...Манах зүүдэнд минь эрхэлж дандаа ирдэг, Мартахын чиг аргагүй хүний сайхан үр ээ...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 18

 

Бямбаагийн Лхагвадорж

МЗЭ-ийн 80 жилийн ойд зориулсан анхны номын уралдаанд “Сар гуниглах анир” номоороо айргийн тавд давхисан, авьяаслаг залуу шүлэгч Б.Лхагвадорж Дорнын шаргал говийн унага бүлгээ. Түүний шүлгүүд гэгээн хайраар нэвт гэрэлтэж байдаг юм. Ууган номынх нь шүлгүүдээс уншигч танаа өргөн барилаа.

 

Мартахын аргагүй хүний сайхан үр

 

Зүрхэнд эргэх орон зайд

Яруу уянга тодорно

Зүр гур эрхлэх талын хаяанд

Манан буусан харагдана

Шаргал гэгээт дорнын намуухан үүрээр ганцаар алхаж

Шанхны үзүүрт зөөлөн амьсгал шүргэсэн үдшийг дурсана

Агаарын урсгал сөрж шувууд жиргэх

Амьдралын шинэ хуудас эргэж байна

Ийм тунгалагхан өглөөг цугтаа угтсан

Их догдлол хязгааргүй оршино

Цаг хугацаа азнасхийж

Зүрхний минь цохилтыг чагнаад

Цаг алслан холдовч

Мартахын учиргүй дурсамж байхыг мэдэрнэ

Залуу наснаас минь урт он жилүүдэд

Чамайг би хайрлаж

Замилан хорвоо хөнгөн догдлоод

Яасан агуу сэтгэл вэ гэж гайхна

Манах зүүдэнд минь эрхэлж дандаа ирдэг

Мартахын чиг аргагүй хүний сайхан үр ээ...

 

Хаврын анхны бороо

 

Хайрын гэгээн бороо санаандгүй суутал асгарлаа

Хаврын анхны бороог чи минь надад илгээжээ

Гэнэтхэн нэг их догдлол төрөөд

Гэртээ тогтохгүй баахан алхлаа

Гэрэлт ирээдүй гараа дэлгэн тосож

Гэргий минь намайг хүлээх ирэх өдрүүд уянгална

Гуниг гэдэг хаашаа ч одсон юм мэдэхгүй

Гудамжаар зөрөх хүмүүс ч жаргалт нүдээр мишээнэ

Гургалдай дуугаа дуулах урин цаг дэргэд ирээд

Гурван үг сэтгэл дундуур орж гарч тэнүүчлэнэ

Хайрын гэгээн бороо санаандгүй суутал асгарлаа

Хаврын анхны бороог чи минь надад илгээжээ

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top