Тамирчнаа цаазалсан Ираны эсрэг хориг тавилаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

27 настай сонгомол бөхийн тамирчнаа цаазалсан Ираны эсрэг АНУ зарим хориг арга хэмжээг авчээ. Ираны алдартай бөх Навид Афкари энэ сарын 12-нд цаазлуулсан юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иран улс хүний эрхийг зөрчсөн учир хориг арга хэмжээ авсан талаараа мэдэгдсэн байна.

Навид Афкариг нууцаар цаазлахаасаа өмнө эрүүдэн шүүжээ. Түүнийг 2018 онд эдийн засгийн бодлогын эсрэг жагсаалд оролцсон хэргээр шүүхээс цаазын ял оноосны дараа Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, ОУОХ болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эрхийг нь хамгаалан дуу хоолойгоо өргөөд амжилт олсонгүй.

Навид Афкаригийн төлөө хамгийн их тэмцсэн байгууллага бол World Players Association юм. Энэхүү байгууллага тамирчнаа цаазалсан Иран улсыг олон улсын олимпын хөдөлгөөнөөс хасахыг ОУОХ-нд уриалсан юм. Тус байгууллага “Навидын хийсэн ганц хэрэг бол дэглэмийн эсрэг жагсаалд оролцсон явдал. Түүнийг цаазаар авахын эсрэг хүний эрхийн төлөөх байгууллагууд тэмцсэн. Харамсалтай нь Ираны Засгийн газар түүний амь насыг хөнөөлөө. Навидыг шийтгэж, бусад хүмүүсийг айлгах зорилготой алхам гэж бид үзэж байна. Харин бид түүний дурсгалыг хүндэтгэж, дахин ийм үйл явдал гаргахгүйн төлөө хамтдаа нэгдэх ёстой. Түүний тэмцэл, амь нас дэмий өнгөрөөгүй гэдгийг харуулах хэрэгтэй” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top