ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Өнөөдөр 2020.10.05. Энэ оны 279 дэх өдөр бөгөөд он дуусахад 87 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 57 минутад мандлаа. 18 цаг 24 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 6 хэм, шөнөдөө -7 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн Багш нарын өдөр. Вануатуд өнөөдөр Үндсэн хуулийн өдөр бол Боливд Инженерүүдийн өдөр, Португалд Бүгд найрамдах улсын өдөр, Индонезид Зэвсэгт хүчний өдөр, Тажикистанд Төрийн хэлний өдөр юм.

Энэ өдөр Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонов, Америкийн жүжигчин Дэниел Болдуин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт жүжигчин Кейт Уинслет, авто уралдаанч Майкл Марио Андретти, Канадын хоккейч Марио Лемьё, Патрик Руа, Их Британийн жүжигчин Гай Эдвард Пирс, Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1925: БНМАУ-ын III Бага хурал хуралджээ.

1942: Монгол Улсын анхны их сургууль байгуулагдав. МУИС-ийн нээлт “Ленин” клубт болж, Ерөнхий сайд Х.Чойбалсан, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, Улаанбаатар хотын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд нар оролцож, үг хэлжээ.

2010: Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний VIII уулзалтад оролцов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1910: Португал улс бүгд найрамдах улс болжээ.

1962: Их Британид “Beatles”-ын анхны сингл “Love Me Do” гарав.

Өнөөдөр үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө.

Энэ өдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм, дуганыг сэргээх, газар, лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн бол ургаа мод таслах, гөлөг тэжээх, байшингийн суурь тавихад тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top