Гишүүд Тавантолгойн төмөр замтай танилцав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд есдүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймагт, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцжээ.

Энэ чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжлэх бөгөөд хоёр өртөө, зургаан  зөрлөгтэй баригдана.

Уг төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй гэдгээрээ онцлогтой юм. Уулзваргүй замын гагнуур нь Монголд өмнө нь хийгдэж байгаагүй. Нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, 8 малын гарцтайгаар баригдаж байгааг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэлж байлаа.

Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгч "Бодь интернэшнл" ХХК ажиллаж байна. Одоогоор тус чиглэлийн төмөр замын төсөлд 321 инженер техникийн ажилтан, 1037 ажилтан, 500 гаруй машин техниктэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Төслийн хүрээнд 208 км төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч, эвдрэл гэмтлийн ажил 100 хувь зассан аж. Дугуй хоолойн ажил, дөрвөлжин хоолойн ажил болон мал амьтны гарцын ажил бүрэн дууссан байна. Харин гүүрийн ажил 45 хувь, нийтдээ доод бүтцийн ажил 97.8 хувьтай бол дээд бүтцийн ажил 40 хувь буюу 85 км төмөр замын үеийг угсраад байгаа юм. Барилгын ажлыг 2022 оны  долоодугаар сарын 1 гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг мөн хэлсэн юм.

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд “Монголчууд анх удаа бие даан төмөр замаа барьж байна. Коронавируст халдварын цар тахлын халдвар манай улсад төдийгүй дэлхий дахинд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа ч бидэнд өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглах таатай нөхцөл бий болгож байна.

Монгол инженерүүдийн ур ухаан, чадвар ямар ч төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхэд асуудалгүй болсныг харуулж байна. Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг улам төгөлдөржүүлэх, менежментийн зөв, оновчтой бодлогыг гаргахад Улсын Их Хурал, Засгийн газар болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана” хэмээн онцоллоо. 

Уг төмөр зам баригдаж, ашиглалтад орсноор жилд 30 сая тонн хүртэлх нүүрс экспортлох боломжтой болж, тээвэрлэлтийг даган Тавантолгой бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолт 2-3 дахин нэмэгдэх нөхцөл бүрдэх юм. 2000 ажлын байр шинээр бий болж, одоогийн экспортын нүүрс тээврийн тонн тутам дахь 32 ам.долларын зардал дөрөв дахин буурна. Нүүрс тээврийн зам дахь автотээврийн осол, зөрчил буурч, иргэдийн амь нас, аюулгүй байдал хангагдана.

Малын бэлчээр сүйтгэх байдал, тоосжилт, дуу чимээ, хөрс агаарын бохирдол үндсэндээ арилах юм. Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлж, эхний 25 жилд 1 тэрбум ам.долларыг төвлөрүүлж, улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэнэ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ганаа (66.181.161.66) 2020 оны 09 сарын 24

БҮХЭЛ БҮТЭН 25 ЖИЛД ГАНЦХАН ТЭРБУМ НОГООН ХАНГАЛТГҮЙ ЮМ БИШ ҮҮ?

0  |  0
Top