Уул уурхайн салбараас 3.4 их наяд төгрөг олно

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

-Ирэх онд зэсийн ханшийг 6500 ам.доллар, нүүрсийг 73 ам.доллар байхаар төсөөлжээ-

Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлд 11.8 их наяд төгрөгийн орлого тусгаад байгаа. Үүний 3.4 их наяд буюу 26 орчим хувийг уул уурхайн салбараас төвлөрүүлэх гэнэ. Олон улсын байгууллагуудаас гаргасан түүхий эдийн үнийн таамаглал, Тавантолгой, Оюутолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын олборлолтын төлөвлөгөөнд үндэслэн ийн тооцсон байна. Тухайлбал, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-өөс 1.6 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо байгаа юм. Зэсийн баяжмалаас 778.6 тэрбум төгрөг, нүүрснээс 552.6 тэрбум, алтнаас 185.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлснээр дээрх хэмжээний орлого олох аж. Тоо хэмжээний хувьд энэ оны төлөвлөсөнтэй ижил хэмжээнд буюу нүүрсний экспорт 42 сая тонн, зэсийн баяжмалын экспорт 1.4 сая тонн, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаах алтны хэмжээ 20 тонн байна гэж үзсэн. Тэгвэл олон улсын бирж дэх зах зээлийн дундаж үнийг нүүрсийг тонн тутамд нь 73 ам.доллар, зэсийг 6500 ам.доллар, алтны үнийг унц тутам 1950 ам.доллар байхаар төсөөлжээ.

Ингэснээр Төсвийн тогтворжуулалтын санд 156 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 1.2 их наяд төгрөг хуримтлуулна. Ирэх оны төсөвт зэс, нүүрснээс төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн орлогын гурваас дээш хувийг бүрдүүлэхээр байгаа. Улмаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу ирэх онд зэсийн тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 5456.1 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 76.3 ам.доллар байхаар тооцсон байна. Олон улсын зах зээл дээр зэсийн дундаж үнэ 6500 ам.доллар байна гэж харжээ. Энэ нь тэнцвэржүүлсэн үнээс 19 орчим хувиар өндөр байх төлөв учраас зэсийн орлогоос Төсвийн тогтворжуулалтын санд 100.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байгаа юм. Тэгвэл Ирээдүйн өв санд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн компаниуд дахь хувьцааны ногдол ашгийн орлогоор 155 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-өөр 990.1 тэрбум төгрөг, хүүгийн орлогоос 35 тэрбум төгрөг, нийт 1.2 их наяд төгрөгийн орлогыг олох өөдрөг гэж болохоор тооцоо хийсэн юм байна. Мөн газрын тосны экспортын нийт хэмжээг 5.8 сая баррель байхаар төлөвлөжээ. Нэг баррель газрын тосны үнийг 47.9 ам.доллар байхаар төсөөлсөн бөгөөд 183.2 тэрбум төгрөг төвлөрүүлэх гэнэ.

Эргэн сануулахад, Засгийн газраас энэ онд уул уурхайн салбараас 3.2 их наяд төгрөгт хүрэхээр тооцсон байдаг. Үүнээс төсвийн нийт орлогын 24.8 хувийг бүрдүүлэхээр төлөвлөсөн боловч гаалийн шинэчлэл бүрэн хэрэгжээгүй, КОВИД-19 цар тахлын нөлөөллөөр зэс, нүүрсний экспорт буурсан юм. Ийнхүү уул уурхайн орлого тасалдсанаар төсөв 4.8 их наяд төгрөгөөр тасалдах хэмжээнд хүрээд байгаа билээ. Засгийн газар энэ онд 42 сая тонн нүүрс экпортолж, төсөвт 1.5 их наяд төгрөг, 1.2 зэс экспортолж 1.2 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөөд байсан юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top