. Нүүрний гоо сайхны мэс засал, чих хамар хоолой, толгой, хүзүүний нөхөн сэргээх мэс заслыг хавсарсан мэргэжил эзэмшсэн эмч Монгол Улсад цөөхөн. Цөөхөн боловч бие дааж үйл ажиллагаа явуулж байгаа нь бараг манай эмнэлэг юм.

FACEBOOK: SM Plastic Surgery Hospital

Top