ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 10 сарын 01

Өнөөдөр 2020.10.01. Энэ оны 275 дахь өдөр бөгөөд он дуусахад 91 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 52 минутад мандлаа. 18 цаг 32 минутад жаргана.

Улаанбаатарт түр зуурын бороотой. Өдөртөө 1 хэм дулаан, шөнөдөө -10 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын ахмадын баярын өдөр. Мөн Дэлхийн цагаан хоолны өдөр, Олон улсын эмч нарын өдөр тохиож байна. Гаднын улс орнуудаас өнөөдөр Хятадад БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын өдөр бол Өмнөд Солонгост Зэвсэгт хүчний өдөр, ОХУ-д Хуурай замын цэргийн өдөр, Кипр болон Нигерид Тусгаар тогтнолын өдөр, Узбекистанд Багш нарын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, дуучин Жули Эндрюс, Францын кино найруулагч Жан-Жак Анно, Америкийн жүжигчин, “Алтан бөмбөрцөг”-ийн шагналт Рэнди Куэйд, Оскарын шагналт Бри Ларсон, Их Британийн Ерөнхий сайд асан Тереза Мэй, Либерийн Ерөнхийлөгч, хөл бөмбөгч Жорж Веа, Оросын жүжигчин Чулпан Хаматова зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр “Ардын эрх” сониныг гаргаж эхэлжээ. Долоо хоногт нэг удаа хэвлэгдэж байсан энэхүү сонинд тэр үеийн боловсролтой сэхээтнүүд олон талт агуулга, сэдэв бүхий ухуулан таниулах, таниулан мэдүүлэх чиглэлээр нийтлэл бичдэг байв. Сонины анхны эрхлэгчээр Ц.Дамбадорж ажиллаж байжээ.

1935 оны энэ өдөр МҮЭ-ийн III их хурал хуралдаж, Кино зургийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргав.

1957 оны энэ өдөр Монголын цахилгаан мэдээний газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх тусгай газар болгон, товчилсон нэрийг МОНЦАМЭ байхаар тогтжээ.

1980 оны энэ өдөр Монголын пионерийн удирдагчдын улсын анхдугаар чуулган болов.

1980 оны энэ өдөр МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолоор Монгол, Хятадын хил судлах ажлын хэсгийг байгуулжээ.

Мөн Монгол-Зөвлөлтийн улсын хилийн дэглэм, хилийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурав.

2000 оны энэ өдөр Орон нутгийн сонгууль болж, МАХН ялалт байгуулж байлаа.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1971 оны энэ өдөр Флоридад дэлхийн хамгийн том зугаа цэнгэлийн газар “Дисней-ворлд” нээгджээ.

1994 оны энэ өдөр Палау тусгаар улс болов.

2017 оны энэ өдөр Каталон тусгаар улс болох эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт болжээ.

Өнөөдөр үс засуулвал өлзийтэй сайн.

Энэ өдөр тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх, эрдэнийг гадагш өгөхөд тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top