ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 09 сарын 23

Өнөөдөр 2020.09.23. Энэ оны 267 дахь өдөр бөгөөд он дуусахад 99 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 41 минутад мандлаа. 18 цаг 48 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 17 хэм дулаан, шөнөдөө 3 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хүүхдүүд дунд сургуулиа төгсөхгүй байх явдалтай тэмцэх олон улсын өдөр. Улс орнуудаас Литвад өнөөдөр Холокостын хохирогчдыг дурсах өдөр бол Киргизэд Киргиз хэлний өдөр, Саудын Арабд Үндэсний баярын өдөр, Брунейд багш нарын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Шведийн зохиолч Пер Улов Энквист, Польшийн жүжигчин Януш Ежи Гайос, Испанийн дуучин Хулио Иглесиас, Америкийн рок хөгжимчин Брюс Спрингстин, Италийн хөл бөмбөгч Паоло Росси зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1923 оны энэ өдөр Болгарт Есдүгээр сарын бослого эхэлжээ.

1937 оны энэ өдөр хойд хөршийн Архангельск, Вологодск муж байгуулагдав.

1981 оны энэ өдөр Канадын Квебекд англи хэл дээрх зурагт хуудсыг хориглож байжээ.

1989 оны энэ өдөр азербайжан хэл Азербайжан улсын албан ёсны хэл болов.

2002 оны энэ өдөр Бельгид хүнд өвчтэй хүмүүсийн нас барахын өмнөх өвдөлтийг хөнгөвчлөх үүднээс өөрсдийнх нь хүсэлтээр нойрсуулах тухай хуулийг баталжээ.

Өнөөдөр үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Энэ өдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв зүйд хянамгай хандууштай. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай юм.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top