Долоон ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг ХҮЧИНГҮЙ болгожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит  хуралдаан болжээ. Хуралдаанаар Үнэт цаас, Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэл, Банк бус санхүүгийн байгууллага зэрэг Хорооны зохицуулалтын таван газраас оруулсан тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг бүртгэх тухай зэрэг нийт 28 асуудал хэлэлцжээ.

Энэ удаагийн хуралдаанаар “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд таван компанид, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 10 иргэн, хоёр хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл, нэг компанид даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэжээ.

Мөн нэр бүхий нэг компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, нэг компанид хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус, тус шийдвэрлэсэн байна.

Харин хадгаламж зээлийн таван хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бол нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, хадгаламж зээлийн  долоон хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр хүчингүй болгожээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top