ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 09 сарын 24

Өнөөдөр 2020.09.24. Энэ оны 268 дахь өдөр бөгөөд он дуусахад 98 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 42 минутад мандлаа. 18 цаг 46 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 18 хэм дулаан, шөнөдөө 5 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Америкийн сансрын нисэгч Жон Янг, Оросын жүжигчин Наталья Аринбасарова, Америкийн кино найруулагч, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт Брэд Бёрд, жүжигчин Элоиза Мамфорд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1995 оны есдүгээр сарын 23-25-нд Сүхбаатар хотод хүчтэй цасан шуурга болжээ. Энэ үеэр эрчим хүчний дөрвөн дэд станц унаж, 20 мянга орчим мал, 10 орчим малчин амиа алдаж, хилийн шугамын олон багана унаж, улсад олон сая төгрөгийн хохирол учирчээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1934 оны энэ өдөр Оросын “Үнэн” сонин анх удаагаа Сталиныг агуу удирдагч гэж бичжээ.

1948 оны энэ өдөр “Хонда Мотор” компани үүсгэн байгуулагдав.

1968 оны энэ өдөр Свазиленд НҮБ-д элсжээ.

1979 оны энэ өдөр Зөвлөлтийн тамирчид болох Людмила Белоусова, Олег Протопопов нар Швейцараас улс төрийн орогнол хүсэв.

1998 оны энэ өдөр Францын Лионд анх удаагаа хүний гар шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.

Өнөөдөр үс засуулвал нас уртасна.

Энэ өдөр бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв зүйд хянамгай хандууштай. Эл өдөр гэр, байшингийн суурь тавих, гараг тахихад сайн. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлээрэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа юм.

Хол газар явах гэж байгаа хүмүүс хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top